Тэгш тоотой жилд Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг дэлхийн шатрын 40-р олимпиад Туркийн Истанбул хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 9-ны хооронд болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өрөг өчигдөр болж манай улсын эрэгтэй баг 150 орноос 56-д эрэмбэлэгдсэн бөгөөд 46-р байр, эмэгтэйчүүд 120 орноос 21-т эрэмбэлэгдэн 13-р байрт орлоо.
Сүүлийн өрөгт эмэгтэй баг Италийн багийг 3:1-ээр хожиж нийт 11 тойрогт долоон хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтойгоор XIII байр эзлэв. Тодруулбал, манай шатарчид, Туркийн 2-р баг, Англи, Швед, Боливи, Дани, Эквадор, Италийн багийг хожиж, АНУ-тай тэнцэн, ОХУ, Азербайжан, Казакстаны багт хожигдсон амжилтаар 15 оноо авсан байна.
Их мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд тоглож, 9 өргөөс (2 өрөг өнжсөн) зургаан хожил, хоёр тэнцээ авснаар 7 оноогоор IV байрт шалгарлаа. Их мастер Т.Батчимэг арван өргийн тоглолтоос таван хожил, гурван тэнцээгээр 6,5 оноо, олон улсын шатрын холбооны мастер С.Отгонжаргал найман өргөөс таван хожил, нэг тэнцээгээр 5.5 оноо авлаа. Олон улсын мастер Д.Янжиндулам таван хожил, нэг тэнцээгээр 5.5 оноо, олон улсын мастер Б.Анхчимэг гурван хожил, нэг тэнцээгээр 3.5 оноо авчээ.
Эрэгтэйчүүдийн хувьд сүүлийн өрөгтөө Катарыг 3:1-ээр хожиж нийт 11 тойргоос зургаан хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор 46-р байр эзэллээ. Тодруулбал, манай шатарчид Фижигийн арал, Австрали, Афганистан, Зимбабве, Ирак, Катар улсын багийг хожиж, АНЭУ-ын багтай тэнцэн, Канад, Молдав, Итали, Шведийн багт ялагдсан амжилтаар 13 оноо авчээ.
Их мастер Ц.Батчулуун (2493) таван хожил, дөрвөн тэнцээгээр 7 оноо, их мастер Д.Шаравдорж (2446) зургаан хожлоос 6 оноо, олон улсын мастер Б.Гүндаваа (2519) дөрвөн хожил, гурван тэнцээгээр 5.5 оноо, олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхгал (2394) гурван хожил, гурван тэнцээнээс 4.5 оноо, Олон улсын шатрын холбооны мастер М.Гүнбаяр (2358) хоёр хожил, хоёр тэнцээгээр 3 оноо авчээ. Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Монгол Улсаас төрж буй шатрын зургаа дахь (эрэгтэйчүүдээс дөрөвдэх) олон улсын мастер Б.Гүндаваа их мастер цолны болзол хангажээ. Тэрбээр энэхүү олимпиадын туршид 9 өрөг тоглосноос 5,5 оноо авсан бөгөөд түүний цолыг Олон улсын шатрын холбооноос ирэх аравдугаар сарын нэгэнд албан ёсоор зарлах ажээ.
Эрэгтэйчүүдийг Армен, ОХУ, Украины шатарчид, эмэгтэйчүүдийг ОХУ, БНХАУ, Украины багууд тэргүүлсэн бол 10-р өрөгт манай шатарчидтай тэнцсэн АНУ-ын бүсгүйчүүд X байр эзэлжээ.
Есдүгээр сарын 9 (Арваннэгдүгээр өрөг)
Эмэгтэй баг: Итали-Монгол (1:2)
Эрэгтэй баг: Катар-Монгол (1:3)
Дашрамд дуулгахад, Монголчууд Дэлхийн шатрын олимпиадад 1956 оноос хойш оролцох болсон бөгөөд 1960 онд Гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн ширээнээсээ алтан медаль, 1964 болон 1970 онд олон улсын мастер Т.Үйтүмэн алт, мөнгөн медаль, 2000,2002 онд ФИДЕ-гийн мастер З.Бямбаа мөнгө, хүрэл медаль, харин 2004 онд Б.Хатанбаатар, Ц.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ. Манай шатарчид Дэлхийн шатрын олимпиадад 20 удаа оролцохдоо 1970 онд 60 орны эрчүүдээс 16-р байр, 1990 онд 64 орны эмэгтэйчүүдээс 12-рт шалгарч байсан удаатай.