-Саммит ямар болов? “АРЕС” танд ямар сэтгэгдэл төрүүлэв ээ?
-Ийм арга хэмжээний ихэнх нь зүгээр л яриа байдаг. Хүмүүс цугларч хамтраад мөнгөө хэрхэх талаар ярилцдаг юм. Ихэнх тийм яриа ерөнхийдөө өөдрөг байдаг. Надад энд хөгжилтэй бөгөөд сонирхолтой, эдгээр ярианаас ямар нэгэн ашиг гарах уу гэдэг нь сонин санагддаг. Гэхдээ боломж бараг байхгүй биз. Хүмүүс цугларч асуудлаа ярьдаг. АРЕС-аас гадна G8-д ч G20-д ч ОУВС-д ч ийм шинж ажиглагддаг. Гэхдээ энэ бүгд нь ихэнхдээ татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрсэн хэрэг юм.
-Өмнө нь та Орост хөрөнгө оруулахаас эрс татгалздаг байсан. Одоо бодлоо өөрчлөө юу? Яагаад?
-Өмнөх жилүүдэд би өөдрөг биш бодолтой байсан. Түүгээр ч барахгүй Орост сөргөөр хандаж иржээ. Харин одоо тэд юу хийж буйг харж байна. Тодруулбал, тэд хөрөнгө татах, хөрөнгийн хамгаалалтын баталгаа ба ашгийн талаар ямар нэгэн зүйл хийхээр ярьцгааж байна. Магадгүй энэ удаа бүтэмжтэй байж ч болно.
-Орос илүү ойлгомжтой болж байгаа хэрэг үү?
-Мистер Путин өмнөх 15-20 жил хэд хэдэн сургамж амссан бололтой. Миний бодлоор, Орос илүү ойлгомжтой болсноос гадна албан тушаалтнууд нь бусад хүмүүсийн адил журмаар тоглох ёстойг мэдэрсэн юм шиг байна. Учир нь эс тэгвээс хэн ч Орос руу хөрөнгө оруулахгүй. Мөнгө хөрөнгөө гадагш аваад л явна. Тэр цагт Орос орны эдийн засаг ч, нийгэм ч оршин тогтнож чадахгүй.
-Оросын эдийн засгийн ямар салбарыг та хөрөнгө оруулалтад илүү таатай гэж үзэж байна вэ?
-Би мөнгөө Орост оруулаагүй л байна. Миний бодож буйгаар мөнгийг аль ч салбарт оруулж болно. Эрчим хүч дутагдалтай, хоол хүнс ч дутагдалтай, саван ч алга байна. Орос бүх зүйлийн дутагдалд орсон байна. Би бол түүхий эдэд хөрөнгө оруулдаг түүхий эдийн зах зээлийг илүүд үзнэ. Ийм хувилбар ч байж болох. Эндээс би юу олно гэдгээс л бүх зүйл хамааралтай.
-Оросын эдийн засаг нефтиэс хамааралтай. Тэндээс уяаг хэрхэн салгаж болох бол?
-Нефтийн нөөц нэмэгддэггүй, харинч хорогдож байдаг. Одоо Орос улс нөөцөө шавхан асар их нефтийг гаргаж байна. Гэхдээ Орост газар нутгийн асар их нөөц байна. Гол нь түүнийг зөв ашиглаж сурах. Мөн тээврийн коридоруудыг хөгжүүлэх боломжтой. Жишээлбэл, Ази, Номхон далайн бүсийг Европтой холбох санааг би гайхамшигтай гэж бодно. Би Сингапурт амьдардаг учир энэ нь Сингапурын бизнест, Орост ямар хэрэгтэйг төсөөлж байна. Ер нь Орос сүүлийн 10 жилд хангалттай ярьлаа. Гэхдээ харамсалтай нь ярьж байснаас нь олон зүйл нь хэрэгжээгүй.
-Та Москва дахь улс төрийн эсэргүүцлээс болгоомжилж байна уу?
-Би бол аль ч газрын улс төрийн эсэргүүцлээс айдаг хүн. Та сонин уншиж байгаа биз дээ?
-Тэгэлгүй яахав.
-Тэгвэл та энд тэндгүй үймэлдэж байгааг мэдэх ёстой. Лондонд жилийн өмнө үймээнтэй л байв. Ер нь эсэргүүцэл жагсаал болохоор л хүнсний үнэ өсдгийг би анзаарсан.
-Харин та улс төрийн эсэргүүцлийг дагаад хөрөнгийн урсгал улс орноос гардгийг анзаарсан уу?
-Тэр нь хөрөнгийн урсгалын нэг гол шинж тэмдэг. Хүмүүс аз жаргал дутаад эхлэхээр хөрөнгөө улс орноос гаргадаг. АНУ уу, Орос уу эсвэл Конго уу гэдэг энд огт хамаагүй. Хөрөнгийн хувьд хоёр зүйл л чухал. Аюулгүйн баталгаа ба ашиг, гэхдээ тус тусдаа биш л дээ. Конгод хичнээн ашигтай байхыг мөрөөдөж л болно. Учир нь тэнд аюулгүйн баталгаа байхгүй учраас хэн ч хөрөнгө оруулахгүй. Мөнгө эхлээд баталгааг дараа нь ашгийг хардаг юм.