Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн есдүгээр сарын 10-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн  Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харъяа газрын даргаар томлигдогсдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э-Бат-Үүл танилцуулав. Дараа нь өнгөрсөн 8 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд  өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дулаан, цэвэр, бохир усны шугам, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг энэ сард багтаан дуусгах, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг сайтар хангах, Иргэдийн оролцоо – Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн ЗДТГ томоохон өртөг бүхий шугам сүлжээ, бүтээн байгуулалтын болон тендерийн үнэлгээний шатанд байгаа ажлуудад онцгой хяналт тавьж ажиллах, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг хүлээлгэн өгч объект бүрийг хариуцаж арчлан хамгаалах, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах, тарваган тахал, байгалын голомтот халдварт өвчин, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран авах, Холбогдох байгууллагууд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагын ажил нийслэлийн иргэдэд нээлттэй байх зэрэг үүргийг  өгөөд байсан. Энэ үүрэг даалгаврын биелэлтийн тухай мэдээллийг  НЗДТГ-ын Хяналт шалгалт Үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээллээ.

Тэрээр, Дүүргүүдийн болон агентлаг, харъяа газруудын өвөлжилтийн комиссууд өнгөрсөн хугацаанд 2-3 удаа хуралдаж холбогдох байгууллага, нэгж, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажилласан гэдгийг онцлоод, Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 88 хувьтай байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-нээс өмнө үлдсэн ажлуудыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний нийт 79 ажил хийгдэж байгаагийн дотор шинэ 11 ажлаас 7 нь бүрэн дуусч, үлдэх 4 ажлын гүйцэтгэл 22,0 хувь, засвар шинэчлэлийн 67 ажлаас 29 нь бүрэн дуусч, 38 ажлын гүйцэтгэл 35,0 хувийн хэрэгжилттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Мянганы сорилтын сан, Цэвэр агаар төслийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 15 барилга байгууламжийн нам даралтын халаалтын зуухны угсралтын ажлын явцад хяналт шалгалт хийж, 5 зөрчил илрүүлэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа юм байна.  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн 26, 41, 75 дугаар сургууль, 27, 28, 121 дүгээр цэцэрлэгүүд өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй учир хэсэгчилсэн засвар хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатайг бас хэллээ.   
 
Мөн түүний дараагийн мэдээлэл ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийн дулаан хангамж болон завсарын ажлын тухай байлаа.  Нийт 162 сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил хэрэгжсэнээс 2012 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар цэцэрлэгийн засварын 58 ажлаас 37 нь бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга 2011 оны 12 дугаар сард  шатсан тул суурин дээр нь цогцолбор барилга барихаар шийдвэрлэгдсэн ч цахилгааны шон зайлуулах асуудлаас шалтгаалж барилгын ажил хүлээгдэж байгаа аж. Мөн дүүрэгт 500,0 сая төгрөгийн өртөгтэйгээр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө шийдэгдсэн ч техникийн нөхцөл олгох боломжгүйн улмаас гэрээ байгуулалгүй өнөөг хүрсэн байна. Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2012 оны А/553 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд автотехникийн шалган бүртгэх  товчоодод мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийг “Ан амьтдыг хамгаалах” хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллуулан  хөдөө орон нутгаас орж ирж байгаа 82157 тээврийн хэрэгслэл болон ачаа тээш, 20397 зорчигчид тарваганы мах, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзлэг хийж 6 тарвага хураан Багануур дэх Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэн халдваргүйг тогтоолгосон ба хориотой ан агнасанд нь 300,0 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан байна. Мөн ТОЗ-8 маркийн ангийн буу, дуран тус бүр нэг, 7 ширхэг хавх хурааж, 631,8 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулсэн гэдгийг хэлсэн юм.

С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж