-МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцаад ямар дүгнэлт өгөв?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцан, удирдлагуудтай санал бодлоо солилцож, тодорхой үүрэг чиглэл өглөө. Ингэхдээ байгууллагын хариуцлагын асуудлыг чухалчилсан. Мөн Нэгдсэн төв лаборатори болон шинэлабораторийн барилгын ажилтай танилцсан. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийнхяналтын үйл ажиллагаатай танилцсанаар тодорхой зүйлүүдийг шийдвэрлэх шаардлагатайг олж харж байна. Шинээр хийж бүтээх,ажлаа сайжруулах зүйл их байна. Тоног төхөөрөмжийн асуудал, ажиллах нөхцлийн асуудал бас байна. Газар дээр нь очиж нэг бүрчлэн хүмүүстэй уулзсан нь үр дүнгээ өглөө.
-Шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухайд?
-Шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Мэргэжлийн хяналтын байгууллага бол хууль хэрэгжүүлдэг байгууллагад хяналт тавьж, Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалт хийж, улс орны өмнө хариуцлага тогтоодог. Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрийг албан тушаалтан, аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэх ёстой. Байцаагч нарын гаргасан шийдвэрийг ямар нэгэн эрхтэн дархтны нөлөөгөөр хэрэгжүүлдэггүй тохиолдол их байна. Дүгнэлтийг хэрэгжүүлдэггүй албан тушаалтан, аж ахуй нэгжүүдийн нэрсийг гаргаж зарлана. Шаардлагатай бол хууль, шүүхийн байгууллагад хандана. Бидний хувьд хууль бүх хүний өмнө адилхан үйлчилдэг байх ёстой. Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан шийдвэрийг хэсэг хүмүүс хэрэгжүүлж, бас нэг хэсэг нь хэрэгжүүлдэггүй байна гэдэг нь тун буруу юм.
-Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж иргэд багагүй шүүмжилдэг. Энэ талаар?
– Дэлхий дээр манайх шиг эрх чөлөөтэй орон байхгүй. Эрх чөлөөний хажуугаар бид хуулийг хэрэгжүүлдэг байх ёстой. Албан хаагчдын үгийг сонсож байхад хариуцлага, сахилга бат хууль хэрэгжилт манай оронд туйлийн хангалтгүй байна. Ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл бол хууль юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоог олон хүн шүүмжлээд байгаа. Нэг талаас бид шүүмжлэлийг хүлээж авна. Шүүмжлэл байна гэдэг ажлаа хийж байгаагийн илрэл.