Япон, Монголын эмч нар туршлага солилцлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Япон, Монголын эмч нар туршлага солилцлоо

Хавдар судлалын үндэсний төв, Япон улсын Накаяамагийн хавдар судлалын төвтэй хамтран "Дурангийн мэс засал хорт хавдрын эмчилгээнд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Хуралд манай төрөлжсөн нарийн мэргэжлийн төвүүдийн 130 гаруй эмч, эрдэмтэд оролцсон.

2009 оноос "Хоол боловсруулах замын хорт хавдрын мэс засал эмчилгээ" сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулсан байна. Хуралд Накаяамагийн хавдар судлалын төвийн хавдрын оношлогоо, эмчилгээ, судалгаа хийдэг эмнэлэг болон их сургуулийн 24 эмч, судлаач, эрдэмтэн профессор, Монгол, БНСУ-ын нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч докторууд оролцсон юм.

Тэд дөрвөн байрлалын хавдар буюу улаан хоолой, ходоод, элэг, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын орчин үеийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр 24 илтгэл тавьж хэлэлцсэн.

Тухайлбал, анагаах ухааны доктор, Кеио их сургуулийн бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Ватанабэ Масахико "Дурангийн аргаар бүдүүн, шулуун гэдэс тайрах" видео илтгэл тавьсан юм. Харин ХСҮТ-ийн их эмч Ц.Энх-Амгалан "Дурангийн аргаар элэгний зүүн дэлбэнг тайрах мэс заслын туршлага сэдвээр илтгэл тавив. Тэрээр хагалгааны үйл явцыг видео бичлэгээр харуулсан нь хурлын бас нэг онцлог боллоо.

Манай орон гурван жилийн өмнөөс дурангийн хагалгааг хийх болсон байна. Хурлын үеэр Японы эмч нар хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн гол нь иргэд өөрсдөө эрүүл мэндийн үзлэгт байнга хамрагдаж байх хэрэгтэй гэдгийг хэлсэн.

Ж.Цэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж