Чөлөөт худалдаа, нийгмийн санхүүжилтийг бэхжүүлэх нь дэлхийн хямралыг даван гарах гол хөшүүрэг болно хэмээн өнгөрсөн ням гаригт Владивосток хотноо болсон Ази, Номхон далайн эдийн засгийн бүсийн (АPEC) саммитад оролцсон 21 орны төлөөлөгчид уулзалтын төгсгөлийн тунхаг бичигт дурджээ. Тэд хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд шинэ өдөөлт өгөхийг уриалсан байна.
Уг мэдэгдэлд Европын холбооны удирдлага евро бүсэд итгэх итгэлийг сэргээх зорилготой Европын холбооноос авч буй арга хэмжээнд баяр хүргэв. Уг саммитад оролцогчид дэлхийд хүнсний бүтээгдэхүүний хомсдол гарч буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин хаалтын ёслол дээр хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр найдвартай хангах нь “манай үеийн эрхэм зорилт “ хэмээн онцолжээ.
Тус саммитийн хүрээнд Орос, Япон хоёр байгалийн хий нийлүүлэх тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. Нийтдээ арван тэрбум еврогийн өртөгтэй уг төслийг хэрэгжүүлж эхлэх нь Ази, Номхон далайн бүсийн эдийн засагт онцгой чухал гэдгийг “Газпромын” тэргүүн Алексей Миллер онцоллоо. Япон атомын цахилгаан станцуудаа хааж байгаа нь шахмал хийн хэрэглээг эрс нэмэгдүүлэх нэг ёсны бодлого юм. Европ уламжлал болсон хийн нийлүүлэлтээс гадна Оросын концерн Ази дахь оролцоогоо эрс нэмэгдүүлэх хүсэлтэй бөгөөд энд Японтой хамтын ажиллагаа нь тэргүүлэх шинжтэйг Миллер онцолжээ.
АРЕС-ийн саммитад оролцогсдын гаргасан төгсгөлийн тунхаглалд авлигатай тэмцэх, улсын санхүүгийн системийг бэхжүүлэх, экспортын шинэ хязгаарлалт хийхээс татгалзах талаар чухалчлаад, экологийн бүтээгдэхүүний барааны жагсаалтыг гаргажээ.
Тухайлбал, “АРЕС”-ын орнуудын лидерүүд авлигын хэргийг мөрдөх, гэм буруутанд хариуцлага хүлээлгэх, авлигач албан тушаалтнуудын хууль бусаар ашиг олох замыг хаах, харилцан ажиллах зарчмыг барин өөрсдийн эдийн засагт хариуцлагыг дээшлүүлэхэд бэлэн гэдгээ онцлон тэмдэглэсэн байв.
Татвар ба төсөвт хүн амын хөгшрөлттэй холбоотой асуудлыг тооцож байхыг уг саммитаас гаргасан тунхагт тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ саммит 2015 оны эцэс хүртэл экспортын шинэ хязгаарлалт хийхгүй гээд өөрсдийн барааг дээдэлсэн чиг хандлага гаргахгүй гэжээ. Эдийн засгийн эрчим хүчний нийт хэрэглээний хэмжээг 2035 он гэхэд 2005 оныхоос 45 хувиар бууруулах төлөвлөгөөг тэд боловсруулсан байна.
Тунхагт экологийн барааны жагсаалтыг оруулсан бөгөөд тэнд 54 нэр төрлийн бүтээгдэхүүнийг багтаажээ. Эдгээр бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг 2015 оны сүүлч гэхэд буулгасан байна. Энэ жагсаалтыг гаргахад сүүлийн хэдэн сарыг зарцуулж, эцсийн зөвшилцлийг саммит дээр хийсэн гэж Путин онцолжээ. Дэлхийн худалдааны байгууллагын талбарт 10 жил ажиллахад ийм жагсаалт хийгдээгүйг тэрбээр дурдсан байна.
Владимир Путин саммитийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд арга хэмжээний бэлтгэлийн зарлага бүхий л талаар үндэслэлтэй болсон гэв. Оросын “Ведомости” сонины мэдээгээр саммитийн зарлага 6,3 тэрбум рубль болсон байна. “АРЕС”-ийн саммитийн хүрээний арга хэмжээ Русский аралд есдүгээр сарын 2-9-ний хооронд болж өнгөрлөө. Хаалтын ёслолыг есдүгээр сарын 8-нд хийсэн байна. “АРЕС”-ийн дараагийн саммит 2013 онд Индонезид болох юм.
“АPEC” /Asia-Pacific Economic Cooperation Forum/
Олон улсын эдийн засгийн байгууллага болох “АPEC” /Asia-Pacific Economic Cooperation Forum/ нь Номхон далайн сав нутгийн орнуудын интеграцийг хөгжүүлэх үүднээс байгуулагдсан бөгөөд Австрали, Бруней, Вьетнам, Гонконг (БНХАУ-ын засаг захиргааны тусгай район), Канад, БНХАУ, Индонези, Малайзи, Мексика, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Перу, ОХУ, Сингапур, АНУ, Таиланд, Тайвань, Чили, Филиппин, Өмнөд Солонгос, Япон зэрэг 21 орныг эгнээндээ нэгтгэжээ. “АРЕС”-ийн орнуудад дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57 хувь, дэлхийн худалдааны 48 хувь тус тус ноогдож байна.