Аврах тусгай ангийн албан хаагч хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Аврах тусгай ангийн албан хаагч хүнд гэмтжээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн албан хаагч, офицер залуу чиг үүргийн бус ажил гүйцэтгэн барилга дээр ажиллаж байгаад хүнд гэмтэл авсан хэрэг өнгөрсөн баасан гаригт болжээ. Түүний толгой дээрээс хүнд  төмөр унаснаас тархи, нугас, нүдэндээ хүнд гэмтэл авсан байна. Тэрээр одоо Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй ч яаралтай өөр эмнэлэгт шилжүүлж, нүдний хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ.

Аврах ангийн албан хаагчид гал, усны гамшиг, байгалийн аюулт үзэгдлээс үүдсэн онцгой нөхцөл байдалд хүн амыг аврах, туслах үүрэгтэйгээр ажилладаг. Түүнчлэн осолд өртсөн залуу аврах тусгай ангийн химийн бүлгийн офицер юм байна. Энэ удаад тэдгээр албан хаагчид яагаад барилга дээр ажиллаж байсан нь одоогоор тодорхойгүй байна. Зарим эх сурвалжийн хэлснээр ангийн захирагч хурандаа А.Батмөнхийн даалгавраар УИХ-ын гишүүн асан Д.Арвины дүүгийн барилгын компанийн ажилд дайчлагдаад байсан бололтой. Дээрх осол болсны дараа барилга дээр ажиллаж байсан бусад залуучуудыг ангийн удирдлага нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр албадан гарын үсэг зуруулсан, үүнийг аврагчид эсэргүүцсэн гэх мэдээлэл ч байна.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж