Махны үнийг Засгийн газар дийлэх үү

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Махны үнийг Засгийн газар дийлэх үү

Өнгөрсөн оноос Монголд махны ханш эрс өссөн. Энэ зун үхрийн ястай мах
6-7, хониных 5-6 долларын үнэтэй байв. Энэ нь өнгөрсөн жилийнхээс
даруй 30-40 хувь өндөр үнэ юм. 50 сая малтай улсын тухайд энэ нь жам
ёсны бус үнэ гэж ихэнх монголчууд үзэж үүнд “ченжүүд”-ийг үгсэн
тохиролцлоо хэмээн зэмлэж байна. Зарим нь урагшгүй зохицууллаа гэж
Засгийн газарт бурууг нь тохож байна.

Хэрэг дээрээ үүний цаана түүнчлэн Монголын эдийн засгийн өнөөгийн
онцлог нуугдаж байгааг олж харах ёстой. Гадаад хүчин зүйлийг нь
тайлбарлая. Манай эдийн засаг хаагдмал байдлаасаа ангижрахын хэрээр олон
улсын зах зээлийн нөлөөнд орж байна. Хилийн чанад руу гарч буй мах,
махан бүтээгдхүүний хэмжээ нэмэгдсээр байгаа нь олон улсын зах зээлийн
үнэ рүү ойртох дохио зангааг бүрдүүлж байгаа.Дэлхийн зах зээл дээр
аливаа бүтээгдхүүний үнэ жилд дунджаар 2-3 хувь өсдөг, манай мах ч энэ
зүй тогтлоос гадуур оршиж эс чадах бүлгээ.
Дотоод талдаа бүр ч хүчирхэг нөлөөлөл үүссэн. Уул уурхайн эрчимтэй
өсөлтийг дагалдан хүн амын орлого, худалдан авах чадвар дээшилж улмаар
хүнсний, үйлчилгээний зэрэг салбар хурдацтай өргөжиж байна. Эдгээр
салбарын өсөлтийн гол хөшүүрэг нь өсөн нэмэгдэж буй үнэ, түүнийг
дагалдсан ашиг болой. Бидний ярих дуртай болоод буй “голланд өвчний”
үндсэн шинж тэмдэг нь чухам ийм шүтэлцээ билээ. Энэ нь Монголд өвчин
болтлоо даамжраагүй байгаа, гэхдээ яригдаад буй хамаарал аль хэдийнээ
бий болсон.

Тэгэхээр үнийн дээрх өсөлт нь зохиомол, эсхүл түр зуурын зүйл биш зах
зээлийн жам ёсны зүй тогтол байх нь. Тиймээс түүнийг хөхүүлэн дэмждэггүй
юмаа гэхэд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Харин үнийг түр зуурын
конъюнктурын шинжтэй нөлөөллөөс нь ангид, аль болохоор тогтвортой
байлгавал зохино.

Хэдийвээр хэрэглэгчийн эрх ашгийг урьтал болгож, ойрын хугацааны
зорилтыг эрхэмлэвэл махны өндөр үнэ нийгэмд таагүй үр дагавар авчирч буй
ч мал аж ахуйн үйлдвэрлэлийн даацтай өсөлтийг хангах алсын зорилтыг
бодолцвол түүнийг хүлцэхээс өөр аргагүй. Монголчуудын гуравны нэг нь
хөдөө аж ахуйг түшиж амьдарч буй өнөөгийн нөхцөлд тэдний орлогыг
нэмэгдүүлэхэд дээрх өсөлт тун ч ач холбогдолтой. Малчид маань мөнгөжвөл
фермерийн аж ахуйг жинхэнэ утгаар нь хөтлөнө. Алсдаа үржил селекц,
эмнэлэг вакцинжуулалт, даатгал маркетингаа бие даагаад явуулах чадвартай
олон олон аж ахуйн нэгж бий болж, мал маань “төрийн хамгаалалт”-ад бүгж
суудаг биш төсвийг татвараараа тэтгэдэг салбар болж хувирна. Экспортод
мах, ноос, арьс ширний жин нөлөө нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр хот сууринг
чиглэсэн нүүдлийг хөдөөгийнхний орлогыг нэмэгдүүлэх замаар л сааруулж
чадна. Энд дээрх өсөлтийн нийгмийн өгөөж оршино.

Засгийн газар харин махны үнийн өсөлтийн сөрөг үр дагаврыг нь
саармагжуулахад чиглэсэн бодлогыг л хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь өсөлтийн
дийлэнх нь үйлдвэрлэгчид үлдэх, багаахан хэсэг нь тээвэрлэлт,
борлуулалтын дамжлагад ногдохуйц зохицуулалт шаардагдаж байна. Хууль нь
батлагдаад буй Хөдөө аж ахуйн бирж энэ чиглэлд нааштай нөлөө үзүүлнэ гэж
найдъя. Ямар ч болов түүний үйл ажил­лагаанд мэргэжлийн холбоод, төрийн
бус байгууллагуудыг өргөн оролцуулж үр дүнг ил тод тайлагнадаг болох нь
чухал. Зөөврийн эрчим хүчээр ажилладаг хөргүүрийг хөдөөд нэвтрүүлэх
зэрэг технологийн шинжтэй хөтөлбөрүүдийг ч Засгийн газар манлайлан
хэрэгжүүлбэл зохино. Чингэснээр махан бүтээгдэхүүний үрэлгэн хэрэглээг
хумихад чамгүй дэм болно. Орон нутагт баригдахаар төлөвлөгдөж буй
боловсруулах үйлдвэрүүд эргээд малчдыг махан бүтээгдхүүнээр хангах
сүлжээ бий болгох ёстой.

Төсвийн хөрөнгийг тарамдуулсан, махны далд дамын наймааг өөгшүүлсэн
нөөцийн мах бэлтгэл хэмээх нэртэй тогтолцоог ч халвал зохино. Харин
шаардлагатай бол эмзэг бүлгийнхэнд махны үнийн зөрөөг нийгмийн халамжийн
хүрээнд нөхөн олгож болно.Орлого багатай иргэдийн хувьд 1990-ээд оны
“талхны картын” тогтолцоог ч махны хувьд ашиглаж болно.

Махны эрэлт, нийлүүлэлтийн дагуу тогтож буй үнийг хүлээн зөвшөөрөх нь
монголчуудын хүнс тэжээлийн “маханд суурилсан” уламжлалт бүтцийг
зохисжуулж илүү дэвшилтэт хэв загвар бүрдүүлэхэд ч эерэг нөлөөтэйг цохон
тэмдэглэе. Хот суурингийн бидний хоолны цэсэд ургамлын гаралтай болон
сүү, цагаан идээний эзлэх хувь нэмэгдэх ёстой. Энэ нь эрүүл хооллолтын
төдийгүй, ногоон эдийн засгийн үүднээс хүмүүн төрөлтний өмнө тавигдаж
буй нийтлэг шаардлага.

Тэгэхээр махны үнийг бууруулах, эсхүл тодорхой түвшинд тогтоон барихыг
Засгийн газраас шаардах нь зах зээлийн зүй тогтолтой зөрчилддөг байх нь.
Тэгээд ч захиргааны аргаар үнийн өсөлттэй тэмцээд үр дүнд хүрэх ч үгүй
юм.

Улс төрийн зорилгоор сонгуулийн пиарын хүрээнд Засгийн газраас өнгөрсөн
тавдугаар сард гаргасан махны экспортыг зогсоосон шийдвэрийг даруй
цуцлах ёстой. Энэ нь гадаадын худалдан авагчдын бидэнд хандах итгэлийг
сулруулсан, алсуураа малчдын орлогыг хязгаарлах үр дагавартай харалган
шийдвэр болох нь ойлгомжтой.

Доктор Ж.ГӨЛГӨӨ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж