Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутагт ургац хураалтын ажил эд эхэлж байна. Аймгийн хэмжээнд энэ онд 48 аж ахуйн нэгж, 62 иргэн үр тарианы үйлдвэрлэл эрхэлж, 9 мянган га талбайд үр тариа тариалсан бол 12500 га талбайд уринш боловсруулжээ. Ургацын урьдчилсан балансаар нэг га талбайгаас 16 центр үр тариа хураан авах аж. Ингэж тооцвол Дархан-Уул аймгийн тариаланчид энэ намар 14 мянган тонн үр тариа хураан авна гэсэн үг. Өнгөрсөн оны хувьд нэг га талбайгаас дунджаар 15 центр үр тариа хураан авч байсан юм. Хонгор сумын хувьд сүүлийн хоёр жилийн туршид 90-ээд оноос хойш аваагүй арвин ургац хураан авч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар тариалангийн талбайд ангилан хадалт хийж эхэлсэн бөгөөд 315 га талбайг хадаад байна. Ургац хураалтанд хэрэглэгдэх техник, зүтгэх хүчний хувьд 28 комбайн талбайд гарахаас өнөөдрийн байдлаар 7 нь гарчээ. Эхнээсээ хураан авсан ургацын хэмжээ нь өндөр буюу нэг га талбайгаас 20 болон 21 центр үр тариа хураан авсан аж ахуйн нэгжүүд ч цөөнгүй байна. Үүнд бороо хур элбэг байж, зуншлага сайхан болсон нь нөлөөлсөн гэж тариаланчид хэлж байсан юм. Тус сумын хэмжээнд энэ долоо хоногтоо багтаан ургац хураалтыг жигдрүүлэхийг зорьж, үр тариа эрхлэгчдээ шавдуулж байна. Энэ нь 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр агаарын хэм хүйтэрч, цас орох цаг агаарын төлөвтэй холбоотой юм. Тиймээс үр тарианы хураалтыг энэ сардаа багтаан дуусгах хэрэгтэйг сануулж байна. Харин төмс хүнсний ногооны хувьд тариалалт хийгдсэн гол бүс болох Орхон сум ирэх 7 хоногт ургацын дайчилгаанд оюутнуудыг хамруулж, ургац хураалтын ажлаа эрчимжүүлэхээр болжээ.
М.Дэлгэржаргал / Дархан /