Тэгвэл Баасан гаригт тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд нийт 26 төлөөлөгч оролцож, МАН-ын бүлгээс ИТХ-ын төлөөлөгч Т.Аюурсайханыг, АН-ын бүлгээс төлөөлөгч Б.Батхуягийг нэр дэвшүүлсэн байна. Нууц санал хураалтын дүнд төлөөлөгчдийн 60 хувийн саналыг авсан Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар сонгож, холбогдох тогтоолыг баталсан байна.
Төмөрбаатарын Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг онц дүнтэй төгссөн. 1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторант. Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй. 1999-2000 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт ажилтан, 2000-2005 онд Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал, 2005-2006 онд Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2009 оноос МАН-ын УЗ-ийн ХЭГ-т ажилтан, 2008 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга, 2011 оноос ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаа аж.
Дүүргийн ИТХ холбогдох тогтоол шийдвэрүүдээ Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болжээ.