АНАТХ-ноос Ерөнхий сайдад санал хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

АНАТХ-ноос Ерөнхий сайдад санал хүргүүллээ

Амлалт нэхэх ард түмний холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдад хандан санал хүргүүлж буй тухайгаа УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Батцогт нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тус холбооны өргөтгөсөн зөвлөгөөн өчигдөр болж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд, хэдэн санал тусгуулах шийдвэрийг гаргасан байна. Үүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгож өөрчлөх, хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хориглож байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх. Засгийн бүх эрх ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуульд туссан ардчиллын үзэл санааг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж, иргэд зөвхөн дарга сонгох хэлбэр биш, бүхий л хэлбэрээр төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байх бололцоог хууль эрх зүйн шинэчлэлийн  хүрээнд хийх. Өрх гэрийг төрийн хамгийн нандин нэгж гэж үзэн  төрийн бүхий л бодлогыг өрх гэр рүү хандуулан, өрхийн тэргүүнийг дэмжиж, эхний ээлжинд тэднийг ажлын байраар хангах, орлоготой байлгах чиглэлээр ажиллах. Түлш, эрчим хүч зэрэг бүх бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг  суурь бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулдаг болгож ашгийг шүтэх биш, ард иргэдийнхээ ахуй амьдралыг бодсон хүнлэг энэрэнгүй төрийн  бодлого явуулах. Монголчуудын эв нэгдэл, үндэсний нийтлэг эрх ашгийг урьтал болгон улс төрийн  гишүүнчлэлгүй болгох. Бүх нийтийн санал асуулгын үндсэн дээр Үндсэн хуулийг шинэчлэх эсэхийг шийдэж монголчуудыг дайсагнуулдаггүй, эвлэрүүлж нэгдүүлдэг, хариуцлагатай, ёс зүйтэй төрийг бий болгох чиглэлээр доривтой ажиллах ёстой гэжээ. Эдгээр асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж чадна гэмээнэ шинэчлэлийн Засгийн газрын ажлын нэг үр дүн харагдана гэж эрхэм гишүүд мэдэгдэж байна. Түүнчлэн боломж байгааг ч тэд мөн онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж