өвчин” гэж нэрлэгддэг. Анх энэ өвчний шинж тэмдгийн талаар манай
эриний V зуунд алдарт эмч Гиппократ бичиж байжээ.
Элэгний үрэвсэл буюу гепатит гэдэг нь элэгний үрэвсэлт өвчний ерөнхий
нэршил юм. Элэгний үрэвсэл гол төлөв вирусийн гаралтай байдаг ч
зарим тохиолдолд дархлалын онцлог, бодисын солилцооны алдагдал,
өлсгөлөн, эм бэлдмэл, хор, хүнд металлын давс зэрэг хүчин зүйлийн
нөлөөгөөр үүсэх нь бий.
Халдварт шар нь А, В, С, D, Е ба G гэсэн олон янз байдаг. Тухай бүрт
үрэвсэл үүсгэгч өөрийн гэсэн вирустэй. Эдгээрээс хамгийн түгээмэл
тархсан нь А, В ба С гепатит.
Шалтгаан
Элэгний үрэвслийн вирус нь бусад вирусийн нэгэн адил амьд эс дотор
амьдардаг бичил биет. Ингэхдээ вирус нь эзэн эсийнхээ дотор ормогц
гэмтээн өөрчлөөд үржиж эхэлдэг. Ингээд өвчин үүснэ.
Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусүүд нь янз бүрийн бүлэгт багтдаг,
хоорондоо ялгаатай байдаг. Гэхдээ зөвхөн элэгний үрэвсэл үүсгэдэг.
Элэгний үрэвсэл нь хүнээс хүнд халддаг. Вирус бүр өөр өөрийн халдварлах
замтай. Элэгний үрэвсэл А, Е нь хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар
дамждаг. Мөн анал ба орал бэлгийн харьцаанаас халдаж болно.
В, D, G элэгний үрэвслүүд халдварлагдсан цусаар дамждаг. Иймд
халдварлагдсан зүү, тариур, сахлын хутга, хумсны хутга, халдвартай
цус юүлэх, өвчтэй хүнтэй бэлгийн харьцаа зэрэгт халдварлагдана.
Үүнээс гадна энэ төрлийн элэгний үрэвсэл төрөх үед эхээс урагт
халдварладаг. Мөн цусаар дамжина.
Гэхдээ С гепатитын халдварыг бэлгийн хавьтлаар авах боломжгүй ч халдвартай хүний шүлсээр дамжин халдварладаг.
Шинж тэмдэг
Халдвар авсан цагаас өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо
хоногоос хэдэн сар хүртэл өнгөрч болно. Элэгний үрэвслийн үед толгой
өвдөх, ядрах, үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг анхлан илэрнэ.
Удалгүй хоолонд дургүй болох, цээжний хөндийн баруун хэсгээр өвдөж,
бөөлжин, дотор муухайрна. Шээс хар хүрэн өнгөтэй болох, өтгөн нь
цагаан болох, арьс шарлах, загатнах зэрэг шинж илэрнэ.
Үр дагавар
Элэгний архаг үрэвсэл нь элэгний хатуурал буюу цирроз, элэгний өмөн,
элэгний дутагдал зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй. Элэгний
үхжиж хэрэггүй болсон эс цусанд орж мэдрэлийн системийг гэмтээх үед
элэгний дутагдал үүсдэг. В гепаптитаар хэдий чинээ бага насандаа
өвчилнө, тэр хэмжээгээр нас ахисан хойноо элэгний хатууралтай болох
магадлал нь нэмэгддэг. С гепатит нь гаднаа илрэх шинж тэмдэггүй олон
арван жил архаг хэлбэрт шилжин хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх
аюултай.
Оношилгоо
Халдварт шар авсан байх сэжиг илэрвэл нэн яаралтай өрхийн эмчид хандаж,
эсвэл халдвартын түрэн тусламж дуудах шаардлагатай. Эмч гадуур үзлэг
хийгээд шинжилгээнд явуулна. Шинжилгээгээр цусанд халдварын
вирус байгааг илтгэсэн тусгай бодис, элэг гэмтсэн үед ихээр ялгарч
эхэлдэг билирубиний хэмжээг тогтоох нь чухал. Мөн шээсний шинжилгээ
хийдэг. Хүнд тохиолдолд халдварын шинжилгээ, элэгний эдийн шинжилгээ
шаардлагатай.
Эмчилгээ
Вирусийн гаралтай элэгний үрэвсэлд тусгай эмчилгээ байдаггүй. Зөвхөн
давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн
шарсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо идэж болохгүй.
А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн,
дархлаа сайжруулах, вирусийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэгний үйл
ажиллагааг сэргээх, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, тамир
оруулах бэлдмэл зэргийг хэрэглэдэг. Эмчилгээ нь вирусийн үржлийг
зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн зорилгоор хийгддэг. Цаг алдалгүй
эмчилгээ хийгдсэн нөхцөлд нааштай үр дүн гардаг.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Юуны өмнө ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа
угаах, тохиолдлын бэлгийн харьцаанд заавал бэлгэвч хэрэглэх, аяга тавгаа
сайтар угааж цэвэрлэж байх хэрэгтэй. ТҮЦ, хүн олноор цугларсан
газраас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, хоол авах хэрэггүй.
Одоогоор халдварт шараас сэргийлэх хамгийн найдвартай арга нь
вакцинжуулалт юм.
C вирус бэлгийн замаар халдварлах эрсдэлтэй
Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик
мэдээ байдаг. Жил тутам 3-4 сая хүн халдвар авч байдаг. Харамсалтай нь,
энэ өвчнөөр голдуу нас залуу хүмүүс өвддөг. Сүүлийн жилүүдэд манай
улсад ч шар өвчин нэмэгдэх болсон бөгөөд үүнээс болж С вирустэй
хүмүүсийн тоо олширч байгаа гэх судалгаа гарсан байна.
Халдвар авах эрсдэлтэй газрууд
Зохих ёсоор ариутгал хийгээгүй, ариун цэврийн наад захын шаардлага
хангаагүй газруудад пирсинг хийлгэх, чихээ цоолох, шивээс хийлгэхэд С
гепатитын халдвар авах магадлал өндөр. Мансууруулах бодисыг тарьж
хэрэглэдэг хүмүүс С гепатитын халдвар авах хамгийн их эрсдэлтэй байдаг
аж.
Мөн хорих газруудад халдвар авах эрсдэл өндөр байдаг гэнэ. Эмнэлгийн
ажилтнууд халдвартай хүнтэй ажиллах үедээ энэ өвчний халдварыг
авах эрсдэлтэй.
Халдвар тархах зам
С гепатит дийлэнхдээ цусаар дамжин халдварладаг. Халдвартай цусаар
бохирдсон зүү, тариур, шивээс хийдэг төхөөрөмж, сахлын хутга,
халдвартай цус хүрсэн шүдний сойз, хазуулах зэргээр дамжин халдвар
тархах магадлалтай.
Бэлгийн замаар халдварлах эрсдэл
С гепатит бэлгийн замаар дамжин халдварлах магадлал бага гэж үздэг.
Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд С гепатитын вирус
халдварлах магадлал 3-5 хувь гэж тооцсон байдаг. Бэлгийн тогтвортой
харьцагчтай, үнэнч хүмүүс халдвар авах эрсдэл бага байдаг бол бэлгийн
хамтрагчийн тоо нэмэгдэхийн хэрээр халдвар авах нь нэмэгдэнэ.
Ахуйн замаар халдварлах эрсдэл
С гепатит нь агаар дуслын замаар буюу ярих, найтаах, шүлсээр дамжин
халдварладаггүй. Мөн гар барих, тэврэлдэх, аяга таваг, хоол ба ундаар
дамждаггүй.
Ахуйн нөхцөлд халдвар авсан бол заавал С гепатитаар өвдсөн, эсвэл
вирусийг нь тээгч хүний цусны хэсэг ямар нэг байдлаар орсон байдаг.
Гэхдээ С гепатиттай хүмүүс, вирусийг нь тээгч нарыг гэр бүл, ажил,
сургууль, нийгмээс тусгаарлах шаардлагагүй.
Өвдөх эрсдэлтэй хүмүүс
С гепатитын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг. Хамгийн өндөр эрсдэлтэй нь :
-Тарих замаар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс
-Цус бүлэгнүүлэх факторыг 1987 оноос өмнө хийж байсан хүмүүс
-Хиймэл бөөр төхөөрөмж хэрэглэдэг хүмүүс
-Эрхтэн шилжүүлэн суулгасан, 1992 оноос өмнө цус сэлгүүлж байсан, хожим
нь С гепатитын шинжилгээ нь эерэг гарсан донорын цусыг хийлгүүлж байсан
бүх хүн
-Элэгний тодорхойлогдоогүй эмгэгтэй хүмүүс
-Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд
-Эмнэлгийн ажилтнууд, ариутгалын ажилтнууд
-Бэлгийн замбараагүй амьдралтай хүмүүс
-Халдвартай нэг бэлгийн хамтрагчтай харьцаанд байдаг хүмүүс
ДОХ-ын халдвартай хүн С гепатитын шинжилгээнд заавал хамрагдана.
Халдвартай эхээс төрсөн хүүхдийг 12-18 сартайд нь С гепатитын
шинжилгээнд хамруулдаг.
Халдвартай цустай контакталсан байж болзошгүй /зүүгээр хатгуулсан,
нүд рүү цус үсэрсэн г.м./ гэсэн тохиолдолд эмнэлгийн
ажилтнууд шинжилгээ өгнө.
Эрсдлийн өндөр бүлэгт багтдаг хүмүүс В гепатитын вакцин хийлгэх хэрэгтэй.
Өгөх шинжилгээ
С гепатит илрүүлэх хамгийн өргөн тархсан шинжилгээ нь С гепатитын
вирусийн эсрэг биетийг илрүүлэх (анти-HCV) шинжилгээ. Энэ шинжилгээ нь
одоо, эсвэл өнгөрсөнд С гепатитын халдвар авсан байна гэдгийг л
тогтоодог. Үүнээс гадна энэхүү шинжилгээ нь янз бүрийн шалтгааны
улмаас хуурамч эерэг /шинжилгээний дүн эерэг гарсан ч бодит байдал
дээр халдвар аваагүй байх/, эсвэл хуурамч сөрөг /шинжилгээний дүн сөрөг
гарсан ч бодит байдал дээр халдвартай байх/ өгч болзошгүй
байдаг. Тиймээс баттай хариу авахын тулд илүү нарийвчилсан шинжилгээг
эмчийн заалтаар хийлгэх хэрэгтэй болдог.
Тээгч болох эрсдэл
С гепатитын халдвар аваад эдгэрэх магадлал 10-20 хувь байдаг. Яваандаа
илүү боловсронгуй эм, бэлдмэл бий болохын хэрээр энэ үзүүлэлт нэмэгдэх
нь гарцаагүй. Үүний дээр С гепатитын халдвар авсан ч вирус нь хүнд ямар
нэг хор хүргэлгүйгээр биед нь үржээд явдаг тохиолдол байдаг. Ийм
хүмүүсийг тээгч гэдэг. Ийм хүмүүст шинжилгээ хийхэд элгэнд нь ямар нэг
өөрчлөлт ороогүй, гепатитын шинж тэмдэг илэрдэггүй.
Гэхдээ С гепатитын халдвар авсан дийлэнх хүн архаг гепатитттай болдог
бөгөөд магадлал 70 хувь байдаг. С гепатитад дархлаа үүсдэггүй болохоор
дахин халдвар авч өвдөх эрсдэл байдаг.
Өвдсөн тохиолдолд
Гэр бүлийн нэг гишүүн нь С гепатитаар өвдсөн, халдвар авсан тохиолдолд
гэр бүлийн бусад гишүүнд вирус халдахаас урьдчилан сэргийлэх бүх л арга
хэмжээг авах ёстой. Үүнд:
-Цусны, эсвэл эрхтний донор болохгүй
-Сахлын хутга, шүдний сойз, хумс янзлах хэрэгсэл зэрэг халдвар тараах
эрсдэлийн хүчин зүйлс байж чадах эд зүйлсийг тусдаа хэрэглэх, бусдынхыг
хэрэглэхгүй байх
-Зүссэн, шарх авсан тохиолдолд цус гадагш үсэрхийлэхээс сэргийлэн
сайтар боож, наалт нааж байх. Ийм хүнд боолт хийх шаардлагатай бол
резинэн бээлий өмсөж байх.
"Өглөөний сонин"