Хотын удирдлага цаг үеийн асуудлаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.11-нд нийтлэгдсэн

Хотын удирдлага цаг үеийн асуудлаар хуралдлаа

Нийслэлийн удирдах ажилтнууд өчигдөр шуурхай хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэгийн бэлтгэл, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хэрэгжилтийг хэлэлцлээ. Өвөлжилтийн бэлтгэл нийслэлийн хэмжээнд хангах ажлын явц 88 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 01-нээс өмнө үлдсэн ажлуудыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Мянганы сорилтын сан, Цэвэр агаар төслийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 15 барилга байгууламжийн нам даралтын халаалтын зуухны угсралтын ажлын явцад хяналт шалгалт хийж, таван зөрчил илрүүлэн яаралтай арилгах үүрэг өгсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн 26, 41, 75 дугаар сургууль, 27, 28, 121 дүгээр цэцэрлэгүүд өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй учир хэсэгчилсэн засвар хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан юм. Мөн хурлын үеэр дунд сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дулаан хангамж болон засварын ажлын явцыг хэлэлцсэн юм. Нийтдээ 162 сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил хэрэгжсэнээс өнгөрсөн наймдугаар сарын 30-ны байдлаар цэцэрлэгийн засварын 58 ажлаас 37 нь бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Энэхүү ажлыг түргэвчлэхийг Нийслэлийн засаг дарга үүрэгдэв.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газрын даргаар  томилогдогсдыг танилцуулсан. Тодруулбал,

Нийслэлийн Боловсролын газрын дарга  Ц.Отгонбагана
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга  Ш.Төмөрбаатар
 Нийслэлийн Авто замын газрын дарга  Д.Нанзаддорж
Нийслэлийн Цагдаагийн газрын дарга  Хурандаа, Д.Батжаргал
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн
Усны барилга байгууламж  НӨҮГ-ын дарга С.Майнбаяр
“Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын дарга  Ц.Арсландорж
Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан
Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын дарга   Ч.Бямбажав
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга З.Занданпүрэв
Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгж Ш.Ганхуяг
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат нар томилогдлоо.


НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцно

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгууд дээр бүрэн бус техник ажиллуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн дараалсан осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг явдал гарлаа. Барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, тэдгээрийн эзэд төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас хүний амь нас хохирсон осол гарч байна. Энэ бол мэргэжлийн хяналтын байгууллага маш муу ажиллаж байгаагийн тод жишээ. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь огцруулах тухай хүсэлт гаргаж, МХЕГ-ын дарга Р.Содхүүд хүргүүлсэн байгаа. Харин өнөөдрийг хүртэл ямар нэг хариу шийдвэр өгөхгүй байгаад гайхаж байна. Баянгол дүүрэгт гарсан эмгэнэлт явдалтай холбоотой маргаангүй байгаа нэг зүйл бол Мэргэжлийн хяналтын газар хангалтгүй ажилласан нь тодорхой байна. Ямар ч албан тушаалтан хариуцлага алдсан бол ямар нэг байдлаар шийтгүүлэх ёстой. Танил тал, хэлхээ холбоогоо ашиглан хариуцлагаас мултрах гэсэн зохисгүй үйлдэл гаргахыг би Засаг даргын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.  Ямар нэг арга замаар хариуцлагаас мултарна гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү гэдгийг хатуу анхааруулж байна” гэсэн юм.

Зөвшөөрөлгүй барилгуудад таних тэмдэг тавина

Дүүргүүдийн засаг дарга нарт хариуцсан нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын аюулгүй байдлын үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайд таггүй худаг, ухсан нүх байвал яаралтай таглах, зам засвар болон хот тохижилтын хүрээнд хийгдэх ажлуудыг заавал олон нийтэд урьдчилан мэдэгдэж байх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм. Мөн Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад тусгай таних тэмдэг тавьж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу зохих арга хэмжээг авахыг үүрэг болголоо.

2300 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлнэ

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх аравдугаар сарын 25-ныг хүртэлцогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажлын хүрээнд нийтийн тээврээр зорчигчид нэмэгдэж байгаатай холбогдуулан автобус, троллейбусны паркийг шинэчлэх, нэмэгдүүлэх шаардлагатай  болж байгаа ажээ. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээний 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн ба “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх эхлэл тавигдсан байна.
 Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өсчээ. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах хязгаарыг 25 дугаар эмийн сангаас цааш Саппоро хүртэл сунгах, түүнд ажиллах хяналтын ажилтны тоог нэмэгдүүлэх, троллейбусны зам солих уулзваруудын шугамыг шинэчлэн түгжрэл саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгааг дурьдсан юм. 

Хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цаг үеийн тулгамдсан асуудлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар тодрууллаа.


-Зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Хэзээ дуусах вэ?

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Сургуулиудын засварын ажил ирэх аравдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусна. Одоо гадна тохижилт болон сантехникийн ажлыг хийж байгаа учраас хичээлийн явцад садаа учруулахгүй гэж үзэж байна, төсвийн урдчилан саналыг бид хүргүүлнэ, одоогоор би бүрэн танилцаж амжаагүй байна.

-НИТХ-ын дарга Д.Баттулга:
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд зарим автомашин хуурамч буюу хоёроос гурван улсын дугаартай явж байгаа зөрчил ихэсч байна. Ийм зөрчлийг та бүхэн илрүүлсэн үү, ямар арга хэмжээ авсан бэ?

-Замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайхан: -Улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Бид замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад улсын дугаар бүдгэрсэн, хуурамч улсын дугаартай, улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчил гаргасан жолооч нарыг хатуу хянаж арга хэмжээ авч байна. Хуурамч дугаараар замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил нэг өдөрт дөрвөн ч удаа илэрсэн. Эдгээр жолооч нарт захиргааны хэргийн 25,5-д заасны дагуу жолоо барих эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авсан гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж