Өмнийн их говь дахь шинэ Баянбүрд

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Өмнийн их говь дахь шинэ Баянбүрд

Уул уурхайн салбарын хайгуул, олборлолт болон энэ салбарыг дагасан бүтээн байгуулалтын нэгэн түрлэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очлоо. Ингэж хэлэх учир нь, Номадсын Сүлжээ Ресторануудын менежмент энэ удаад зочид буудлын салбарт хүчээ үзэхээр орон нутаг дахь хамгийн анхны өндөр зэрэглэлийн зочид буудлын сүлжээний үүд хаалгаа Өмнийн их говьд нээсэн юм. Монгол Улсад одоогийн байдлаар зочид буудлын сүлжээ байдаггүй бөгөөд энэ нь анхны сүлжээ гэдгээрээ онцлогтой.

Шинэхэн зочид буудлын нээлтийн арга хэмжээнд оролцож, томоохон бүтээн байгуулалттай танилцахаар есдүгээр сарын7-нд Нутгийн уугуул иргэд болон зорчин өнгөрөгч хүмүүстэй нийлээд 15 гаруй мянган хүн амтай тус сумыг зорилоо.Өмнийн их говь нь ногоон талархаг нутаг бөгөөд хүн ам нь тархан байршсан.

Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж, аймаг руу төдийгүй бүсийн хэмжээнд яригдахуйц бүтээн байгуулалт, дэд бүтцийг даллаж буй. Энэ ч үүднээсээ зорчин өнгөрөгч гадаад болон дотоодын зочид жилээс жилд нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд ярьцгаана. Ингээд зочид буудлын албан ёсны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 7-нд болж, аймаг болон нийслэлээс зорин ирсэн зочид төлөөлөгч, бизнесмэн, болон Номадсын сүлжээ ресторантай ойр дотно ажилладаг хүмүүс оролцсон юм.

Энэ бүс нутагт зочид буудлын сүлжээг нээх талаар анх хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн тухай “Номадсын Сүлжээ Ресторануудын Ерөнхийлөгч М.Есөнмөнх нээлтийн арга хэмжээнийхээ үеэр хуучилсан. Тэрээр үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болж байгаа энэ суманд зочид буудал барихаар зориглож, нэг жил хагасын өмнө зураг төслийг нь боловсруулж эхэлж, өнөөдөр 50 гаруй компанийн 1000 гаруй залуусын хүч хөдөлмөр, оюун билгээ нэгтгэн байж зорисон хэргээ бүтээж, үр дүнг нь үзлээ” хэмээгээд төслийг анх санаачилсан болон бүтээн байгуулалтын оргил үед хамтдаа байсан ажилтнууд, мэргэжилтнүүддээ талархлаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр зочид буудлын барилгын ажлын гүйцэтгэгч компанийн удирдлагууд “Байгуулж өглөө, Бадруулж яваарай” гэсэн бичигтэй том түлхүүрийг бүтээн байгуулалтын эздэд гардуулан өгсөн. Хөдөө орон нутаг гэхээр л, хээрийн шинжтэй буудаллах биш, өндөр зэрэглэлийн буудлын өрөөнүүд, уулзалт, хурлын танхим,  ресторан, баар,саун,бассейн, караоке зэрэг бүхий л үйлчилгээг авч, амарч, зугаалах боломжийг олгох “Hotel Nine-Цогтцэций” Зочид буудлын шинэхэн барилга зочдын уухайлах дуунаар жавар нь үргэсэн гэлтэй. Үргэлжлүүлэн урлаг, соёлын одод уран бүтээлээ өргөж, зочид төлөөлөгчид ерөөлийн үгээ хэлцгээн, зочид буудалтайгаа танилцсан юм. Ингээд “Hotel Nine-Цогтцэций”зочид буудлыг сонирхуулъя.

Зочид буудал нийт зургаан давхраас бүрдэх бөгөөд барилгын зоорийн давхарт “Aurora bar & Night club, караоке,хуурай болон уурын саун, жакузи, бассейн байрлана. Караоке нь 2-10 хүний багтаамжтай дөрвөн өрөөтэй бөгөөд энд дуулсан дуугаа бичиж, дүрс бичлэгтэй холбож болдог. Жишээ нь: караокед дуулсан дуугаа клипжүүлж болно гэсэн үг. “Aurora bar & Night club-ын тухайд, орчин үеийн техникээр тоноглогдсон нэг дор 60-80 хүн хүлээн авах хүчин чадалтай.Амьд хөгжмийн тоглолт болон дэлхийн чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх гэнэ. Харвал ч тийм. Хөдөө газарт, хээрийн юм хээгүй гэдэг үг үг ард орхигдох шиг… Нэгдүгээр давхарт Зочид буудлын хүлээн авах хэсэг, Номадсын Сүлжээ ресторануудын анхны бренд болох “Модерн Номадс” ресторан, Гуравдугаар давхарт, уулзалтын өрөө болон хурлын танхимтай. Нэг дор 120-160 хүнийг цуглуулан ажил хэрэг ярих боломжтой учир агааржуулалтын системийг сайтар анхаарсан талаар зочид буудлын менежер танилцуулсан. Хоёр, гурав, дөрөв, тавдугаар давхарт зочны өрөөнүүд байрлах бол зургадугаар давхартзочид буудлын дотоод сүлжээ, кабелийн ТВ, цахилгаан шат зэрэг техникийн механизмын тохиргоог хийдэг байна.

Өрөөнүүдийн тухайд, дээд зэрэглэлийн өрөө 3, люкс өрөө 9, энгийн өрөө 28 гээд нийт 39 өрөөтэй, зочид буудал нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Өрөө бүр галын хамгаалалт, ослын үед ашиглах хүчдэл буурах механизмтай, үнэгүй интернэт, агааржуулах систем, орон нутгийн болоод олон улсын дуудлага хийх утсан харилцаатай, 24 суваг бүхий кабелийн телевизтэй. Ер нь говийн бүсэд агааржуулалтын систем чухал хэрэгцээтэй учир энэ тал дээр сайн анхаарчээ. Улирлын байдлаас хамаарч өрөөнийхөө температурыг өөрөө тохируулах нь. Өрөөнүүдэд үйлчлүүлэгчдийн өдөр тутмын хэрэгцээт бүх зүйл “Hotel-Nine” брэндийн нэртэй байх юм.

Цаашдаа ч энэ брэндээ барьж, бүтээн, үйлчилгээ үзүүлж байх юм байна. Зочид, үйлчлүүлэгчдийг хүлээн авахүйлчилгээний ажилтан ямар сайхан харьцаатай байж болохыг эндээс мэдэрсэн. Нэг ёсондоо буудалд байрлаж байх хугацаанд ойр төрлийн хүн нь мэт халамжлал, хүндлэлийг үзүүлэх шиг. Гадаах талбайд нийт зургаан агуулах, цахилгааны генератор байх ба зочид буудлын урд талбайг цаашдаа тохижуулах төлөвлөгөөтэй байгаа тухай гүйцэтгэгч компанийн удирдлагууд танилцуулж байсан.

Зочид буудлын цогцолбор аятай тухтай байдлыг мэдрүүлэх үндэс суурь нь дэд бүтэц буюу инженерийн шийдэл. Энэ тал дээр зочид, үйлчлүүлэгчдийн тухыг алдуулахгүй байх үүднээс аюулгүйн бүхий л шийдлийг шингээсэн гэнэ. Тухайлбал, усны хангамжийг “Энержи Ресурс ” компанийн “Ухаа худаг”-ийн ус хангамжийн албатай хамтраад, цэвэр усны шугамаас худаг гаргаж усаа шийдэж байгаа юм байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум өөрөө 380 ваттын хүчин чадалтай цахилгаан станцтай бөгөөд үүнээс цахилгаан эх үүсвэрээ авдаг болохоор  ус хангамж, болон эрчим хүчний хувьд айлтгүй байхаар шийдсэн бол том, жижиг халаалтын уурын зуухнаас зочид буудлынхаа халаалтыг  хийх юм байна. Тиймээс жилийн дөрвөн улиралд, хоногийн 24 цагийн туршид хүйтэн, дулаанаа тохируулахаас гадна халуун устай байна гэсэн үг ажээ. Буудалд байрлах үеэрээ “Hotel Nine-Цогтцэций” зочид буудлын үйлчилгээний ажилтнуудаас ажиллаж буй сэтгэгдлийнх нь талаар сонирхоход, нэгэн зөөгч “миний хувьд хот руу сургалтанд явж ирээд, энэ байгууллагад ажиллаад сар гаруй болж байна. Залуучуудыг дэмжсэн том бүтээн байгуулалт бий болж, үйлчилгээ үзүүлж байгаад баяртай байна” гэж ярьж байсан. Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй байх.

Энэхүү “Hotel Nine-Цогтцэций” зочид буудлын цогцолборт ирээд ресторанд нь үйлчлүүлэх юм бол буудлыг аргагүйрестораны сүлжээ байгуулсан юм байна гэдгийг ойлгох болно. Учир нь зочид буудлын нэгээхэн үйлчилгээний нүүр царайг илэрхийлэх хоол нь олон сонголттой, чимэглэл, амт сайтай байсан юм. Тухтай орчинд хүссэн хоолоо зооглох боломжийг олгоно. Хэтийдсэн их магтаал шиг сонсогдох боловч үйлчлүүлсэн хүний сэтгэгдэл ийм байгааг сийрүүлж буй билээ. Өмнийн говьд зориглон, улсын хөгжилт нэмэр үзүүлэх томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн тус компанийнханд нутгийн иргэдийн зүгээс болон өөрийн зүгээс талархлаа илэрхийлж байна.

Зочид буудлын нээлтийн арга хэмжээний үеэр “Номадс” Сүлжээ Ресторануудын Ерөнхийлөгч М.Есөнмөнхөөс зарим зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдөр зочид буудлынхаа цогцолборын нээлтийг хийж байна. Тэгэхээр энэ том цогцолборыг хэдийнээс эхэлж байгуулж эхэлсэн бэ?

-Уул уурхайн өлгий нутаг болох энэ аймагт манай “Номадс”-ын дөрөв дэх нэгжийн үйл ажиллагаа явуулж эхэллээ гэж хэлж болно.  Цогтцэций дэхь энэ зочид буудлынхаа бүтээн байгуулалтын ажлыг нэг жил хагасын өмнөөс хийсэн. Зочид буудлын цогцолборын хувьд харьцангуй хурдан хугацаанд байгуулсан гэж хэлж болно.

-Цаашдаа шинэ салбарт хүчээ үзэж буйн хувьд ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Бид Монгол Улсын голлох аймгуудын төвүүдэд зочид буудлынхаа сүлжээг байгуулах төлөвлөгөөтэй. Энэ сүлжээ маань дэлхийн зочид буудлын сүлжээ байгууллагын гишүүн болох зорилгын дор судалгааны ажлыг хийж байна.
 
-Нууц биш бол, дараагийн сүлжээ зочид буудлыг хаана барих бол?

-Бид дараа жил Улаанбаатар хотод “Hotel Nine” зочид буудлынхаа сүлжээг барих төлөвлөгөөтэй байна. Үүнд мэдээж, нэлээн цаг хугацаа, судалгаа хийх хэрэгтэй юм.

Маркетингийн менежер Д.Бүжинлхам:

-Зочид буудлын салбарт анх удаа гарч байна. Яагаад энэ салбарыг сонгох болсон юм бол?
-“Номадс”-ын сүлжээ ресторан болох  “Модерн номадс” анх 2003 онд байгуулагдаж байсан бол өнөөдөр 10 жилийн ойн босгон дээрээ ирлээ. Ирэх жилийн ойгоо угтаж бид зочид, үйлчлүүлэгчиддээ зориулж, зочид буудлын салбарт хүчээ үзэх мэрийн ажиллаж байна. Тийм ч учраас энэ жил бид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт “Hotel Nine-Сүхбаатар” зочид буудлын анхны салбараа нээсэн бол өнөөдөр хоёр дахь томоохон цогцолборт зочид буудлаа нээлээ. Бид үйлчилгээнийхээ цар хүрээг улам нэмэгдүүлж, үйлчлүүлэгчиддээ хүрэх зорилгоор өөр нэгэн салбарт ийнхүү хүчээ үзэж байна. Энэ өвлөөс эхлээд Hotel Nine” зочид буудлын шинэ үйлчлүүлэгчиддээ зориулж, дараа жилийн долдугаар сар хүртэл урамшуулалтай үйлчлэх болно.

-10 жилийн ойгоо угтаж өөр ямар ажлуудыг хийсэн бэ ?
-Сүүлд бид Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болон Улаан-Үдэд “Модерн номадс” рестораныхаа сүлжээ ресторан болон караокег нээсэн юм. Улаанбаатар хотод Итали, Кавказ үндэстний хоолны газар сүүлд нээсэн. Бид зөвхөн Монгол үндэстний хоолоо үйлчлэх бус олон үндэстний хоолоор үйлчлэхийг зорьдог юм. Мэдээж, энэ жилдээ бүтээн байгуулж буй хамгийн том зүйл бол зочид буудлын сүлжээгээ нээлээ.

-Сэлэнгэ аймагт анх  зочид буудлыг байгуулаад одоо хэр амжилттай байна вэ?
-2012 оны нэгдүгээр сарын 26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Hotel Nine” зочид буудлынхаа анхны сүлжээ зочид буудлаа нээсэн билээ. Ер нь Сэлэнгэ аймагт байхгүй дээд зэрэглэлийн буудал болсон гэж хэлж болохоор. Тэнд улс төрийн өндөрлөгүүд болон гадаад, дотоодын төлөөлөгчид ихээр очдог, мэддэг газар болсон байна. Сэлэнгэд байрлах “Hotel Nine-Cүхбаатар”-т дан Сэлэнгийн хүмүүс ажилладаг нь ажлын байрыг тодорхой хэмжээгээр дэмжсэн хэрэг болж байгаа.

Үүднээс ормогц л тав тухын дээдийг миний хувьд мэдэрсэн гэдгээ тэмдэглэх хэрэгтэй байх. “Hotel Nine-Цогтцэций” зочид буудал зөвхөн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа гэлтгүй, бүс нутгийн хөгжилд нэгэн том ахиц авчирч, нийт 115 хүнийг ажлын байраар хангасан бөгөөд үүний 70% нь нутгийн иргэд, 30% нь нийслэлээс томилогдон ажиллаж буй ажилтнууд юм байна. Нутгийн иргэд ч ам сайтай байх юм. Өөрийнх нь аймагт том, сүрлэг байшин барилга сүндэрлэх тутамд, бүс нутаг улам “амьсгаа авч” шинээр сэргэж байдаг учраас тэр юм гэнэ. Ийнхүү өөрчлөлт, шинэчлэлтийн салхи Өмнийн говь тийш салхилж, улсын хөгжил сумаас гэдэг, энэ биз ээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж