“НВЦ” дэлхийн өндөгний баярыг хоёр дахь жилдээ тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

“НВЦ” дэлхийн өндөгний баярыг хоёр дахь жилдээ тэмдэглэлээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 8-нд дэлхийн өндөгний өдөр тохиосон билээ. Манай улс дэлхийн өндөгний өдрийг хоёр дахь жилдээ Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр тэмдэглэлээ. Монголын хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон “НВЦ” компаний санаачлагаар уг баярыг ийнхүү хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тэд “Дэлхийн өндөгний баяр”-ын өдөр Сүхбаатарын талбайд өндөгний ач тусыг сурталчлан, иргэдэдийн дунд явуулсан сугалаат худалдааныхаа азтанг шалгаруулсан. Тус компанийн зардлаар АНУ-д аялах эрхийг нэг азтан хүртсэн бол мөн бүтэн жилийн өндөгний хэрэглээ, мөнгөн шагналын эздийг тодрууллаа. Өндөгний баярыг зорин ирсэн нийслэлчүүдийгээ шинэхэн өндөгөөр дайлан монголд анх удаа 2000 өндөгөөр 3000 хүнд зориулж, 3.5  метр диаметртай хамгийн том омлет хийн зочдоо дайлсан гээд олон сонирхолтой арга хэмжээг зохиосон юм. Дэлхийн өндөгний баярт зориулан хийсэн 450 кг жинтэй омлетыг Монголын тогоочдын холбооны зургаан мастер тогооч, Хүнсний технологийн дээд сургуулийн багш, оюутнууд хийж иргэдийг дайлсан юм. Мөн бяцхан хүүхдүүдэд зориулан “фото асар” ажиллуулан өндөгтэй хамтдаа гэрэл зургаа татуулах боломжийг олгон “АСА” циркийн уран бүтээлчдийн үзүлбэрийг толилуулсан юм. 

Хүний эрүүл мэндэд нэг өдөрт шаардагддаг бүх л амин дэм нэг ширхэг өндөгт агуулагддаг гээд эрүүл мэндэд ч ашиг тустай бүтээгдэхүүн гэдгийг эрүүл мэндийн салбарынхан  хэлдэг. Баярын үйл ажиллагаанд оролцсон иргэд ч сэтгэл хангалуун байлаа.

Сонирхуулахад, дэлхийн өндөгний өдрийг дэлхийн 50 гаруй орон өргөн дэлгэр  тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

“НВЦ” компани 1998 онд байгуулагдсан бөгөөд 2003 оноос эхлэн “Мон Эгг” охин компаниа байгуулж өдгөө 100 мянган өндөглөгч тахиа бүхий дотоодын өндөгний хэрэглээг хангагч томоохон үйлдвэрлэгч болж чадсан юм. Цаашид тус компани дотоодын өндөг болон тахианы махны хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж эхнээс нь ажил хэрэг болгоод байгаагаа энэ үеэр дуулгасан юм.

Г.ДАША






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж