Намын бүлгүүд зөвшилцөв

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд зөвшилцөв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй холбоотой мэдээлэл хийсний дараа хуралдааныг завсарлуулсан юм. Тус хуралдаан завсарлангуут Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, мөн МАН-ын гишүүн Н.Энхболд нар зөвшилцөлд орсон байна. Зөвшилцөж буй асуудал тодорхой бус ч намын бүлэг завсарлага авахтай холбоотой хуулийн төслийн хүрээнд хэлэлцээр өрнөж байх талтай аж. Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх үед намын бүлгүүд хойшлуулах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга ёсоор болгосон юм. Ингэхдээ маргааш буюу мягмар гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлахад эл асуудлыг нэг тийш болгон оруулж ирэх ёстой гэсэн үүргийг УИХ-ын дарга намын бүлгүүдэд өгсөн билээ. Тиймээс завсарлагатай холбоотойгоор зөвшилцөл явагдаж байх талтай аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийгээд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд сар тутамд 21 мянган төгрөг олгох ёстой гэсэн байр суурийг МАН-ын гишүүд тавьж буй. Ингэхдээ тэд шаардлагатай хөрөнгийг 2012 оны төсвийн тодотголд суулгаж өгөх ёстой хэмээж байгаа бөгөөд энэ асуудалд мөн зөвшилцөх асуудалд багтсан талтай тухай мэдээлэл бас байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж