Н.Удвалаас ярилцлага авах гэж очсон NBS телевизийн сэтгүүлч саяхны нэг өдөр эрүүл мэндийн сайдыг МАХН-ын байрны гадаа өдрийн хагас хүлээсэн тухай мэдээ нэвтрүүлж байв. Эрхэм сайд яамнаасаа илүүтэй намынхаа байранд өнждөг болсны шалтгаан нь даргыгаа ялаас мултлах чухал ажилтай нь холбоотой бололтой.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалд намын даргаа суллууллах талаар боломжтойгоос боломжгүй хүртэл, хууль ёсны төдийгүй хууль бус арга зам хэрэглэн нааштай үр дүнд заавал хүрэх үүргийг МАХН-ынхан өгсөн гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ нууц төлөвлөгөөний дагуу Н.Удвал сайд нэр бүхий эмч нарын комисс байгуулж Н.Энхбаярыг ялаа биечлэн эдлэх боломжгүй хүнд өвчин туссан тухай эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргах үүрэг өгчээ. Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч, доктор Г.Баясгалангийн “Оношийг нь хараахан тодруулаагүй байна. Гадаадад явуулж эмчлэх зайлшгүй шаардлага үүсч магадгүй ” гэсэн мэдэгдэл ч энэ ажиллагааны бэлтгэл байж болох юм. Харин экс ерөнхийлөгчийн эхнэр О.Цолмон нөхөртөө сүүлийн үеийн хор өгсөн байж магадгүй гэж сэжиглэж байгаагаа илэрхийлж ээлжит дуулианы эхлэлийг тавиад байна. Шоу бизнесийн оддын идэвхтэй хэрэглэдэг байнга анхаарлын төвд байх, ямар нэг дуулиан шуугианаар дамжуулан хэвлэл мэдээллээр тасралтгүй гарч байх аргыг эксийн баг хэрэглэж байж магадгүй гэж өмнө нь түүнтэй хамтран ажилладаг байсан сэтгүүлч үзжээ.
Монголын анагаах ухааны гэрэл гэгээ, урдаа барьдаг гавьяат эмч нар оношийг нь тогтоож чадахгүй байгаа тул гадаадад илгээж хариу сонсохоос аргагүй болоод байгаа тухай сүүлийн үед тодорхой давтамжтайгаар мэдээлэх болсон билээ. Үйл явдлын урьдчилсан сценариас үзвэл МАХН-ын дарга Азийн аль нэг оронд “онош тогтоолгохоор” очоод, цаашид зайлшгүй эмчилгээнд орж хугацаагаа сунгах, энэ хооронд Монголын эрх баригчид хор өгөх замаар амь насанд нь халдаж байгаа тул гуравдагч орноос орогнол хүсэх зэргээр өрнөх бололтой. Харин Н.Удвал сайдтаны даалгавраар дүгнэлт гаргаж байгаа эмч нарын дүгнэлт хараат бус, үнэн бодитой байж чадах уу, урьдчилан найруулсан дүгнэлтийг сайдынхаа даалгавраар гаргаж байгаа эсэхийг хэн нягталж хариулт өгөх вэ зэрэг асуулт олон нийтийн дунд үлдлээ. Монголын хамгийн дуулиантай хэрэгтний баривчилгаа, өлсгөлөн, шүүх хурал, одоо өвчний түүх нь хүртэл эгэл биднээс “илүү, илүү” байх юм даа.