УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын дэд сайд нарын томилгоо “Шударга ёс” эвслийн бүлэг тэр дундаа МАХН -ын дотоод тэмцлээс болж хойшлогдоод байна гэх. Танай намынхан төрийн ажил ямар их гацаадаг юм бэ. Дэд сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсээ ямар шалгуураар тодруулав. Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүндийг унагах хүмүүсийг тодруулчихсан юм биш үү?
-МАХН бол суурьгүй нам биш 30, 40 мянган гишүүнтэй байнгын үйл ажиллагаа явуулдаг нам. Боловсон хүчнүүдээ албан тушаалд нэр дэвшүүлэхдээ өөрийн бага чуулган, Үндэсний зөвлөлдөх хороогоороо хэлэлцүүлж, хооронд нь өрсөлдүүлж байж гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, МАХН-аас дэд сайдад нэр дэвшсэн хүмүүсийн тухайд намаасаа сонгогдож гарч ирсэн хүмүүс. Жишээлбэл, Хууль зүйн дэд сайдад н.Оюунцэцэг, хуульч Э.Эрдэнэжамъян хоёр өрсөлдсөн, олонхийн санал авсан нь Э.Эрдэнэжамъян. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад эдийн засагч Н.Дашзэвэг О.Чулуунбат хоёр өрсөлдөөд О.Чулуунбат нь санал илүү авсан байх жишээтэй. Б.Тулгын хувьд Л.Жамбалжав эмчтэй өрсөлдөж гарч ирсэн. Тийм болохоор нам дотор шударга өрсөлдөөн болсон гэж ойлгож болно.
Дэд сайд нарын томилгооны тухайд манай МАХН доторх маргаанаас болж хойшлоод байгаа юм биш, наадах чинь ёстой инээдтэй шалтаг. Би юу гэж хардаад байгаа вэ гэхээр Ардчилсан намаас болж дэд сайдын томилгоо хойшлоод байгаа. Яагаад гэвэл Ардчилсан нам биднийг бойкотлоод байгаа. Яаж бойкотлоод байгаа вэ гэвэл “Шударга ёс” эвслийн бүлэгт хандан “Намын бүлэг завсарлага авахтай холбоотой хуулийг батлахгүй бол хохь чинь шүү” гэсэн юм ярьж байгаа байхгүй юу. Надад албан бус ч гэлээ тийм мэдээлэл байна, хүмүүс бас тэгж ойлгож байна., би ч бас тэгж ойлгож байгаа. Би бүр Ардчилсан намынханд анхнаасаа орж хэлсэн ш дээ, дэд сайдуудын асуудлын талаар. “Та нар Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохоосоо өмнө дэд сайд нараа батал аа. Дэд сайд нарыг томилоогүй байж юун Төрийн нарийн бичгийн дарга нар яриад байгаа юм. Угтаа бол Төрийн нарийн бичиг гэдэг хатуухан хэлэхэд төрийн албан хаагч. Төрийн албан хаагчийг албан тушаалын хуваарилалтад оруулдаггүй юм. Дэд сайд бол сайдтайгаа зэрэг салбартаа томилогдож очих ёстой. Тийм учраас би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд бүр тодорхой хэлсэн. “Та 75 хувийн бодлогоо тодорхойлно шүү, бид 25 хувийн бодлогоо тодорхойлно” гэж… Тэр 25 хувийн бодлогоо тодорхойлохын тулд манайд эвсэлд дэд сайд өг, хэрвээ та нар дэд сайд өгөхгүй гэвэл бид 25 хувийн бодлогоо яаж тодорхойлох юм. Тодорхой хүмүүс санал болгоё” гэж…. Би ямар хамаатан садан найз нөхдөөрөө улстөрийн бодлогыг тодорхойлуулах гэж байгаа биш. Тийм болохоор миний хувьд дэд сайдын томилгоо удаашраад байгаа нь эрх барьж байгаа Ардчилсан намтай л холбоотой гэж боддог. Тэртэй тэргүй бид дэд сайд нараа тодруулчихсан.
-Ардчилсан намынхан та нарыг бойкотлосон гэхээсээ илүү танай намынхан олонхид бойкот үзүүлсэн юм биш үү. Яагаад заавал Хууль зүйн дэд сайдад хүнээ нэр дэвшүүлнэ гэж тулгах ёстой юм. Өөр өчнөөн л салбарт дэд сайд томилж болохоор байхад. Тэгээд ч олон нийтийн зүгээс Н.Энхбаяр даргыг суллуулахын тулд МАХН Э.Эрдэнэжамъяныг Хууль зүйн дэд сайдад зүтгүүллээ гэж хардах нь үндэслэлтэй юм биш үү?
-Э.Эрдэнэжамъяны хувьд “Шударга хуульчдын холбоо” гэж байгуулаад гарч ирсэн залуу. Хэвлэл мэдээлэл болон хуулийн байгууллагад гарч байгаа хэлмэгдүүлтийн эсрэг ажиллая гэсэн зорилготой. Залуу хүнийхээ хувьд би Э.Эрдэнэжамъяныг дэд сайдад нэр дэвшин гарч ирсэнд баяртай байгаа. Тэр залуу хүнийхээ хувьд Х.Тэмүүжин сайдыг ойлгоно. Хууль зүйн салбарт шинэчлэл хийх гээд байхад өнөөдөр хэн гарах вэ биш, юуг шинэчлэх вэ гэдгээ бид бодмоор байгаа юм. Зарим хүмүүст би шүүмжлэлтэй ханддаг. Ямар утгатай вэ гэхээр тодорхой салбарт шинэчилнэ, хийнэ гэчихээд өөр ялих шалихгүй зүйл ярьдаг. Түүний оронд “Бид дөрвөн жилийн туршид ийм салбарыг ингэж өөрчилнө, тэр салбарыг ингэж шинэчилнэ. Үр дүнд нь төрийн хүнд суртал ингэж арилна” хэмээн тодорхой ярих ёстой. Тийм учраас манай намын доторх асуудал бол манай л намынх. Тэгэхдээ манай нам хоёр гуравхан боловсон хүчинтэй нам биш, гишүүдээ оролцуулбал 30, 40 мянгад хүрнэ. Ийм олон мянган гишүүнтэй учраас 300, 400 хүн хуралдаад нэр дэвшигчдээ тодруулаад баталдаг нам. Н.Энхбаяр даргыг хүмүүс хардаад байдаг, хэлмэгдүүлж шоронд хийчихээд ингэж ярьж болохгүй. Нөгөө талаасаа бүх юмыг Н.Энхбаяр даргатай холбож ярьж болохгүй. Өнөөдөр ямар нэгэн хардлага биш ямар бодлого байх вэ гэдэг нь хамгийн чухал. Тийм болохоор Н.Энхбаяр даргыг суллуулахын тулд Э.Эрдэнэжамъяныг Хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүллээ гэх нь бүр утгагүй хардалт гэдгийг хэлэх байна.
-Хэдийгээр танай намд 30-40 мянган гишүүн байлаа ч дэд сайдад нэр дэвшүүлж байгаа боловсон хүчнийг тань харахад үнэндээ хомсдолтой л харагдах юм. Ардчилсан намд дэд сайдад нэр дэвших хүмүүс нь багталцаж ядаж байхад танайх бараг гаднаас эрэх нь холгүй байж л нэр дэвшүүлсэн. Тэр тусмаа төрд ажилласан туршлага харвал бүр хэцүү, ярилтгүй?
-Би бол төрд удаан ажилласан хүмүүсийг битгий гаргаасай гэж бодоод байгаа шүү дээ.
-Яагаад?
-Чи бодоод үз дээ, 20 жил Хууль зүйн сайд хийсэн хүн өнөөдөр ямар гай авч ирэв. Тэр юугаараа гавьяатай юм, бүр салбараа хувьчилаад авчихсан юм шиг аашлаа биз дээ. Өнөөдөр тодорхой салбар дээр хүмүүсийн гар хөл болоод түүнийг нь шийдээд явж байгаа юм нөхдүүд олон байна. Ард түмэн тэгтэл юу хүсээд байна вэ гэхээр өнөөдөр иргэдэд хүртээмжтэй, өөрсдөд нь ашиг тустай, ил тод нэр цэвэр хүмүүсийг л хүсээд байна. Тэрнээс биш даргад бялдуулчилдаг, төрийн ажлыг хийгээгүй мөртлөө хийсэн юм шиг ярьдаг хүмүүсийг гаргахыг хүсэхгүй байна. Тийм хүмүүсийг гаргая гэвэл олон л байна, манай намд. Яагаад гэвэл манай нам чинь Ардын намаас гарсан шүү дээ. Зөндөө тийм хүнийг олоод ирж болно. Төрд ажилласан л бол одоо мундаг биш. Төрийн албыг шинэчилье гээд байгаа биз дээ, тэгэхээр шинэ хүнийг л томилох ёстой.
-Боловсролоороо чамлагдахаар л байгаа шүү дээ, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар?
-Боловсролын хувьд хэн муу гээд байгаа юм. Харин ч гадаадад сургууль төгсчихсөн залуус манайд намд зөндөө л байна.
-Тухайлбал, хэн гэж?
-Хүмүүс хэлдэг шүү дээ, Э.Батшугар бол гадаадад боловсрол эзэмшсэн Монголдоо дөрөвхөн хүний нэгд багтах банкир гэж… Банкир гэдэг чинь мэргэшсэн маш нарийн мэргэжил. Миний мэдэж байгаагаар н.Болд гэж хүн байна, Э.Батшугар байна, О.Чулуунбат гуайг хэлж болох юм. Би бол энэ тухай бардам хэлж чадна. Яагаад гэвэл боловсрол гэдэг чинь харагдах байдлаараа яригддаггүй байхгүй юу.
-Тэгэхдээ л танай намд хэцүү хүмүүс бий дээ?
-Бид нар өнөөдөр ард түмний төлөөлөл учраас янз бүрийн хүмүүс орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Би боддог юм, Намхайнямбуу гуайг ямар их гоочилж байсан юм. Гэтэл хоньчин УИХ-ын бага хурлын гишүүнээр сонгогдсондоо ямар гай тарьсан юм. Нэр цэврээрээ л яваа биз дээ. Нямхайнямбуу гуай шиг тийм шударга хүн л төрд хэрэгтэй байгаа болохоос биш арга заль хэрэглээд аав ээжийнхээ хөрөнгөөр албан тушаал аваад өөрийгөө эрх мэдэлтэй гэж хэлж байгаа хүмүүс утгагүй шүү дээ. Тийм болохоор өнөөдөр боловсон хүчний бодлогыг шинэ залуу, нэр цэвэр хамгийн гол нь ажил хийх эр зоригтой хүмүүс байгаасай л гэж хүсч байна.
-Танай эвслийн 11 дэх гишүүн хэн бэ, Э.Батшугарыг болгохоор таныг их идэвхитэй ажиллаж байгаа гэж сонссон?
-Би бол Э.Батшугарыг байгаасай гэж бодож байна.
-Яагаад заавал Э.Батшугар гэж…. Хуулиараа бол Ц.Оюунбаатар юм биш үү, намын листээ хөөхөөр?
-Яагаад вэ гэвэл үү, би хуульч учраас үндэслэлүүдийг нь хөөхөөр тэгж харагдаад байгаа байхгүй юу. Түүнээс Э.Батшугарт тал засаад байгаадаа ч тэгж хэлсэн юм биш л дээ. Хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр тодорхой цэргийн үүргээ биелүүлэх гэж байгаа. Цэргийн үүрэг биелүүлэх хэд хэдэн хэлбэр байна. Нэгдүгээрт, цэрэг татлагаас дуудахад очоод бүртгүүлээд явж байгаа нь нэг хэлбэр. Цэрэг татлагад ороод эмнэлгийн магадлагаагаар хасагдсан бол үүргээ биелүүлсэн. Эсвэл мөнгөн төлбөрөөр чөлөөлөгдсөн бол бас л үүргээ биелүүлсэн. Заавал буу бариад цэргийн хувцас өмсөхөөр цэргийн үүргээ биелүүлсэн болохгүй, энэ бол орчин үеийн нийгэм. Тэр утгаараа ямар ч байсан энэ хүн үүргээ биелүүлсэн үү үгүй юу гэдэг нь чухал болохоос биш УИХ-ын гишүүн болох уу, үгүй юу гэдэг чухал биш. Тэгэхээр үүргээ биелүүлсэн үү үгүй юу гэдгийг хэн нотолж байгаа юм бэ, нотлох хүмүүс нь нотолчихсон шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүн УИХ-д орж ирэх нь л чухал.
-Тэгвэл МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-д суух 11 дэх гишүүн тодорхой юм байна тийм үү?
-Би хариултаа өгчихсөн шүү дээ.
-Танай “Шударга ёс” эвслийнхэн дэд сайд нарын томилгоон дээр яарч байгаа юу?
-Бид бол дэд сайд нарын томилгоон дээр яарсан биш төрийн томилгоон дээр яарч байгаа. Томилгоогоо хурдан дуусгаач ээ, одоо ажлаа хийгээч гэж хэлмээр байна. Тэгэхдээ би Засгийн газрын 100 хоногийг хүлээгээд байна. 100 хоногийн дараа энэ Засгийн газартай хатуу ярина. Гэхдээ сайн ажиллавал магтана л даа, муу ажиллавал шүүмжилнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Засгийн газарт танай эвсэл хамтарсан. Муу хэлж болох юм уу. Хэрвээ та Засагтай заргалдвал өөрөө авахуулж мэдэх юм шүү?
-Муу ажиллавал энэ Засаг төрийг огцруулах ёстой. Яагаад гэвэл би ард түмний төлөөлөл учраас тэднийхээ өмнөөс хяналт тавиад суух ёстой. Ер нь Засгийн газрын хувьд хурд дутаж байна, нөгөө л томилгоо нь хэзээ гэдэг нь тодорхойгүй л хүлээлтийн шинжтэй утгагүй л байгаа байхгүй юу. Томилгоогоо хурдан дуусгаад ажилдаа орох ёстой. Бодъё л доо, УИХ-ын гишүүд долдугаар сарын 14-нд тангаргаа өргөсөн. Наймдугаар сарын 14-нд засаг төр нь байгуулагдсан. Одоо есдүгээр сарын 14-н гээд хоёр сар өнгөрөх гээд байна. Тэгэхэд томилгоо яриад байгаа байхгүй юу. Хатуу хэлэхэд 60 хоног явчихаад байна шүү дээ.
-Хэрвээ дэд сайдын томилгоон дээр цаг хугацаа алдаад байвал “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс олонхид шаардлага тавих уу?
-Би хувьдаа 100 хоногийг хүлээгээд байна. Тэр болтол тайван байна. Тэр болтол ажлаа ч хийг. Би бол өөрийнхөө өнцгөөс яриад байгаа юм биш, ард түмнийхээ өмнөөс ярьж байгаа шүү. Яагаад гэвэл олон улсын жишиг байдаг. Засгийн газрын эхний ажлын үр дүн 100 хоногт л гарах ёстой. 100 хоног дотор ямар ч үр дүн гарахгүй бол энэ Засгийн газар цаашдаа ирээдүйгүй, бушуухан огцруулаад дараагийн Засгийн газрыг байгуулах ёстой гэсэн жишиг байдаг л даа. Японд Засгийн газар ойр ойрхон огцордог шүү дээ, тэдэнд боломж өгдөг, хугацаа бас хардаг. Тэр хооронд үр дүн харагдахгүй болоход Засгийн газрыг огцруулдаг хэрэг л дээ. Тэгэхдээ Засгийн газар байгуулагдсанаас хойш шүү. Тэр утгаараа нь ойлгох хэрэгтэй.
-Засгийн газрын 100 хоног болоход та хэн гэдэг сайдаас хамгийн тэргүүнд ажлын үр дүн шаардах вэ?
-Би бол наад зах нь махны үнэ буурахыг тэсэн ядан хүлээж байна. Яагаад гэвэл үнэ буулгадаг хоёрхон арга байдгийг сонгуулиар харсан байхгүй юу. Жишээ нь Эрдэнэтэд “Петровис” компанийн нөхөр очоод шатахууны үнийг яаж буулгав, төрөөс хамааралгүйгээр болгож л байгаа биз дээ. Нөгөөх арга нь төрийн бодлогоор. Энэ хоёр аргыг хоёуланг нь хэрэглэж чадах хүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга. Яагаад гэвэл тэр махны ч эзэн, гурилын эзэн учраас. Бодлогыг нь бас өөрөө барьсан сайд нь. Одоогийн байдлаар махны үнэ 1000 төгрөгөөр буурсан тухай яригдаж байна, цаашдаа ч буух ёстой. Тэгэхдээ малчдыг гомдоохгүйгээр. Малчдаас өндөр үнээр махаа худалдаж ав, дээрээс нь иргэдэд махаа хямд үнээр өг. Энэ хоёрын зөрүүг яаж шийдэх вэ гэдэг бодлогыг л тэр хийе гэж сайд болсон. Түүнийг ямар хэтэвчнээсээ зөрүүг нь гарга гэсэн биш. Тийм болохоор миний үр дүн шаардах хамгийн эхний сайд нь Х.Баттулга байх болно.