Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс

    Нэр: Леброн Реймонд Жеймс

   Төрсөн он, сар, өдөр: 1984 оны     12-р сарын 30

    Төрсөн газар: Охайо, АНУ

    Өндөр, жин: 203 см, 113 кг

  Спортын төрөл: Сагсан бөмбөг

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Кливлэнд Кавалиэрс” багийн тоглогч Леброн Жеймсийг сагсан бөмбөгийн талбайд “Хаан Жеймс” хэмээн хочилдог. Охайогийн дунд сургуулийн “Mr.Basketball” шагналтнаар гурвантаа тодорч байсан тэрбээр Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит дунд сургуульд суралцаж байхдаа л ирээдүйд нэр алдраа дуургасан шилдэг тамирчин болно гэдгээ бусдад харуулж чадсан юм. Леброн 18-хан настайдаа 2003 оны NBA-ын драфтын нэгээр “Кавалиэрс”-т сонгогдож, мэргэжлийн сагсан бөмбөгчийн дебют хийхээсээ өмнө “Nike”-тай 90 сая ам.доллараар үнэлэгдэх гэрээ байгуулжээ. Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох болсон цагаасаа эхлэн олон шилдэг амжилтын эзэн болж, хамгийн залуу гэх тодотголтой олон рекордын эзэн болсон юм. Тэрбээр 2003/04 оны улиралд NBA-ын Оны шилдэг рүүки тоглогч, 2008/09 болон 2009/10 оны улиралд NBA-ын MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон бөгөөд 2005 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй Бүх NBA-ын болон Бүх оддын багт багтсаар ирсэн юм.

“Кливлэнд Кавалиэрс”-ийн довтолгооны гол хүчин болсон Жеймс 2006-2010 оны хооронд дараалан багаа плей-оффт шалгарахад голлох үүрэг гүйцэтгэсэн. 2007 онд тэд Конференсийн финалд шалгарсан нь 1992 оноос хойшхи анхны том амжилт байсан бөгөөд тэр жилдээ мөн түүхэндээ анх удаагаа NBA-ын финалд өрсөлджээ. Жеймс мөн АНУ-ын шигшээ багт багтаж, 2004 оны Афины олимпиос хүрэл, 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн юм.

БАГА НАС, ХУВИЙН АМЬДРАЛ

Леброны ээж Глория Жеймс 16-хан настайдаа хүүгээ төрүүлжээ. Түүний эцэг нь Энтони МакКлелланд гэгч эр байсан боловч хүүгийнхээ албан ёсны эцэг болохоос татгалзсан учир залуу ээж өөрийнхөө овгоор хүүгээ овоглосон байна. Леброн болон түүний ээжийн хувьд амьдрал тийм ч сайхан байсангүй. Леброныг бага балчир байхад ээж нь ихэд зовлон зүдгүүр амсч, сэтгэл санааны хувьд хямралтай байсан аж. Жирэмсэн байх үед нь Глориягийн ээж нас барсан нь түүний сэтгэл санаанд ихээхэн нөлөөлжээ. Худалдагч, кассчны ажлын хооронд завгүй гүйж, тогтвор суурьшилтай ажил олдохгүй байсан бөгөөд ээж, хүү хоёр түрээсийн байр хэсч амьдардаг байв. Кливлэндээс өмнө зүгт нэг цагийн зайтай газар орших Акрон хот 200 мянга орчим оршин суугчтай бөгөөд Глория, Леброн нар хотынхоо бараг бүх л байр түрээсэлдэг айлыг андахгүй болсон байжээ.

Хэдийгээр ажил, амьдралын хувьд зовлон бэрхшээл хангалттай амсч байсан ч Глория халамжтай ээж байхын тулд ихэд хичээж, бяцхан хүүгээ гудамжны харгис хэрцгий зодоон, нийгмийн энэ таагүй байдлаар ангид байлгахаар хэрэндээ хичээдэг байв. Леброныг хоёр настай байхад Глория Эдди Жэксон гэгч залуутай дотно харьцаатай болсон боловч 1990 онд Эдди хар тамхи наймаалсан хэргээр гянданд хоригджээ. Леброн, Жэксон хоёр бие биедээ сайн ханддаг байсан учир Глория хүүдээ эцэг болж чадахуйц эртэй учирсандаа нууцхан баярладаг байсан нь ингээд талаар өнгөрч.

Нүүдлийн амьдралтай байсан Леброн бага сургуульд элсэн ороод багагүй бэрхшээлтэй учирчээ. Гэр бүлийн амьдрал нь хүнд хэцүү, ядуу зүдүү, үргэлж санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг байсан учир бяцхан хүү бусад хөвгүүдтэй найзлахаас эмээдэг байсан гэнэ. Гэхдээ тэр хичээл номдоо шамдаж, спортод, нэн ялангуяа сагсан бөмбөг, хөлбөмбөг /америк/-т дэндүү дуртай байжээ. Майкл Жорданг шүтэж, түүн шиг сагсан бөмбөгч болохыг мөрөөдөж явсан бяцхан хүү хүнд бэрх амьдралаас өөрийн авьяас чадвараар жинхэнэ шилдэг тамирчин болжээ.

Леброн Жеймс ахлах сургуульд суралцаж байхдаа Саванна Бринсонтой танилцсан бөгөөд өдгөө хосууд хоёр хүүтэй юм. Тэдний анхны хүү Леброн Жеймс Жуниор 2004 оны аравдугаар сард төрсөн бөгөөд хосууд 2007 оны зургадугаар сард Брюс Максимус гэх хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан байна.

АХЛАХ СУРГУУЛЬ

Леброн Жеймс 1984 оны арванхоёрдугаар сарын 30-нд Охайо мужийн Акрон хотноо мэндэлсэн бөгөөд тус хотын Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит ахлах сургуулийг дүүргэжээ. Ахлах сургуулийн есдүгээр ангид суралцаж байдаа тэрбээр сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож, Division III-т аваргалсан байна. Ингэхдээ Жеймс нэг тоглолтод дунджаар 21 оноо авч, 6,2 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэв. Өдгөө Акроны их сургуулийн багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Кейт Дамброт тухайн үед Леброны дасгалжуулагч байсан ажээ. Харин 10-р ангид суралцаж байхдаа Леброн нэг тоглолтод дунджаар 25,2 оноо, 7,2 удаагийн самбараас бөмбөг авалт, 5,8 оновчтой дамжуулалт, 3,8 бөмбөг таслалт гүйцэтгэж, тэд хоёр дахь жилдээ дараалан Division III-т түрүүлсэн байна. Тэр жилдээ Леброн Жеймс Охайо мужийн “Mr.Basketball” буюу мужийн шилдэг тоглогч болоод зогсохгүй USA Today сониноос тодруулдаг Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтсан анхны 10-р ангийн сурагч болов.

Ахлах сургуулийн 11-р ангид орсон жилдээ Леброны амжилт улам ахиж, тэрбээр дахин Охайогийн “Mr.Basketball” шагналын эзэн болсон бөгөөд дахин Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтаж, 2001/02 оны улирлын хөвгүүдийн багийн улирлын шилдэг тоглогчоор тодорсон байна. Энэ үеэс эхлэн Охайод түүнийг “Хаан Жеймс” хэмээн нэрийдэх болжээ.

Удалгүй түүний зураг “SLAM” сэтгүүлийн хавтсанд хэвлэгдэн гарч, улсын хэмжээнд танигдах болов. Мужийнхаа Division II-т тоглох болсон Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит сургуулийн багт Леброн гялалзаж, сагсан бөмбөгийн талбарт түүнийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрчээ.

NBA

Рүүки:
Леброн Жеймс 2003 оны NBA-ын драфтын нэгээр “Кливлэнд Кавалиэрс” багт сонгогдсон юм. NBA-д хөл тавьсан анхныхаа тоглолтод тэрбээр “Сакраменто Кингс”-тэй халз тулж, уг тоглолтод 25 оноо багтаа авчраад зогсохгүй, 9 оновчтой дамжуулалт, 6 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, 4 удаа бөмбөг тасалсан байна. “Нью-Жерси Нэтс”-ийн эсрэг хийсэн тоглолтод улирлынхаа хамгийн олон буюу 41 оноог авснаар Леброн Жеймс NBA-ын түүхэнд нэг тоглолтод 40-өөс багагүй оноо авсан хамгийн залуу тоглогч хэмээн нэрээ мөнхлөв. Тэр улиралд Жеймс нэг тоглолтод дунджаар 20,9 оноо, 5,9 оновчтой дамжуулалт, 5,5 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, 2003/04 оны улиралд шилдэг рүүки тоглогчоор тодорсон нь “Кавалиэрс”-ийн түүхэнд анхных, харин NBA-ын түүхэнд хамгийн залуу нь байлаа. “Кавалиэрс”-ийн улирлын туршид үзүүлсэн амжилт өмнөх улирлынхаас 18 хожлоор илүү байсан ч тэд 35 хожил, 47 хожигдолтойгоор плей-оффын шатанд шалгарч чадаагүй юм.

2004/05 оны улирал:
Энэ улиралд тэрбээр NBA-ын Бүх оддын тоглолтод оролцож, 13 оноо, зургаан оновчтой дамжуулалт, найман удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бөгөөд түүний багтсан Дорно конференсийн баг 112:115 харьцаатай Өрнөдийн оддын багт ялагдсан юм. Улирлын тоглолтын дараа Жеймс трипл-дабль хийсэн хамгийн залуу тоглогч болсон төдийгүй Бүх NBA-ын багт багтжээ. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 27,2 оноо, 7,2 оновчтой дамжуулалт, 7,4 самбараас бөмбөг авалт, 2,2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн амжилтаар 2004/05 оны улирлыг үдэв. Харин “Кавалиэрс” 42 хожил, 40 хожигдолтойгоор дахин плей-оффт шалгарч барсангүй.

2005/06 оны улирал:
2005/06 оны улиралд Жеймс дахин Бүх оддын тоглолтод сонгогдож, гэхдээ энэ удаад тэд Дорно конференсийн багийг 122:20 харьцаатай хожсон бөгөөд Леброн уг тоглолтод 29 оноо авч, зургаан удаагийн самбараас бөмбөг авалт, хоёр удаагийн оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Тэрбээр 21 нас, 51 хоногтойдоо Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болов. Мөн Леброн гурван долоо хоног дараалан долоо хоногийн шилдэг тоглогчоор өргөмжлөгдсөнөөс гадна есөн тоглолтод дараалан 35-аас дээш оноо авч, Майкл Жордан, Коби Брайнт нарын амжилтыг давтжээ. Улирлын туршид тэрбээр нэг тоглолтод дунджаар 31,4 оноо, 7,0 удаагийн самбараас бөмбөг авалт, 6,6 удаагийн оновтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтаар NBA-ын түүхэнд нэг тоглолтод дунджаар 30-аас дээш оноо авсан хамгийн залуу тоглогчоор тодорсон байна. Харин түүний баг 1998 оноос хойш анх удаагаа плей-оффын шатанд хөл тавьжээ.

Улирлын тоглолтууд өндөрлөсний дараа Леброн Жеймсийн нэр NBA-ын MVP-гийн өрсөлдөөнд нэр дэвшсэн боловч санал хураалтаар “Финикс Санс”-ын Стив Нэшийн дараа хоёрдугаарт бичигдсэн байна.

2006 онд анх удаагаа плей-оффт тоосоо өргөсөн Леброн “Вашингтон Визардс”-ын эсрэг хийсэн тоглолтод 32 оноо, 11 оновчтой дамжуулалт, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн, трипл-дабль хийсэн бөгөөд анхны тоглолтод “Кавалиэрс” 97:86-аар өрсөлдөгчөө буулган авчээ. Цувралын тухайд “Морин цэргүүд” 4:2-оор хожиж, плей-оффын хоёрдугаар шатанд “Детройт Пистонс”-т долоон тоглолтод ялагдал хүлээсэн юм. Харин Леброн Жеймс плей-оффын нэг тоглолтод дунджаар 30,8 оноо авч, 8,1 удаагийн самбараас бөмбөг авалт, 5,8 удаагийн оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.

Улирлын төгсгөлд Леброн багтайгаа гурван жилийн хугацаатай, дөрөв дэх жилд тоглогч өөрөө сонголтоо хийх нөхцөлтэйгээр 60 сая ам.долларын гэрээ байгууллаа. Гэрээ 2007/08 оны улирлаас эхлэн хүчин төгөлдөр болсон ба “Хаан Жеймс”-ийн хувьд богино хугацаатайн дээр “хямдхан” гэрээ байсан ч 2010 оны улирлын төгсгөлд тэрбээр чөлөөт агент болох юм.

2006/07 оны улирал:
Леброн Жеймс Бүх оддын тоглолтод гурав дахь жилдээ дараалан сонгогдов. Оддын тулаанд тэрбээр 32 минут тоглож, 28 оноо, зургаан удаагийн самбараас бөмбөг авалт, зургаан удаагийн оновтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин улирлын тоглолтод “Кавалиэрс” өмнөх улирлын адилаар 50 хожил авч, Дорно конференсиэс хоёроор шалгарсан бөгөөд Жеймс нэг тоглолтод дунджаар 27,3 оноо, 6,7 удаагийн самбараас бөмбөг авалт, 6,0 оновчтой дамжуулалт, 1,6 удаагийн бөмбөг таслалт гүйцэтгэв.

2007 оны плей-оффын тоглолтод “Кавалиэрс” түүхэндээ анх удаагаа эхний шатны тоглолтыг шүүрджээ. Тэд өмнөх улиралд мөн учраа таарсан “Вашингтон Визардс”-ыг дөрвөн тоглолтод буулган авсан бөгөөд цувралын дөрвөн тоглолтод Жеймс дунджаар нэг тоглолтод 27,8 оноо, 7,5 удаагийн оновчтой дамжуулалт, 8,5 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. Харин плей-оффын хоёрдугаар шатанд Жеймс багаа манлайлж, тэд “Нью-Жерси Нэтс”-ийг 4:2 харьцаатай хожсоноор “Кавалиэрс” 15 жилийн дараа Дорно конференсийн финалд шалгарчээ. Конференсийн аваргын төлөөх тоглолтод тэд “Детройт Пистонс”-той өрсөлдсөн бөгөөд цувралын эхний хоёр тоглолт ялагдаж, 0:2 харьцаатай ялагдаж байсан боловч дараалан дөрвөн тоглолтод хожиж, гайхам ялалт байгуулсан юм.

Харин NBA-ын аваргын төлөөх цуврал тоглолтод Леброн нэг тоглолтод дунджаар 22 оноо, 7,0 удаагийн самбараас бөмбөг авалт, 6,8 удаагийн оновчтой дамжуулалт өгчээ. Гэхдээ тэд “Сан-Антоно Спурс”-т 4:0-ээр хожигдсон.

2007/08 оны улирал:
Шинэ улирал эхлэхэд Леброн Жеймс ид шидийн гэмээр тоглолт хийж, амжилт дагуулсан хэвээр л байв. Тэр дөрөв дэх жилдээ дараалан Бүх оддын тоглолтод оролцож, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгчдийн эгнээнд зүй ёсоор багтав. Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Леброн өрнө, дорно бүсийнхний тулаанд 27 оноо, найман удаагийн самбараас бөмбөг авалт, есөн удаагийн оновчтой дамжуулалт, хоёр блок шот, хоёр бөмбөг таслалт гүйцэтгэсэн бөгөөд дорнодынхон 134:128-аар ялалт байгуулсан юм.

2008 оны хоёрдугаар сарын 19-нд Леброн “Хьюстон Рокетс”-той хийсэн тоглолтын үеэр трипл-дабль хийсэн нь түүний карьерын 15 дахь нь байв. Ийнхүү тэрбээр NBA-ын түүхэнд Оскар Робертсон, Мэжик Жонсон нарын араас хамгийн залуугаараа 15 трипл-дабль хийсэн гурав дахь тоглогч болжээ.

Удалгүй, хоёрдугаар сарын 27-нд “Бостон Селтикс”-ийн эсрэг хийсэн тоглолтын үеэр тэрбээр 11 удаа Бүх оддын тоглолтод оролцож байсан Кевин Гарнеттийн эсрэг самбарт довтолж, карьерынхаа 10 мянга дахь оноог авчээ. Ингэж тэр 23 нас, 59 хоногтойдоо NBA-ын түүхэнд 10 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болсон юм. Энэ улиралд тэрбээр мөн “Кавалиэрс”-ийн түүхэн дэх хамгийн олон оноо авсан тоглогчоор тодорсон байна.

2008/09 оны улирал:
2008/09 оны улиралд Жеймс дахин амжилтаа ахиулж, хувийнхаа рекордыг шинэчлэв. Сарын шилдэг тоглогчоор дөрвөн удаа дараалан шалгарч, 2003/04 оны улиралд Кевин Гарнеттын гаргаж байсан амжилтыг давтжээ. Мөн гол таван статистик үзүүлэлтээр (нийт оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, блок шот) бүгдэд нь багаа манлайлсан NBA-ын түүхэн дэх ердөө дөрөв дэх тоглогч болсон байна. Гуравдугаар сарын 25-нд “Нью-Жерси Нэтс”-тэй хийсэн тоглолтод ялалт байгуулснаар “Кливлэндийн Морин цэргүүд” 1988/89, 1991/92 оны улиралд гаргаж байсан 57-25 амжилтаа ахиулж, улирын 58 дахь хожлоо авсан бөгөөд улиралд өндөрлөхөд тэд 66 хожил, 16 хожигдолтой байв. Плей-оффын эхний шатанд тэд “Детройт Пистонс”-ыг шүүрдэж, цуврал тоглолтод Жеймс дунджаар 32 оноо, 11,3 удаагийн самбараас бөмбөг авалт, 7,5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, ингэхдээ хамгийн сүүлийн тоглолтод 36 оноо авч, 13 удаа самбараас бөмбөг авч, долоон оновчтой дамжуулалт өгснөөс гадна 17 торгуулийн шидэлт гүйцэтгэснээс 16-г нь сагсанд оруулжээ.

Тавдугаар сарын 4-нд NBA-ээс түүнийг Үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэж, Леброн Жеймс “Кавалиэрс”-ийн түүхэнд энэ эрхэм шагналыг хүртсэн анхны тоглогч болов. Мөн тэрбээр анх удаагаа NBA-ын Бүх хамгаалалтын багт багтсан бөгөөд плей-оффын дараагийн шатанд Жеймс “Кавалиэрс”-ийн хамт “Атланта Хаукс”-ыг 4:0-ээр шүүрдлээ.

Харин конференсийн аваргын төлөө “Орландо Мэжик”-тэй тоглосон тэд зургаан тоглолтод ялагдсан юм.

2009/10 оны улирал:
Жеймс зургаа дахь удаагаа Бүх оддын тоглолтод сонгогдов. Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдыг шалгаруулах санал хураалтад тэрбээр гурван удаа 2,5 саяас дээш санал авсан анхны тоглогч болжээ. Уг тоглолт 141:139 харьцаатай дорнодынхны ялалаат өндөрлөсөн бөгөөд Жеймс 25 оноо, зургаан оновчтой дамжуулалт, таван удаа самбараас бөмбөг авалт, дөрвөн удаа бөмбөг таслалт хийсэн байна.

2010 оны гуравдугаар сарын 13-нд “Чикаго Буллс”-тэй хийсэн тоглолтын үеэр тэрбээр карьерынхаа 15 мянга дахь оноог авч, энэ амжилтад хүрсэн хамгийн залуу тоглогч болсон юм.

Улирлын төгсгөлд Жеймс лигийн Үнэ цэнэтэй тоглогчоор дахин шалгарав. Гэсэн хэдий ч плей-оффын шатанд тэд “Бостон Селтикс”-т зургаан тоглолтод хожигдсоноор энэ улирлыг үдсэн юм.

АНУ-ЫН ШИГШЭЭ БАГ

Рүүки жилээ өнгөрүүлсний дараа Леброн Жеймс 2004 онд Афины олимпод оролцох АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэд олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь NBA-ын оддоор багаа бүрдүүлэх болсноос хойш анх удаагаа алтан медалиас мултарсан тохиолдол байлаа. Олимпийн наадамд Жеймс нэг тоглолтод дунджаар 14,6 минут талбайд тоглож, ингэхдээ ердөө 5,8 оноо, 2,6 удаагийн оновчтой дамжуулалт, 4,8 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Дараа нь Жеймс 2006 оны FIBA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, энэ удаад америкчууд дахин хүрэл медаль дээр буув. Удалгүй 2006 оны сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон боловч алтан цом өргөх хувь дутсан байна.

Харин дараа нь олимпийн сонгон шалгаруулалтад тоглож, улмаар “Бээжин-2008”-ыг зорьсон бөгөөд олимпийн наадмын турш америкчууд нэг ч тоглолтод ялагдалгүй, олимпийн аварга болсон юм. Тэд финалын тоглолтод Испанийн багийг 118:107 харьцаатай хожсон билээ.

ГАВЬЯА, ШАГНАЛ

    NBA-ын Үнэ цэнэтэй тоглогч – хоёр удаа: 2009, 2010 онд
    NBA-ын Оны шилдэг рүүки тоглогч – 2004 онд
    NBA-ын Онооны аварга – 2008 онд
    NBA-ын Бүх оддын тоглолтын Үнэ цэнэтэй тоглогч – хоёр удаа: 2006, 2008 онд
    NBA-ын Бүх оддын тоглолтод зургаа удаа оролцсон: 2005-2010 онд тасралтгүй
    Бүх NBA-ын багт зургаа удаа багтсан. Ингэхдээ I багт 2006, 2008, 2009, 2010 онд, II багт 2005, 2007 онд багтжээ.
    NBA-ын Бүх хамгаалалтын баг хоёр удаа, ингэхдээ хоёуланд нь буюу 2009, 2010 онд нэгдүгээр багт багтжээ.
    NBA-ын Бүх рүүкигийн нэгдүгээр багт 2004 онд багтсан байна.
    АНУ-ын багийн хамт:

  • 2004 оны зуны олимпиос хүрэл,
  • 2008 оны зуны олимпиос алт,
  • 2006 оны FIBA-гийн ДАШТ-ээс хүрэл,
  • 2007 оны FIBA-гийн Америкийн АШТ-ээс алт

Бэлтгэсэн С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж