Ингээд “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн ерөнхий найруулагч Ж.Сэнгэдоржтой жүжгийн нээлтийн дараа цөөн хором ярилцсан юм.
– Дэлхийн 10 гаруй оронд тавигдсан энэ жүжиг өнөөдөр монголын тайзнаа тавигдлаа?
-Монголд тэр тусмаа Азид өнөөдөр хамгийн анх “Хоёр ертөнцийн буудал” гэдэг жүжиг тавигдаж байгаа. Тэр талаасаа онцлог бүтээл. Мөн ард түмэн бүтээл талаас нь илүүтэй ойлгодог болж. Тиймээс ийм жүжгийг үзэх хэрэгтэй бол уу гэж бодож байгаа юм. “ТV Cocktail” хамтлаг, хошин шогийн жүжигчид оролцлоо гэдэг өнцгөөс үзэгчид ойлгож магадгүй юм. Энэ бол хошин шогийн биш, цэвэр сонгодог драмын жүжиг байгаа. Тэр талаасаа ард түмэнд таалагдсан байх.
-Энэ жүжгээрээ дамжуулан үзэгчдэд юуг илүүтэй хүргэхийг зорьсон бэ?
-Ер нь бол аливаа нэг ухаарал, шийдлийг найруулагч цэнхэр дэлгэцээр шууд илэрхийлэхдээ биш хүмүүс хүрч ирээд өөр өөрийн өнцгөөс хүлээж аваасай гэж бодож байгаа юм. Түүнээс биш яг одоо Сэнгэдорж найруулагчийн зүгээс энэ юм аа, ийм юм илэрхийлэх гэсэн гэж би задалмааргүй байна. Үзэгчид өөр өөрсдийнхөөрөө л бодож, хүлээж авах хэрэгтэй байх.
-Сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээл түлхүү найруулан тайзны бүтээлээс түр завсарлаад байсан шүү дээ. Эргэн тайзны уран бүтээл найруулахад ямар байв?
-Энэ үнэн л дээ. Яагаад гэвэл би ухаан орсон цагаасаа л Хүүхэд, залуучуудын театрын тайзны ард өссөн. Тайз гэдгийг агуу их мэдэрсэн цусанд минь байж байдаг гэдэг өнцөгөөсөө энэ зүг рүү асар их сонирхол байж байдаг. Хамгийн сүүлд 2002 онд Ф.Достоевскийн “Цагаан шөнө” жүжгийг тавьсан. Түүнээс хойш сая “ТV Cocktail” хамтлагийнхан санал тавьснаар энэ жүжгийг тавилаа. Миний хувьд гайхалтай сайхан байлаа.
-Дараагийнхаа уран бүтээлийн талаар сонирхуулбал?
-Давалгаа хүлээнэ. Уран бүтээлч хүн угаасаа дотоод давалгаагаа л хүлээдэг. Түүнээс биш шууд одоо би үүний дараа тийм юм хийнэ гэж төлөвлөмөөргүй байна.