Ерөнхий сайдын эзгүйд ургацын баяр болов

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын эзгүйд ургацын баяр болов

Улаанбаатар хотоос 50 гаруй км зайд орших “Хаан жимс” жуулчны баазад өнгөрсөн бямба гаригт ургацын баяр боллоо. Жил бүрийн намар “Хаан жимс” компанийнхан ургацын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө жилийн хувьд дөрөв дэх жилдээ баяраа тэмдэглэж буй нь энэ бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Засгийн газрын хуралдаантай завгүй суух зуур болсон юм. Уг нь Н.Алтанхуяг сайдын хувьд эл баярт их ач холбогдол өгч өөрийн биеэр оролцдог дэгтэй ч улс орны их ажил нь түүнд ийм боломж олгосонгүй. Гэхдээ хуран чуулсан олон тун кайфтай баяраа тэмдэглэв. Ингэхдээ өнгөрсөн жилийн наадмаас төрсөн шилдэг шүлгүүдийг хип хоп стилээр дуулж олонд хүргэсэн нь тун хөгжилтэй агшнуудын нэг байлаа. Нийт таван баг оролцсоноос хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлөн оролцсон MN-25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Урантогтох, “Сэрүүлэг” сонины сэтгүүлч н.Удвал нар тэргүүн байр эзэлж манлайлсан юм.

“Хаан жимс” компанийнхны хувьд өнөө жил ургац арвин байгаа аж. Хоёр га-гаас 15 тонн жимс хураажээ. Мөн хураасан чацаргана, үхрийн нүдээ боловсруулж экспортод гаргахаар ажиллаж буй юм байна. Энэ мэтчлэнгээр Монголын жимс жимсгэнийг гадаад зах зээлд гаргах оролдлогууд эхнээсээ хийгдэж эхэлжээ.

“Хаан жимс” компанийн хувьд байгуулагдаад арав гаруй жил болж буй. Үүсгэн байгуулагч нь өнөөгийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг юм. Тэрбээр УИХ-ын 2000 оны сонгуулиар ялагдал хүлээчихээд ямар ажил хийж амьдралаа залгуулах вэ гэж бодох зуураа чацаргана тариалах бизнес санаа олж агрономичоор газар нэлээд шинжүүлсний эцэст Цонжинболдгоос зүүн хойд зүгт орших одоогийн “Хаан жимс” жуулчны бааз байрлаж буй талбайд анхны чацарганы суулгацуудаа тариалснаар анхны шан татагджээ.  Бяцхан төгөлд тарьсан суулгацууд хэзээ үр жимсээ өгөх бол оо гэж санааширч байсан тэр он жилүүд гэрлийн хурдаар эвхэгдсээр 10 гаруй жилийг ардаа хийж өнөөдөр 15 тонн ургац өгөх дайны томоохон цэцэрлэг болж өргөжжээ. Энэ талбайд их олон төрлийн сортын чацаргана бий. Тэр бүгд өөр, өөрийн амттай, дээр нь үхрийн нүд хорт хавдраас сэргийлэх маш чухал амин дэмээр баялаг гээд яривал их л олон зүйлийг өгүүлж болох мэт. 


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж