БНХАУ коксжих нүүрсний татвараа багасгаснаар гол худалдан авагч болох Япон, Өмнөд Солонгос Хятадын их зах зээлээс гадагшлах коксжих нүүрсний шинэ урсгалаас татаж авахыг оролдох байх. Мэдээж хэрэг даруй 40 хувийн татвар чөлөөлөгдсөнөөр Хятадын коксжих нүүрсний үнэ мэдээж буурна. Дээрээс нь өдөр ирэх тусам буурч байгаа нүүрсний үнэ, Хятадыг хүндрүүлж болзошгүй эдийн засгийн хямралын тухай таамаглал. Монголчуудын хувьд өмнө 20 орчим доллараар түүхий нүүрсээ тавиад туучихдаг байснаа бодвол энэ жилийн хувьд коксжих нүүрсээ нэг тонныг нь 70-104 ам.доллар хүргэж чадсан. “Эрдэнэс Тавантолгой” компани коксжих нүүрсээ нэг тонныг нь 70 орчим ам.доллар хүргэж чадсан. Зарим нэг хувийн компани илүү өндөр үнэ хүргэсэн гэх боловч 104 ам.доллар хүрсэн нь бараг үгүй гэгдэж байгаа. Харин өдгөө дэлхийн зах зээлийн үнэ буурч байгаа нь Монголын төсөв цоорч болзошгүй гэсэн айдсыг бий болгоод байгаа. Дашрамд сануулахад дэлхийн зах зээлд нэг тонн коксжих нүүрс 225 орчим ам.доллар байгаа ч манайхан энэ хэмжээнд хүргэж боловсруулж, үнэ хүргэж чаддаггүй. Басхүү ганцхан гарцтай монголчууд хилээр нэг алхам “алхаад” л үндсэндээ ганцхан хэрэглэгч болсон БНХАУ-д л нүүрсээ тушаачихаж байгаа шүү дээ.
БНХАУ экспортын татвараа бууруулснаар тэртээ тэргүй ганцхан харилцагчтай Монголд тэгтэл их нөлөөлөхгүй байж болох. БНХАУ экспортын татвараа нэмсэн, нэмээгүй манайх бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд жинхэнэ ёсоор гаргаж эхлээгүй байгаа болохоор. Экспортын татвар чөлөөлөгдсөнөөр бусад худалдан авагчид мэдээж хэрэг бүтээгдэхүүнийх нь үнэ буурах нь гэж баярлах нь ойлгомжтой. Харин дээр өгүүлсэнчлэн манайх тэртээ тэргүй бүтээгдэхүүнээ их хэмжээгээр БНХАУ-гаа өөр зах зээлд гаргаагүй байгаа болохоор БНХАУ-ын бүтээгдэхүүний үнэ унаж, Монголд шавар хаах вий гэдэг нь бас тийм ч их хамранд тулсан айдас биш юм. Гэхдээ Монгол Улсыг өнөөдөр голлон тэжээгч болчихоод байгаа коксжих нүүрсний үнэ багасна гэдэг бол мэдээж сайн мэдээ биш нь тодорхой шүү дээ. Харин БНХАУ худалдан авалтаа бууруулах вий гэсэн айдас л илүү бодитой бөгөөд нөлөөлөлтэй байж болох юм.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байгаа, дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөтэй болсон БНХАУ-ын эдийн засаг муудаж гэмээнэ нүүрсний импортоо багасгаж магадгүй гэсэн мэдээлэл аль хэдийнээс дэгдсэн. Бүр одооноос нүүрснй үнэ ихээр буурснаас Монголын томоохон уурхайнууд олборлолт, экспортоо үргэлжлүүлэх эсэх дээр эргэлзэж хүлээлтийн байдалд ороод байгаа гэсэн мэдээлэл бий. Статистик үзүүлэлтээр бол Монголын нүүрсний экспорт улам бүр нэмэгдэж байгаа гэсэн баярт мэдээг хүргэж байгаа. Монголчууд оны эхний долоон сард зөвхөн нүүрсний экспортоос 1,2 тэрбум ам.доллар олсон гэж хөөрөлхөж буй. Энэ нь манай нийт экспортын 46,1 хувь нь.
Экспортод нүүрсний эзлэх хувь манайд жил ирэх тусам өсч байгаа ч гэсэн зах зээл нь тэр чигтээ нэг улсаас хараат шахам, тэр дундаа экспортын бүтэц нь бас нэг салбараас тэр тусмаа уул уурхайн түүхий бүтээгдэхүүнд тулгуурлаж байгаа монголчуудын хувьд ганц бүтээгдэхүүний үнэ зах зээлд унахад, ганц харилцагч нь ямар нэгэн алхам хөдөлгөөн хийх төдийд улсынх нь эдийн засаг нь чигтээ доголдож мэдэхээр байгааг энэ удаагийн Хятадын хямралын айсуй дохиог харуулж буй хэрэг. Нөгөө талаасаа өнөөдөр БНХАУ-ын эдийн засгийн байдал тэгтлээ их муудчихаагүй, тэгээд ч экспортын татвараа багасгах нь Монголд төдийлөн нөлөөтэй бус гэж байгаа ч ойрын хугацаанд экспортын бүтээгдэхүүний бүтцээ өөрчлөх, илүү глобаль харилцаа, олон түншлэгчтэй гарцыг хайхгүй бол хэцүүхэн байдалд хүрч болзошгүйг анхааруулж буй хэрэг биз ээ.
Сайнаар бодоод Хятад нүүрсний импортоо багасгахгүй байсан ч гэсэн өдөр ирэх тутам буурч байгаа нүүрсний үнэ монголчуудад хэдийнэ аюулын дохио дэлдээд эхэлчихсэн. Эхнээсээ ч нүүрс, алт, зэсийн үнэд тулгуурлан /мэдээж хамгийн өндөр байх мөрөөдлөөрөө/ төсвөө тодорхойлж, сонгуулийн жилийн амлалтад цацаад дуусчихсан монголчууд онгойж цоорсон “хормой”-гоо яаж цойлдохоо мэдэхгүй л ангайж сууна шүү дээ, өнөөдөр.