Уг нийтлэлд “Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэж мэдэгдсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг төдийгүй, Монгол Улсыг тэр чигээр нь буруу хөл дээр нь зогсоолоо. Танхимын сайд нар нь бүрэн бүрдээгүй, Засгийн газрын анхны хуралдаанаа ч хийж амжаагүй байхад ганцаарчилан босгосон Д.Ганхуяг сайдын овоон дээр гадаадын хөрөнгө оруулагчид шаазгай болон ирээд суучихав. Мэдэгдэл гаргасан сайд нь ….Уул уурхайн сайд байсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бараг л “стоп кран” татахад хүргэв” гэжээ.
Энэ нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг ямар нэг ярилцлага өгөөгүй байхад www.undesten.mn сайтад “Уул уурхайн сайд Д.Ганхуяг Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцрохоо мэдэгджээ” гэсэн гүтгэлэг бүхий нийтлэл гарсаны үргэлжлэл гэж ойлгогдохоор байна.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь ийм мэдэгдэлийг огт хийгээгүй бөгөөд Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар томилогдсоны дараа 2012 оны 08 дугаар сарын 23-нд өдөр тутмын “Өдрийн Сонин”-д ярилцлага өгөхдөө “Оюу толгойн гэрээтэй холбогдсон УИХ-ын 57 дугаар тогтоол нь Монгол Улсын хууль. Үүний хэрэгжилт тааруу байгаа. Тиймээс энэ тогтоолыг хэрэгжүүлэх учиртай. Гэхдээ хэн нэг ганц улс төрч биш, Засгийн газар болон УИХ-ын олонхийн шийдвэрээр хэрэгжүүлэх боломжтой. Өмнөх Засгийн газар нэгэнт хуульд нийцэхгүй гэрээ байгуулсан учир, энэ асуудлаар өнөөгийн төр засаг, олон нийт нэгдсэн байр сууринд хурч байж шийдэх учиртай "гэж байр сууриа илэрхийлсэн.
Мөн 2012 оны 08 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дисковер Монголиа 2012” гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газрын албан ёсны байр суурьтай холбогдуулж үг хэлсэн болно. Гэтэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Оюутолгойн гэрээтэй холбогдсон үндэслэлгүй,гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүд гарч байгаад харамсч байна.
Эдгээр нийтлэл нь Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг эхнээс нь гуйвуулах, засгийн газрын гишүүдийн хооронд үл ойлголцох байдал үүсгэх,гүтгэн доромжлох, хөрөнгө оруулагч нарт буруу ойлголт өгөх зорилго агуулсан байж болзошгүй гүтгэлгийн чанартай мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар.Энэ салбар дахь төр, засгийн бодлого шийдвэр, байр суур нь баялаг бүтээгч хөрөнгө оруулагч компаниудын орлого, компаний үнэлгээ, хувьцааны үнэ цэнэ зэрэгтэй нягт холбоотой асуудал гэдгийг сайтар тунгаан Монгол улсынхаа эрх ашгийн үүднээс цаашид ийм асуудалд анхааралтай хандахыг хэвлэл мэдээллийн салбарынханд уриалж байна.