”Ардчилал-2012” баяр наадам Мандалговьд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

”Ардчилал-2012” баяр наадам Мандалговьд боллоо

Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Батсүхийн Наранхүү Монгол төрийн түшээ-УИХ-ын гишүүнээр сонгогдсон, аймгийн сонгогчдын олонхи нь Ардчилсан намыг дэмжиж хамгийн олон санал авсан баярт үйл явдлыг Дундговь аймгийн Ардчилсан нам “Ардчилал-2012” гэсэн бүх нийтийн баяр болгон энэ есдүгээр сарын 7-ны өдөр Мандалговь хотноо тэмдэглэлээ.  Энэ өдөр Мандалговь бүхэлдээ ардчиллаар амьсгалж Ардчилсан намын туг далбаагаар өвч чимэглэгдсэн  нь ардчиллыг дэмжсэн ард түмэндээ Ардчилсан намаас үзүүлсэн гүн хүндэтгэл, талархлыг илтгэж байв. Ард түмний энэ баяр ёслол төгөлдөр нээлтээр эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Наранхүү  оролцлоо.  Нээлтийн үеэр Б.Наранхүү хэлсэн үгэндээ “Энэ бол ардчилалын баяр, миний нутгийн  ард түмний баяр юм” гээд  уул нь эртнээс зарыг түгээж илүү өргөн дэлгэр хийхээр төлөвлөгдсөн ч хөдөөд өвлийн бэлтгэл ажил цаг мөчтэй өрсөн хийгдэж байгаа, мөн орон нутгийн сонгуулийн тов зарлах хугацаа дөхсөн  зэрэг цаг хугацааны онцлогоос үүдэн наадмын тов давчуу хугацаанд тодорсонд хүлцэл өчиж дэлгэр намрын энэ өдөр дэг журамтай, дэнж хотойлгон сайхан наадахыг наадамчдад ерөөсөн юм. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнийг төрийн дээд одон медалиар шагнасны дотор ардчилсан хувьсгалын анхдагч Юндэнгийн Должинсүрэн, Лханаагийн Энхтүвшин нар “Алтан гадас” одонгоор, аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Цэгмидтийн Батбилэг “Хөдөлмөрийн хүндэт медалиар” шагнагдсаныг гардууллаа.  Наадамд улс, аймгийн алдар цолтнууд оролцсон 64 бөх барилдсанаас Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ. Энэ барилдаанд Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын заан Ч.Санжаадамба нар шөвгөрлөө.

“Ардчилал-2012” баяраар их нас, соёолон, дааганы уралдаан боллоо. 61 их нас 21 км-ээс уралдаж Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Пүрэвийн Мэндбаярын хар морь түрүүлсэн боловч эрлийз гэсэн шалтгаанаар хасагдлаа.

1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Эрэндоогийн хээр
2. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Дамбын Түдэвийн хар
3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Монгол улсын анхны арван манлай уяачийн нэг- Жамбалын Содномпилийн хээр
4. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Аймгийн алдарт уяач  Содномын Пүрэвсамбын хээр
5. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Аймгийн алдарт уяач  Баярсайханы Лхагва-Очирын зээрд халзан тус тус хурдаллаа.

"Ардчилал-2012" уралдааны хурдан соёолон морины уралдаанд газар газрын 58 үрээ мордож Хулдын Найдандоржийн хул түрүүгээр тодорлоо. Аман хүзүүлсэн хар үрээ нь зурхай дээр түрүүлж гишгэсэн боловч морь бариач нь хөтөлж оруулсан гэдэг үндэслэлээр хул үрээг түрүүлснээр барьжээ.

1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат, сумын алдарт уяач уяач Содномбаатарын Найдандоржийн хул. Энэ жил гурав түрүүлж дөрөв айрагдаад байгаа. Өмнөговь аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн.
2.Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Энхбаатарын хар
3. Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Б.Цэнгэлжаргалын зээрд
4. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Төмөрпүрэвийн Ганзоригийн загал. Энэ жилийн баруун бүсийн даншигт тавд хурдалсан.
5.  Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат Н.Дашжамцын хүрэн

Хурдан дааганы уралдаанд. 63 хурдан буянаас Дундговь аймгийн Хулд сумын харьяат Аймгийн алдарт уяач Бандиагийн Баярсайханы хурдан хар азарганы төл- хоёр даага нь дараагаараа иржээ. Тэр энэ наадамд  хурдан хар азарганыхаа төл гурван даага мордуулсан бөгөөд саарал даага нь зургаад хурдалсан юм.

1. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Аюурзанын Жаргалсайханы хул алаг. Хулд сумын харьяат Аймгийн алдарт уяач  Б.Лхагва-Очир уясан.
2. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат Аймгийн алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хээр
3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Цэндсүрэнгийн Онолбатын хонгор. Хэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн бүсийн даншигт өнгөлж уралдсаар долоод хурдалсан.
4. Өмнөговь аймгийн харьяат Наранбадрахын хээр
5. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Ганбаярын хээр.

Баяр наадмын үеэр 15 сум бүрийн тоогоор өргөө цагаан гэр эгнүүлэн барьж  наадамчин олныг хүндэтгэн зочилж  сум бүр өөрийн брэнд-айраг, идээ цагаагаар дайлсан бөгөөд энэ өдөр Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар архи, согтууруулах ундаа худалдах,  үйлчлэхийг хориглосон нь наадмыг дэг жаягтай, ёс төртэй сайхан болох нэг нөхцлийг бүрдүүлжээ.

Баяр наадмын гурван насны морьдын түрүү, түрүүлсэн бөхийг “УАЗ-469” машинаар, аман хүзүүнд хурдалсан  морьд, үзүүрлэсэн бөхийг Японы “YAMAHA” мотоциклиор байлж,  айрагдсан морьд, шөвгөрсөн бөхөд  мөнгөн шагнал олголоо.

Баярын дараа Мандалговийн төв талбайд Монгол улсын гавьяат жүжигчин, эстрадын урлагийн нэрт төлөөлөгчийн нэг, дуучин Ариунаа оролцсон өргөн цэнгүүн болов. Мөн Ардчилсан намын сонгуультан, идэвхитнүүдийн уулзалт-өдөрлөг маргааш нь Сүм хөх бүрдийн амралтанд болж волейвол, олс таталт, айраг уух тэмцээн, шөнө нь галын наадам бүхий өргөн цэнгүүн зохион байгууллаа. Ийнхүү ард түмний дунд “Наранхүүгийн наадам” гэж нэрлэгдсэн ардчиллын баяр  ард түмний баяр болон өндөрлөв,

                            С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж