Гэгээн хутагт Сан Мён Мүүнийг хүндэтгэн дурсахуй

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Гэгээн хутагт Сан Мён Мүүнийг хүндэтгэн дурсахуй

Дэлхийн Эв Нэгдлийн Хөдөлгөөнийг үндэслэгч, Гэгээн хутагт Сан Мён Мүүн 2012 оны 9-р сарын 3-ны өдөр 92 насандаа таалал төгсч, тэнгэрт халин одлоо.

Нийгэм, улс төр, шашин болон бизнесийн салбарт нэр нөлөө бүхий Дэлхийн хэмжээний удирдагч хэмээн хүндлэгддэг Доктор Сан Мён Мүүн нь бага наснаасаа эхлэн даян дэлхийд энх тайвныг бий болгох, хүн төрөлхтөнд аз жаргалтай амьдрах замыг эрж хайн, хувь хүний сайн сайхан амьдрал, нийгмийн эрүүл тогтолцоо болон дэлхийн улс үндэстнүүдийн   хөгжил дэвшлийн шинэ чиг хандлага, ертөнцийн зүй тогтлын мөн чанарыг таниулан,  түгээн дэлгэрүүлэхийн төлөө   насан туршийн амьдралаа  зориулж ирсэн билээ.

Доктор Сан Мён Мүүн 1920 онд Хойд Солонгос Улсын нэгэн бяцхан тосгонд төржээ. Тэрбээр 16 насандаа “Өөрийг чинь цаг ямагт үзэн яддаг хүн байсан ч түүнийг үхэн үхтлээ хайрла” хэмээн бичиж байсан байна. Хүнийг хайрлан нигүүлсэх үзэл  баримтлал, үйл хэргээ  1954 оноос  бусдад хуваалцан түгээж, хүн бүхний хүсэн хүлээж буй сайн сайхан үндэстэн  дэлхийн төлөөх   аугаа үйлсээ  картонон цаасаар  барьсан байшинд   эхлүүлж байжээ. Хүйтэн дайны үед коммунизмын эсрэг энхийн үйлсийг идэвхитэй өрнүүлж, олон улсын болон шашин хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, гэр бүл, гэрлэлтийн үнэ цэнэ     сайн сайхны төлөө  тасралтгүй 60 гаруй жилийн хугацаанд   өөрийн  амьдралаа  зориулсаар  иржээ.  Дэлхийг тойрох илтгэлийн аяныг олон удаа хийсэн бөгөөд Хүндэт Мүүн дэлхийн энхтайван, аз жаргал, хайр энхрийлэл дүүрэн гэр бүл, энх амгалан  нийгмийн төлөөх олон байгууллагыг үүсгэн байгуулж, дэлхийн олон удирдагч тэр дундаа коммунист орон болох ЗХУ-ын удирдагч асан Михайл Горбачев болон Хойд Солонгосын Ким Ир Сен нартай уулзаж, дэлхий улс орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд түүхэн үүрэг гүйцэтгэж байснаараа дурсагддаг.

“Хүндэт Мүүн нь дэлхийн түвшний энхийг бүтээгч, зөрчилдөөнт бүхнийг эвлэрүүлэн нэгтгэгч агуу хүн болон гарч ирсэн юм” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Александр Хэг үнэлэн, “Тэр бол дэлхийн энхтайван, аюулгүй байдлын төлөө шашин хоорондын зөвшилцөл, хамтын ажиллагааг бий болгогч гол түүчээ нь байж ямар ч хүмүүсийн хооронд харилцан ойлголцлыг бий болгож чаддаг” хэмээсэн билээ.   “Доктор Мүүн бусдыг хайрлах, бусадтай хуваалцах сэтгэлд хязгаар үгүй гэдгээрээ, бусдын төлөө өөрийгөө золиослох, зовлон зүдгүүрийг даван туулах тэвчээрт хязгаар үгүй гэдгээрээ, бусдад үйлчлэх, бусдын төлөө зориг шулуудах сэтгэлд хязгаар үгүй гэдгээрээ, нэн ялангуяа энэ бүгдийг аль нэг гэр бүл, овог аймаг, үндэстний төлөө биш харин бүхий л хүн төрлөхтний төлөө зориулсан гэдгээрээ мөнхөд дурсагдах болно” гэж Энэтхэг Улсын Гадаад Харилцааны Сайд асан, Элчин Сайд К.В.Ражан тэмдэглэжээ.
Доктор Мүүний амьдралын философи, үзэл сургаалийг хүлээн авах хандлага дэлхий дахинаа янз бүр байсныг тэрбээр 2009 онд хэвлүүлсэн “Энхийг хайрлагч дэлхийн хүмүүн” дурсамж намтартаа “Намайг шуугиан таригч хэмээдэг. Миний нэрийг хэлэх төдийд л асуудал үүсч эхэлдэг” хэмээн өгүүлсэн байдаг. “Дэлхий нийтээрээ миний нэрийг дуртай зүйл бүртэйгээ хардан холбож шүүмжилдэг, намайг үгүйсгэдэг, намайг хар бүхнээр буддаг. Гэтэл тэдний ихэнхи нь миний хэлж байгаа, миний хийж байгаа зүйлийг сонирхож үзээ ч үгүй байдаг. Тэд зөвхөн намайг эсэргүүцэхийг л эрмэлздэг. Гэсэн хэдий ч, өнөөдөр миний зүрх сэтгэлд өчүүхэн төдий ч гомдол, шарх үлдээгүй… Жинхэнэ хайр гэдэг бол хэн нэгэнд өгснөө, уучилснаа, хайрласнаа ч мартдаг, дахин өгөөд дахин өгснөө ч мартдаг харамгүй хайр юм” хэмээн сэтгэлээ уудалсан байдаг.

Хүндэт Сан Мён Мүүн, хүнд Бурханаас заяагдсан бүтээгч байх эрх чөлөөг хайрладаг бөгөөд тэр ч үүднээсээ чөлөөт ертөнцийн хүмүүсийг шударга үнэний тухай, ёс суртахууны үнэт зүйлсийн талаар дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч уриалдаг, өөрийнхөө үйлдлээр манлайлдаг байв. Тэрбээр энэхүү хүслийнхээ илэрхийлэл болгож хэвлэл мэдээллийн олон байгууллага байгуулж, сэтгүүлчид, нийтлэлчдийг цаг ямагт дэмжиж ирсэн юм. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Латин Америк, Европ, Африкийн олон оронд өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин, сэтгүүл, электрон, дижитал хэвлэлүүд, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн байгуулсан юм. Монгол Улсад ч мөн ардчилсан шинэ нийгмийг байгуулах анхны он жилүүдэд Монголчуудын хүсэлтээр хэвлэлийн үйлдвэрийг буцалтгүй тусламж болгон бэлэглэж байсан нь ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн тус хүргэснийг холбогдох хүмүүс дурсан ярьдаг билээ. Тэрбээр 2005 онд Монгол улсын Засгийн газрын урилгаар манай оронд ирж, бат бэх гэр бүл, энх амгалан нийгэм, энхтайванаар дүүрэн дэлхийн тухай үзэл сургаалаа Монголчуудтай хуваалцаж байсан билээ. 

Хүндэт Мүүн мөн усан онгоцны үйлдвэр, хүнд машин механизм, уулын чулуу, хүнс, загас болон далайн бүтээгдэхүүн, компьютер програм хангамж, эм, эрүүл мэнд, урлаг соёлын байгууллагуудыг БНХАУ, БНАСАУ болон бусад оронд үүсгэн байгуулжээ. 1992 онд түүний мэдэлд шилжсэн АНУ-ын Конектикут мужийн Бриджпортын Их сургуульд манай орны олон мэргэжилтэн тэтгэлгээр суралцаж, зах зээлийн эдийн засгийн анхны боловсролыг эзэмшин, эдүгээ Монгол Улсын тэргүүлэх салбаруудад ажиллаж байна.

Хүндэт Мүүн бусдад “Миний энхийн төлөвлөгөө маш энгийн бөгөөд энэ нь хувь хүнээс эхэлдэг. Хамгийн түрүүнд бид Бурхантай энх амгаланг бий болгож, дараа нь эргэн тойрны хүмүүстэйгээ энх амгаланг тогтоож чадсанаар эцэст нь дэлхийд энх тайвныг бий болгож чадна” гэж үзэл санаагаа хуваалцаг.  Тэр ч үүднээс олон улсын хэмжээнд залуучуудын, хөгжлийн, боловсролын болон сайн дурынхны байгууллагуудыг үүсгэн байгуулж, дэлхийн энхтайвны, гэр бүлийн, шашин хоорондын хамтын ажиллагааны сэдвүүдийг хөндсөн хурал, чуулгануудыг дэмжин санхүүжүүлж  байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жеральд Форд, Жорж Буш нар хүрэлцэн ирж үг хэлж байсан нь тэрхүү үйл ажиллагааны өргөн цар хүрээ, ач холбогдлыг дэлхий дахинаа харуулсан хүндэтгэл байв. Түүний байгуулсан Эв нэгдлийн сүмийн нэрд гарсан үйл ажиллагаануудын нэг болох ариун гэрлэх ёслол нь гэрлэлтийн ариун бөгөөд тэнгэрлэг ач холбогдлыг өндөрт өргөсөн арга хэмжээ болдог бөгөөд уг ёслолд Хүндэт Мүүнд сайн дураараа хүсэлт гарган заяаныхаа хань ижлийг сонгуулан шинээр гэр бүл бологсод, олон жил ханилан амьдарсан гэрлэгсэд, бие биедээ үнэнч байх дахин тангараг өргөх хүсэлтэй хосууд оролцдог юм. Энэхүү ёслолд дэлхийн бүх улс орны үндэстэн бүрийн 400 сая хос оролцсон байна. Энэхүү ёслолын ач холбогдол нь бат бэх тогтвортой гэр бүлийг үүсгэх, улмаар аливаа улс үндэстний тулгын чулуу нь бие биедээ үнэнч, аз жаргалтай гэр бүл, ийм гэр бүлүүд энх амгалан нийгмийг, энх амгалан нийгэм нь  дэлхийн энхтайваныг тогтоодог гэсэн үзэл санаанд төвлөрдөг бөгөөд дэлхийн гэр бүл судлаачид “Энэхүү үзэл санаа нь улс орны  үндэсний аюулгүй байдалд бодитой хувь нэмэр оруулдаг” хэмээн үнэлдэг юм.
1980-аад оны үед Хүндэт Мүүн коммунизмын эсрэг идэвхтэй үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд коммунизмыг ялах цорын ганц арга бол Бурханы оршин тогтнолыг батлах хэрэг юм гэж үзэж байв. Тэрбээр Марксизмын алдаа төөрөгдлийг шүүмжлэхийн зэрэгцээ Бурхан хэрхэн хүн төрөлхтний түүхийг удирдан чиглүүлж ирсэн талаархи үзэл баримтлал бүхий “Коммунизмыг Ялах Онол”-оо боловсруулсан юм. Тухайн үед коммунизмын гарт орох аюул нүүрлээд байсан улс үндэстнүүдийн үндэсний аюулгүй байдлын бодлогод санал зөвлөмж өгч, 1986 онд Олон Улсын Аюулгүйн Зөвлөлийг байгуулж, АНУ, ЗХУ, БНХАУ болон бусад улс орны улс төрчид болон тэргүүлэх геополитикийн эрдэмтэд, шинжээчдийг хамруулсан чуулга уулзалтуудыг зохион байгуулж байжээ. 1989 оны Берлины хана нурсан, 1991 оны 4-р сард Зөвлөлтийн Холбоо таран бутарсныг “Бурханы авралын үйл ажиллагааны үр дүн” хэмээн тодорхойлж, энэ үзэл санаагаа ЗХУ-ын удирдагч Михайл Горбачевтай 1990 оны 4 сард, Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сентэй 1991 оны 12-р сард уулзахдаа хэлж байжээ. Тэрбээр өөрийн дурсамж намтартаа “Хойд Солонгостой онцгой харилцаатай байж чадаж байгаа нь ганцхан итгэлцэл” гэж бичсэн байдаг бөгөөд “Түүний дэргэд эцэг Ким хүү Ким Чен Ирдээ “Хоёр Солонгосын нэгдлийн үйл хэргийг шийдэхдээ заавал Хүндэт Мүүнтэй зөвлөлдөж байгаарай гэж захиж байсан, түүнээс хойш хүү Ким жил бүр түүний төрсөн өдрөөр онцгой бэлэг илгээдэг тухай” дурьдсан байдаг.

Хүндэт Мүүн хэдийгээр хүйтэн дайны төгсгөлийг баяр хөөртэйгээр угтаж авсан ч цаашид “Оюун санааны соёлын сэргэн мандалт”-ыг бий болгох ёстой хэмээн дараагийн зорилгоо тодорхойлж байжээ. Энэ тухайгаа 1992 онд “Чөлөөт улсуудын нийгмийн үзэгдлүүд нь коммунизмын хор хөнөөлөөс дутахааргүй зүйлүүдийг харуулж байна… материаллаг гуманизмын философи, хэрээс хэтэрсэн индивидуализм ба хувиа хичээх үзэл нь уг философийн эх ундрага юм” хэмээн болгоомжлуулан бичиж, “Ирээдүйн удирдагчид болох ёстой хэмээн бидний итгэл найдвараа тавьж буй залуучууд өнөөдөр 21-р зууны манлайлагчид байж чадах эсэхэд эргэлзээ төрүүлэм хэмжээнд эрүүл ухаанаа алдаж, ёс суртахуунгүй, садар самуун үйлдэл, хар тамхи ба гэмт хэргийн ертөнцөд живж байна” хэмээн сэтгэл зовнилоо илэрхийлж байв.  Тэрхүү “гаж урсгалыг” зөв гольдрилд нь оруулахын тулд Хүндэт Мүүн залуучуудад зориулсан олон төрлийн байгууллагуудыг үүсгэн санаачилж, Дэлхийн Урлаг Спортын Их Наадам, Бяцхан Тэнгэрийн Элчүүдийн Урлагийн Ордон, Хөлбөмбөгийн мэргэжлийн клубууд, Вашингтон дахь Кировын Балетын Академи зэрэг урлаг, спортын байгууллагуудыг олноор байгуулжээ. 1997 онд тэрбээр “Жинхэнэ залуу хүний жинхэнэ хайрыг төвөө болгосон эрхэм дээд даалгавар нь ёс суртахууны доройтол болон хоосролыг өөгшүүлж буй зүй бус үйлдлүүдээ дур зоргоороо тавин самуурахын эсрэг тэмцэх эсэхээс хамаарч, хүн төрөлхтний устан үгүй болох эсвэл амьд үлдэх хувь заяа шийдэгдэх болно” хэмээн онцолж байжээ.

Доктор Мүүн олон улсын энхийн төлөөх чармайлтаа эрдэмтэд болон шинжлэх ухааны салбарт хүртэл таниулж олон хүнд энэхүү үзэл бодлыг хүргэн дэлгэрүүлсэн байдаг. 1972 онд Шинжлэх Ухааны Нэгдлийн Олон Улсын Чуулганаар гараагаа эхлүүлэн, 1973 онд Профессоруудын Дэлхийн Энхтайвны Академийг байгуулж, 1987 онд Дэлхийн Энхтайвны Дээд Зөвлөл, 2005 оноос Ертөнц Дахины Энхтайвны Холбоогоор дамжуулан эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд, орон нутгийн манлайлагчдыг хамарсан хүмүүний нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хэдэн мянган чуулга уулзалт болон форумуудыг санаачлан зохион байгуулж байв.

Тэрбээр агуу бүтээгч хүмүүн байсан бөгөөд 1981 онд Токио болон Лондон хотуудыг холбох Олон Улсын Энхтайвны хурдны зам байгуулах саналаа дэвшүүлж, улмаар замын ажлыг эхлүүлж, 2005 онд Аляскаас Орос руу үргэлжлэх гүүр-тунелийн төслийг танилцуулж байв.
Хүндэт Сан Мён Мүүний  сургаал, номлолын гол цөм нь Дэлхийн энхтайван байсан бөгөөд түүнийг цогцлоох  зорилгынхоо төлөө агуу том санаачилгаас эхлээд амьдралд хамгийн ойрхон бодитой ажлуудыг санаачлан хийдэг гайхамшигт хосолмол чанараараа дэлхий дахинд гайхагдан иржээ. Түүнд дэлхийн нэр хүндтэй олон их дээд сургуулиуд өөрийнхөө хүндэт докторын цолыг хүртээж байв.

“Зөвхөн өөрийгөө  бодож бүү амьдар. Өөрийнхөө төлөө бус, бусдын төлөө амьдрах ёстой. Өөрийн гэр бүлээсээ илүүтэйгээр хөршүүдийнхөө төлөө, өөрийн үндэстнээсээ илүүтэйгээр эх дэлхийнхээ төлөө амьдрах ёстой. Энэ дэлхий дээрх бүхий л нүглийн эх үндэс нь хүн өөрийгөө хамгийн түрүүнд тавьдгаас эхэлдэг. Хувь хүний өөрийгөө гэх хүсэл шунал нь эргэн тойрноо болон нийгмээ бүхэлд нь сүйрүүлж байдаг”. Энэ бол хүндэт Мүүний хүн төрөлхтөнд үлдээсэн сургаал.
 “Миний хамгийн сүүлчийн мөргөл бол энэ дэлхий дээрх хүн бүр шашны, үзэл суртлын болон арьс өнгө, нийгмийн гарал үүслийн хил хязгаарт үл баригдах энхийг хайрлагч дэлхийн хүн болон дахин төрөөсэй гэх мөргөл болой”. Энэ бол хүндэт Мүүний хүн төрөлхтөний төлөөхи залбирал.  
Хүндэт Мүүний үзэл санаа, сургаал, номлолыг ойлгон хүндэтгэдэг олон зуун сая хүн өнөөдөр хүндэт Мүүнийг дурсан санаж байгаа нь эргэлзээгүй. Түүнийг үдэх ёслол Сөүлээс 60 км-ийн зайд орших Гёнги мужийн Чон Пён цогцолборын Чоншим Энхтайвны Төвийн зааланд 9-р сарын 6-ны өдрөөс хоёр долоо хоногийн турш үргэлжлэн, түүнтэй салах ёс хийх юм.
Нийгэм, улс төр, шашин, бизнесийн салбарт нэр нөлөө бүхий дэлхийн хэмжээний удирдагч, гэгээн хутагт,  доктор Сан Мён Мүүн таны дэлхийн энхтайваныг батжуулан бэхжүүлэхийн төлөөх үйлс, үзэл санаа, номлол сургаал бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхжин хоногших болно.

Монголын Эв Нэгдлийн Хөдөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж