“Профессор боловсруулж, магистр засаж, малын эмч баталсныг хууль гэнэ” гэж хуульч Б.Чимид нэгэнтээ ёгөөдсөн байдаг. Бараг л хууль бүтэх үйл явцыг оноод хэлчихсэн нь энэ. Өнөөдөр аливаа хууль батлагдах ажиллагаа нь Хууль, улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явж байна. Уг нь эдгээр хуулиуд нь хууль батлагдах явц, агуулгыг алдаагүй байлгахад багагүй анхаарсан байдалтайгаар боловсруулагджээ. Гэвч өнгөрөгч хугацаанд “хэрэгждэггүй хууль, орондоо зассан хууль, алга болсон заалт, алдааг нь засах ёстой хууль” –уудын хэд хэдэн түүх бий болж хэсэг шуугисан болоод л өнгөрсөн. Үүнийх нь ард дахин ийм түүх давтагдах боломж хаагдаагүй хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, алдаагүй хууль гаргах зорилготой хууль тогтоох байгууллага буюу “хууль боловсруулах үйлдвэр”-ийн эд анги болох зүйл заалтууд, ажиллуулж буй мэргэжилтнүүд болох хууль тогтоогчдод асуудал гарчээ гэсэн үг. Үүнийг засахын тулд хуучин байгаа хуулиудаа засах, эсвэл шинээр хууль боловсруулах болж байна. Одоогоор чуулганы хуралдааны дэгийг боловсронгуй болгох тухай Хууль батлагдах эсэх нь УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар биш намын бүлэг юу гэхээс л шалтгаалдаг болсныг “хуулийн төслүүд “улс төрийн хороо”-ноос зөвшөөрлөө авдаг жишиг тогтсон” ч гэж дүгнэж болно. Мөн зарим хууль хэдэн жил дарагддаг бол, зарим нь гэрлийн хурдаар батлагдаж байна. Жишээ гэвэл, Тамхины хяналтын тухай хуулийн “мартагдсан” шалтгааныг хууль санаачлагч С.Ламбаа “УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй л юм байна шүү дээ. Магадгүй УИХ-д байгаа энэ төрлийн бизнестэй хүмүүс нь битгий оруул гэсэн юм байлгүй. Хоёр гурван жил боллоо шүү дээ, ямар зорилгоор дараад байгааг нь ойлгохгүй байна” гэж тодорхойлов. Ц.Нямдоржийг 2007 онд хуулийг зассан гээд Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн гэх шийдвэр гарсан. Найруулгын засвар хийх эрхтэй болохоос агуулгын засвар хийх эрхгүй гэж буруутгасан ч Ц.Нямдорж буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Үнэндээ хуулиар хэн нэгэнд хууль засах боломж олгож, хариуцлага хүлээлгэчих боломж гаргаагүй хууль тогтоох бүтцийн алдааг хэн ч ярилгүй өнгөрөөсөн. Мөн УИХ-аар хууль батласны дараа гурав хоногийн дотор УИХ-ын дарга баталгаажуулах ёстой байдаг. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийг бүтэн хоёр сарын дараа баталгаажуулсан. 2008 онд Эрүүгийн хуулиас хоёр заалт алга болж орхив. Буцаан оруулах хүртэл энэхүү гээгдсэн заалтын ачаар нэлээд хүн хариуцлагаас мултарч чадсан. Ийнхүү хууль тогтоох ажиллагааны алдааг тоочвол цааш багагүй үргэлжилнэ. Ямартай ч шинээр томилогдсон гишүүд “Хуулийн тухай хуулийг” бий болгоход анхаарна гэж амлажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдрийн Ардын эрх сонинд “Хуулийн үзэл баримтлал боловсруулагдахдаа заавал судалгаан дээр суурилсан байх ёстой, мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн хүмүүс, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн дунд хэлэлцүүлэг хийж саналыг нь авсан байх ёстой, дараа нь УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэгдсэн байх ёстой. Ямар хуулийг хэн санаачилж болох, хэн болохгүй, ямар хуулийг зөвхөн Засгийн газар, зөвхөн УИХ санаачлах ёстой гэх мэт. Энэ болгон чинь төрийн бодлого бүтэж байгаа үйл явц учраас бусад орнуудад их тодорхой зохицуулагдсан байдаг. Энэ талаар хууль гарчихвал одоо бидний санаа зовоод байгаа “үндэслэлгүй шийдвэр гарч байна” гэдэг асуудал засагдах байх” хэмээн ярилцлага өгч. Хуучнаа засах уу, шинээр хууль батлах уу гэдэг нь хууль тогтоогчдын хэрэг. Харин алдаа гаргах боломжийг нь хааж, үндэслэл суурьтайхан шиг хууль гаргах хуулийг хуульчлах нь зөвхөн тэдний хэрэг биш. Хууль батлах ажиллагааг хэрхэн боловсронгуй болгох вэ? Хариу одоогоор гараагүй ч, удахгүй тодрох учиртай. Иргэдийн санал бодлыг бодлого болгох ёстой гэж бодож байгаа бол энэ асуулт танд ч хамаатай.
Хуулийг хэрхэн бүтээх вэ?
Хууль төрөхийн өмнө
Б.МАНДАХ