Google Чилид сүлжээний төв байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Google Чилид сүлжээний төв байгуулна

Google компани Латин Америк дахь хамгийн анхны мэдээллийн сүлжээний төвөө Чилийн нийслэл Сантьяго хотод байгуулахаар болжээ.

Тус компаний албаны хүмүүсийн мэдээлснээр шинээр байгуулагдах энэхүү мэдээллийн төвийг тус улсад нээснээр жилдээ 94 сая евро буюу 150 сая ам долларын ашигтай ажиллана хэмээн үзэж байгаа аж.

Google-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр Латин Америк дахь мэдээллийн төвөө Чили улсад байгуулах болсон нь техник технологийн талаарх дэд бүтцийн асуудал тус бүс нутгийн хувьд арай илүү хөгжсөнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн тус улс мэдээллийн сүлжээний туршлагатай боловсон хүчний тоогоороо Латин Америкийн бусад орнуудаас илүү байсан нь Чилийг сонгох бас нэгэн шалтгаан болсон аж.

Энэхүү мэдээллийн төвийг байгуулахаар анх Бразил болон Чили улсыг авч хэлэлцсэн бөгөөд эцсийн шийдвэрээр ийнхүү Чилийг сонгохоор болсон аж.

Google-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр тус компани АНУ, Финлянд, Бельги, Хонг-Конгод өөрийн мэдээллийн төвөө аль хэдийн нээчихсэн байгаа ч ирэх онд Тайвань, Сингапурт нээх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Чили улсад байгуулагдах энэхүү мэдээллийн сүлжээний төв ирэх 2013 онд үйл ажиллагаагаа эхлэх гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж