Гэтэл эндхийн тохижилтын ажлыг орхигдуулдаг бололтой. Тухайлбал, Сүхбаатарын талбайн өмнөх ногоон байгууламж бүхий цэцэрлэг. Зун цагт хотын төвийн өнгийг тодорхойлдог гэж болох энэ цэцэрлэг одоо хогондоо дарагдаж, орон гэргүй иргэд энд тэндгүй унтаж хэвтдэг талбай болжээ. Ойр орчимдоо үзэмж нэмдэг цөөн тооны шар хуайсыг эс тооцвол хүний анхаарал татах үзэмжтэй зүйл ч гэж алга.
Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөн амарч суух сүүдрэвч, сандал бүр ч байхгүй. Өдөр бүр тогтсон ажилтай юм шиг цугларч, шатар, даам тоглох хэдэн өвгөчүүдээс өөрөөр энэ хавьд эргэлдэх хүнгүй болоод удаж байна. Тохижилт үйлчилгээнд зориулж үлгэрт гардаг муурын байшин шиг нийтийн бие засах газрыг байрлуулснаас өөр хийсэн зүйл харагдсангүй.
Яах вэ, хэрэгтэй л зүйлийн нэг. Гэхдээ оновчгүй газар байрласан бие засах газар л гэж энэ байх. Муужирч унам эвгүй үнэртэй бие засах газраар иргэд үйлчлүүлэх нь бүү хэл хажуугаар нь гарахаас дайжна. Мөн хэн хаанаас авч ирж хаядаг нь тодорхойгүй ил задгай хаясан хог хаягдал энд тэндгүй хөглөрөн харагдах болжээ.
Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хөшөө дурсгал бүтээх гэж өч төчнөөн хөрөнгө зардаг хэрнээ хотынхоо төв хэсэгт орших цэцэрлэгийг арчлах, тордох сэтгэл хаа хаанаа дутагдах болсон нь харамсалтай. Нийслэлийн төдийгүй улсын нүүр царай, өнгө төрх болохуйц энэ цэцэрлэгт анхаарал хандуулах цаг болсныг холбогдох албаныханд сонордуулъя.