Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр өнөөдөр тохиож буй. 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэсээр 21 дэх жилтэйгээ золгож байна. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Сонгинохайрхан ууланд орших хэлмэгдэгсдийн булш, хотын төвд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх ажиллагаа боллоо.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд,  дэд дарга Л.Цог,  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим хэмээн үзэж байна. Одоогоор 30 мянга орчмыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.  1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байдаг аж. Гэхдээ цаана нь материалууд нь олдохгүйгээс болж, хэргийг нь цагаатгаж чадахгүй иргэд бас нэлээд байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ














NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж