Жүжиг эхлэлээсээ л үзэгчдийг байлдан дагуулсан. Тайзны голд асар хүний том уураг тархийг байрлуулсан байсан бөгөөд эд эсээрээ хэлхээтэй өнөөх уураг тархийг цасан цагаан хувцастай залуус сэтгэл сэрдхийлгэм аянд тойрон бүжихэд уураг тархи улаанаар гэрэлтэн дээш хөөрөн агаарт тогтоно. Өнөөх түгшүүрт бүжгийн дараа тайзнаа шидтэн, ерөнхийлөгч хоёр гарч ирэв. Ерөнхийлөгч / “ТВ Коктэйль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр/ их л захирангуй, зандрангуй өнгөөр шидтэнтэй /жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг/ ярилцах элдвийг асуух боловч өөрөө л тэдгээр асуултандаа хариулсаар. Шидтэн энэ бүхнийг дуулгавартай сонсох хэдий ч эцэст нь “миний хариултууд танд таалагдав уу” хэмээн ундууцангуй хариулна. Үнэндээ тэрбээр ерөнхийлөгчийн нэг ч асуултанд хариулах боломжийг олгоогүйд ийнхүү ундууцсан хэрэг. Харин тэднийг ийн ярилцах зуур насаараа үйлчлэгч /жүжигчин Б.Навчаа/ хийсэн бүсгүй “Хийх юм олдохгүй хэцүү юм аа. Өрөөндөө ороо дөрвөн ч удаа хурааж, заслаа” гэсээр гарч ирнэ. Ерөнхийлөгч “энэ “Cи” эмч /жүжигчин Л.Эрдэнэ-Очир/ бидэнтэй харьцахгүй юм аа. Юун төлөө ерөнхийлөгч үйлчлэгч гээд зааг байдаг билээ. Чи энэ хоёр хүн хоорондоо ямар ялгаатайг хэл дээ” хэмээн асууна. Түүний асуултад итгэл туутайгаар үйлчлэгч хариулж эхлэхэд хажуугаас нь шидтэн түүний хариултад улам хүч нэмнэ. Үйлчлэгч “Ерөнхийлөгч хог тарьдаг, харин үйлчлэгч түүнийг нь цэвэрлэдэг, ерөнхийлөгч нэрнийхээ өмнө олон янзын цол гуншинтай, харин үйлчлэгчид зөвхөн нэг л нэр л бий” хэмээн өөрийнхөө хэмжээнд хөгжилтэйгээр инээмсэглэн хариултуудаа урсгана. Гэтэл энэ үед өрөөний голд байрлах цахилгаан шатны гэрэл асан нэгэн шинэ зочин тэдэн дээр нэмэгдэнэ. Тэр бол баян гэр бүлд төрж, өссөн залуу / “ТВ Коктэйль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал / байлаа. Дөнгөж цахилгаан шатнаас буусан залуу нөгөө гурваас чухам хаана ирсэнээ лавлан “би буудалд өрөө захиалаагүй, Энэ аль хотын ямар нэртэй газар вэ?” хэмээн их л ундууцангүй нааш цааш холхино. Харин тэр гурав түүнийг доогтойгоор хаана харан инээх бөгөөд аль өрөөнд байрласныг нь асуун өөр хоорондоо ярилцана. Тэгээд залууд өөр өөрийн түүхийг ярина. Чухам хаана байгааг нь залууд ойлгуулахаар үйлчлэгч эхлээд өөрийн түүхийг өгүүлнэ. Тэрбээр насаараа үйлчлэгч хийсэн тухайгаа мөн аавыгаа, түүн шиг нөхөртэй болсон ч хоёр охин гаргаж өгсөний дараа нэг л өдөр түцнээс тамхи аваад ирье хэмээн гараад тэр чигтээ явсан ажлынхаа хамгийн сүүлийн өдөр ажиллаж байсан айлынхаа өнөөх үнэтэй хивсэн дээр “пан” хийн унасан тэгээд л энд ирсэн хэмээн ярина. Харин ерөнхийлөгч өглөө гэрээсээ гарч явтал замаар унадаг дугуйтай залуу хурдлан ирж яваа харагдсан ч би еөрнхийлөгч учраас яагаад ч зам тавьж өгч чадаагүй тэр надад зам тавьж өгөх байсан ч “түс” хийн энд ирсэн гэнэ. Шидтэн бол энд хамгийн удаан буюу зургаан сар болж байгаа бөгөөд “сахарын өвчин” хэмээн өөрийнхөө энд саатах болсон шалтгаанаа хэлнэ. Шидтэн залууд “пан”, “түс”, “сахарын өвчин” одоо хаана байгаагаа ойлгов уу хэмээн асуудаг ч залуу “эмнэлэг” хэмээн ташаа хариулт өгнө.
Жүжгийн үйл явдал энэ бүхнээс цааш өрнөн өнөөх залуугийн тааш ядаад байсан газар бол үхэл амьдралын заагт байрлах хүлээлгийн өрөө болон хувирна. Тэд энд цахилгаан шатанд сууж ирсэн шигээ цахилгаан шатанд сууж явна. Тэр цахилгаан шат хоёрхон точлуураар гэрэлтэнэ. Хэрвээ дээшээ сум заасан улаан гэрэл асвал үхэл рүү явсан гэсэн үг. Харин ногоон гэрэл асан доош явдал эргэн хүний ертөнцөд буцаж буйн дохио. Гэхдээ энэ газар огт эзэнгүй биш. “Си” эмч хэмээх цасан цагаан хувцастай эзэн хоёр харуулын хамт байна.Тэрбээр энд түр буудалсан эрхмүүдэд хаана ямар учраас ирсэнийг нь тайлбарлан цаг нь болохоор өнөөх цахилгаан шатанд үдэж өгнө. Түүнд эрх мэдэл үгүй. Үйлчлэгч удаан хүлээсэн цахилгаан шатандаа суудаг ч улаан гэрэл асан үхэл рүү одно. Харин түүний дараа цахилгаан шатны гэрэл асан нэгэн бүсгүй /“ТВ Коктэйль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш / ирнэ. Тэрбээр баяр хөөрт умбан дүүлэн бүжиглэн аз жаргалтай инээмсэглэнэ. Тэр энэ газарт хоёр дахь удаагаа саатаж байгаа нь энэ аж. Энгийн амьдрал дээр тэргэнцэртэй тахир дутуу тэрбээр энд ямар ч өвчин шаналалыг мэдрэхгүй хүсэн мөрөөддөг бүхнээ хийх боломж олддог учраас ийнхүү баясан цэнгэн энд удаан байхыг хүснэ. Гэвч хоёр ертөнцийн буудалд саатсан зочид үхэл, амьдрал руу зочсоор.
Хүний амьдрал ямар үнэтэй их цэнэтэй ч, ямар богинохон юм бэ хэмээн уулга алдуулах энэ жүжгийг авьяаслаг найруулагч Ж.Сэнгэдорж тайзнаа амилуулсан. Жүжгийн үйл явдал бүрт алга ташин уулга алдах үзэгчид түүнийг бүтээлийг өөр хоорндоо ярилцсаар тайзнаа хөшиг хаагдан дуусахад дуурийн ягаан театраас дурамжхан гарч байгаа харагдсан шүү. Тэд энэ жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй тэдэнд өөр өөрийн өнцгөөс үргэлжлүүлэн бодох боломжийг нээлттэй үлдээсэн.
Амьдрал бол чамд өгсөн бэлэг…Хэн, хаанаас өгдгийг, талархаж түүнийг таашаахгүй хайнга явбаас хэрхэн буцааж авч болдог тухай та энэ жүжгээс үзээрэй. Үхэл, амьдралын заагт нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах “Хоёр ертөнцийн буудал” драмын эмгэнэлт жүжиг энэ сарын 18-н хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.