Хятадууд Африкийг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Хятадууд Африкийг сонирхож байна

Сүүлийн хэдэн жилд урд хөрш Африк тивд
асар их хөрөнгө “цацах” болсон. Дэд бүтцийн томоохон төслүүдийг
хэрэгжүүлж, бага хүүтэй зээл олгох замаар тус тивийн ашигт малтмал, уул
уурхайн салбарыг гартаа оруулж, улмаар зах зээлийг нь эзлэх бодлого
явуулж эхэлсэн.

Харин сүүлийн үед эдийн засаг, улс
төрөөс гадна Хятад улс Африк тивд өөрсдийн хэвлэл мэдээллийн
байгууллагуудын салбарыг нээх болсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард
Хятадын Үндэсний телевиз CCTV Кени улсын нийслэл Найроби хотноо салбараа
нээсэн аж. Хятадын Төрийн өмчит CCTV дэлхийн өнцөг булан бүрт салбартай
ч энэ удаа Найробийг сонгосон нь олон шалтгаантай.

Шинжээчдийн үзэж буйгаар Африкт
бизнесийн хүрээгээ тэлэх нь улсынхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих
Хятадын Засгийн газрын бодлогын нэг хэсэг аж. Frontier Advisory-ийн
шинжээч Жинхуа Лу “Хятад Үндэсний телевизийнхээ салбарыг ийнхүү Африкт
нээж байгаа нь энэ тивийн зах зээлийг эзлэх хүсэлтэй байгааг харуулж
байгаа юм” гэв. Тэрбээр “Африкт оруулж буй Хятадын хөрөнгө оруулалт
сүүлийн жилүүдэд эрс өссөн. Түүнчлэн Африктай хийх гадаад худалдаа 116
тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон. Энэ нь Хятад тус тивийг хэрхэн
сонирхож байгааг илтгэж байгаа юм” хэмээн ярилаа.  

Сүүлийн 10 гаруй  жилийн хугацаанд Хятад
улс Африкийн бизнесийн хамгийн том түнш болж чадсан. Мэдээлэл
харилцааны салбарт ч тэр. Урд хөрш Африк тивийг сүлжсэн мэдээлэл
харилцааны дэд бүцтийн системийн сүлжээ бий болгохоор нилээд хөрөнгө
зарцуулсан юм. Мөн Африкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэрэгцээт
техник, тоног төхөөрөмжөөр хангаад зогсохгүй тэдний сэтгүүлчдийг
мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байдаг. Үүнийхээ хариуд Хятадын
Засгийн газар өөрийн байр суурийг Африкийн хэвлэл мэдээллийн салбарт
өргөжүүлж, улмаар чухал нөлөөтэй болсон. Хятадын Үндэсний мэдээллийн
агентлаг Синьхуа тус тивд нийт 20 салбартай бөгөөд 2008 онд Хятад,
Африкийн хамтарсан мэдээллийн төвийг байгуулжээ. Өнгөрсөн оны
дөрөвдүгээр сард Safaricom гэх мэдээлэл, харилцааны компанитай хамтран
Кени улсад цахим хэвлэл гаргах болсноо мэдэгдсэн билээ.

Хятад улс дээрх хэвлэл мэдээллийн
бодлогын хамрах хүрээгээ ахиулсаар. Жишээ нь, дэлхийн болон Африкийн
мэргэжлийн сэтгүүлчдийг эгнээндээ элсүүлэхээс гадна сэтгүүлч болох
хүсэлтэй залуусыг сурган авч эхэлсэн байна. CCTV-ийн Найроби дахь
салбарын сэтгүүлч, нэвтрүүлэгч Марк Масай “Бид дэлхий нийтийн “Африк”
гэх төсөөллийг бага ч гэсэн эерэг зүйл рүү хандуулахыг зорьж ажилладаг.
Мэдээж Африкт өлсгөлөн, иргэний дайн гээд тулгамдсан асуудал олон бий.
Гэхдээ зөвхөн асуудлыг хар талаас нь биш гэгээлгээр мэдээлж, бүх зүйлд
ямар нэг шийдэл байдаг гэдгийг харуулах хэрэгтэй” гэсэн юм. Харин тус
телевизийн Кени дэх салбарын  гүйцэтгэх редактор Панг Шинхуа “Бид олон
нийтэд эерэг мэдээлэл түгээхийг эрмэлздэг” хэмээн ярив.

Африк тивийг ийнхүү сонирхох болсон нь
тус тивийн хар барааныг эерэгээр эргүүлэх биш, харин Хятадын Засгийн
газар өөрийн улсыг ухуулан, сурталчилах нэг хэлбэр хэмээн шинжээчид
тайлбарлаж байна. Учир нь, тэд урд хөршийг өчүүхэн зүтгэлээр асар их
ашигт малтмалтай Африкийг улсынхаа эдийн засгийн хөшүүрэг болгохыг зорьж
байна хэмээн үзэж байгаа ажээ.

Өмнөд Африкийн Олон улс судлалын төвийн
судлаач Юу Шан Ву хэлэхдээ “Хятад улсын хэвлэл мэдээллийн томоохон
төлөөлөгч энэ тивд төдийгүй дөнгөж хөгжиж буй оронд ч үйл ажиллагаагаа
өргөжүүлэхийг зорьж буй нь дэлхийг атгах маш том төлөвлөгөөний ердөө
бичил хэсэг нь. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятадын эдийн
засаг, улс төрийн бодлогыг магтан сайшаах арга” гэв. Тэрбээр өөрийн
“Африкийн эзэлж буй Хятадын хэвлэл мэдээллийн хаанчлал” номондоо “Хятад
улс цэргийн хүч ашиглалгүй, хэвлэл мэдээллийн дуу хоолойгоор олон улсын
нөлөөллөө зэвсэглэж байна” хэмээн дурдсан байдаг. Вугийн хэлснээр,
CCTV-ийн салбарыг Кенид байгуулсан нь барууны орнуудын мэдээллийн
хэрэгслээр түгдэг Хятадын талаарх таагүй мэдээллийн эсрэг барих хариу
үйлдэл байж болох аж. Харин тус телевизийн Кени дэх салбарын гүйцэтгэх
редактор Панг “Хэдийгээр CCTV Хятадын Засгийн газрын мэдэлд байдаг ч эрх
баригчдаас ямар нэг хяналт, цензур тогтоодоггүй” хэмээн тайлбарласан
юм. Тэрбээр “Манай телевизийн ТУЗ ихэвчлэн Кени улсын иргэдээс бүрддэг.
Тиймээс тэд нэвтрүүлгийн төрөл, агуулгыг тодорхойлдог” гэсэн юм. Гэсэн ч
Хятадын Засгийн газраас тодорхой үүрэг, даалгаварыг өгдөг нь зайлшгүй
хэмээн хэвлэл мэдээллийн шинжээчид үздэг.

 Б.ҮҮРИЙНТУЯА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MONGOLIANECONOMY.COM


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж