Хэлмэгдүүлэлт гэхээр л бидэнд тэртээх холын он жилүүд буудаг. 1937 онд МАХН-ын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэргээр 26 мянган монголчуудыг хядсан гээд л арван жилийн хүүхэд ч дуржигнуулна. Нарийн тоо байхгүй ч хэдэн мянгаар тоологдох хүнийг цөлсөн. Тэднийг одоо цагаатгаж байна. 60 жилийн дараа шүү гээд л… Гэхдээ л энэ хядлага үргэлжилж, түүнийг зөвтгөн, олны тархийг угаах цэвдэг сэтгэлтнүүд өнөөдөр ч оршсоор л байна. Улсаа авч үлдэхийн тулд цусан далай, ясан овоо босгохоос өөр гарц байгаагүй гэх өтөж, ялзарсан зөвтгөлтэй захиалгат уран сайхны киног өмнөх шигээ өнгөрсөн хавар хийсэн. 90 жилийн түүхийг нь өмчилдөг хэрнээ бүлээн цус, халуун амийг бүрэлгэснээ тэд энэ мэтээр л өөрсдийгөө зөвтгөдөг.
1932 онд эхэлсэн аймшигт хядлага өнгөрсөн зууны турш үргэлжилсэн нь үнэн.
1937 онд Онцгой бүрэн эрхт комисс гээчийг байгуулан жил зургаан сарын дотор 26 мянган хүнийг хэлмэгдүүлэхдээ 20 мянга 99 хүнийг хөнөөсөн баримт бий. Хэлмэгдүүлэлтийн дараагийн шат энэ байгууллагыг татан буулгаж, оронд нь уг байгууллагад ажиллагсдын эсрэг чиглэсэн Тусгай комисс гээчийг байгуулан 1940-1945 онд цуст яргаллыг гүйцэтгэсэн хүмүүсийг хядсан талаар ч өнөөгийн сурах бичигт хангалттай бий. Ингэж л үнэнийг баллуурдахаар машин ажиллуулж байлаа. Гэхдээ тэр он жилүүд холдсонтой адил хэлмэгдүүлэлт зогссонгүй. Дараа дараагийн жилүүдэд үндсэрхэг үзэл гаргасан сэхээтнүүдийг дайрсан хэлмэгдүүлэлтийн сүүдэр 2008 онд ч биднийг бүрхсэн.
Гэм, зэмгүй таван хүний амийг хөнөөснийг өөрөөр юу гэхсэн билээ. Долдугаар сарын 1-ний гэх хэрэгт холбогдсон 300 гаруй залууг нэгэн ижил хувилсан ялын тогтоолоор хавтгайруулан ял оноосныг одоо хэр нь мартаагүй.
Монголчууд хэлмэгдүүлэлтийг ногоон малгайтнуудаар төсөөлдөг болохоос орчин цагийн брэнд гутал өмч, сүрчиг ханхлуулсан эрх чөлөөт улсын шүүгчээр төсөөлөөгүй. Гэвч ардчилсан Монгол Улсын шүүх учруулсан хохирол, уршгийг нь нотлоогүй байж конандсан ялын дүгнэлтээр үй олон иргэдийг ялласан. Шуудхан хэлэхэд ч түүхийг давтах мэт үйл явдал өрнөсөн.
БНМАУ-ын үед коммунистууд гэмгүй иргэдийн хэлмэгдүүлж, хэлмэгдүүлэлтийг гүйцэтгэсэн этгээдүүдээ дараа нь хядсан. Тэгвэл Монгол Улсын үед сонголтоо хамгаалсан иргэдийнхээ эсрэг буу шагайлгасан эрх баригчид цагдааг буруутгасан. Ингэхдээ араас нь төрийн цагдааг хэлмэгдүүлж байна гэж асуудлыг огт өөр тийш чиглүүлэхээ өнгөрсөн түүхийн туршлагаасаа хараад амжиж. Эцэст нь цагдаагийн удирдлагуудыг хариуцлага алдсан гэж яллав. Харин хэн, хэнийг буудсан. Буудахдаа тушаал биелүүлсэн үү?
Буудах тушаал өгсөн үү, үгүй юу. Үүнд төр буруутай юу, буруугүй юу гэдгийг огтхон ч яриагүй. Ингэж л хэргээс мултарч, буудуулсан, буудсан хоёрыг шат дарааллан баллуурдсан.
Райхстагийг шатаачихаад “Коммунистууд шатаалаа” гэж өрсөлдөгчдөө газрын хөрснөөс арчсан Гитлер шиг шатсан МАХН-ын байр “Тусгаар тогтнолын ордон” болон сүндэрлээд хоёр ч жилийн нүүрийг үзэв. Энэ хооронд өөрсдийгөө хэлмэгдсэн гэж ярих улстөрчид л орширчээ. Жирийн иргэдийн эрхийг бурхан хамгаална гэж л найдах болж.
Харин хэлмэгдсэн иргэдийг өмнө хэн буруутай нь өнөөг хүртэл тодорсонгүй. Хэлмэгдүүлэлтийн хөшөө л нэгээр нэмэгдэв.
Хөшөө тийш алхах ардын зам баларсангүй.