Евро бүсийн халуун намрын ажлын хуваарь

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Евро бүсийн халуун намрын ажлын хуваарь

Европын валютын холбоо (ЕВХ) ба евро мөнгөний хувь заяанд хамааралтай чухал шийдвэрүүд  ойрын долоо хоногуудад гарах болно. Есдүгээр сарын турш мөн аравдугаар сарын эхний хэсэгт тогтворжуулалтын ESM сан тогтмол ажиллах уу, Грек улс евро бүсэд тогтох уу, Испанид өргөн цар хүрээтэй тусламж  хэрэгтэй юу, Кипрт мөнгө өгөх үү, Европын Төв банк асуудалтай орнуудын төрийн үнэт цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан авах уу зэрэг асуудлууд тодорхой болно.

Европын халуун намрын чухал үйл явдлууд

Есдүгээр сарын 6, пүрэв гариг.  Асуудалтай орнуудын үнэт цаасыг ямар нөхцөлөөр худалдан авахаа Европын Төв банкны (ЕТБ) удирдлагын зөвлөл Майн дэх Франкфуртад ярилцав. ЕТБ-ны  удирдлагын зөвлөл евро бүсийн хямралтай орнуудын нэгээс гурван жилийн хугацаатай үнэт цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан авах шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан байна.

ЕТБ-ны  удирдлагын зөвлөл есдүгээр сарын 6-ны өдөр евро бүсийн орнуудын хямралтай үнэт цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан авах шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан талаар  тус банкны тэргүүн мэдэгдсэн байв.

ЕТБ  зөвхөн нэг жилээс гурван жилийн үйлчилгээний хугацаатай үнэт цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан авах бөгөөд энэ арга хэмжээ нь Европын хуулиар хориотой улсыг санхүүжүүлэх арга хэмжээ хэмээсэн шүүмжлэгч нарын буруутгалд хариу бэлтгэж байгаа бололтой.

Драгийн хэлснээр, энэ хөтөлбөр нь чанд нөхцөлтэй хэрэгжих ажээ. Тухайлбал, Европын санхүүгийн тогтворжуулагч EFSF ба Европын тогтворжуулах механизм ESM  хоёрын чанд хяналт шалгалттай орнуудын үнэт цаасыг ЕТБ худалдан авах гэнэ. Ийм аргаар тэд евро бүсийн инфляцийг өсгөх эрсдлээс хамгаалж байна.

Олон улсын санхүүгийн зах зээл дээр евро мөнгөнд итгэх итгэл суларч буй учраас улсын үнэт цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан авах шаардлага гарч ирсэнийг Марио Драги онцлон тайлбарлав. Евро бүсийн хямралтай орнуудын үнэт цаасаар эрсдэлийн өндөр нэмэгдлийг тогтоож байгаа нь ЕТБ-ны мөнгөний бодлого тивийн валютын холбооны орнуудад янз бүрийн үр дүнтэйг Драги хэлсэн байна.

ЕТБ-ны  удирдлагын зөвлөлийн зарим гишүүд үнэт цаас худалдан авахын эсрэг байв гэж Reuters тэмдэглэв. Сануулахад, Германы Холбооны банкны (бундесбанк) тэргүүн Йенс Вайдман нэг биш удаа энэ арга хэмжээг эсэргүүцэн ийм бодлогыг “хэвлэлийн машин ажиллуулан улс орныг санхүүжүүлж байна” гэж шүүмжилж иржээ.

ХБНГУ-ын гол санхүүчийн үзэж буйгаар ардчилсан нөхцөлд ийм өргөн цар хүрээтэй эрсдэлийг хуваарилах асуудлыг төв банкууд биш парламент шийдэх ёстой ажээ. Ийм алхамын үр дүн нь татвар төлөгчдийн мөрөн дээр нэмэлт ачаа болох аж. Йенс Вайдманы ийм байр суурь ЕТБ-ны  удирдлагын зөвлөлд түүнийг бараг ганцаардуулж байгаа.

Есдүгээр сарын 8, бямба. Европын холбоо Башар Ассадын дэглэмийг тийм ч хурдан унахгүй гэсэн хүлээлттэй байгаа учраас эдийн засгийн хориг арга хэмжээг Дамаскийн эсрэг авахаар бэлтгэж байна хэмээн тус холбооны Гадаад хэргийн сайд нарын Кипрт есдүгээр сарын 8-нд хийсэн уулзалтаас мэдэгджээ.

Люксембургийн Гадаад хэргийн сайд Жан Ассельборн, Ассадын дэглэм зургаан сарын дараа эсвэл жил хагасын дараа унана гэж үзэв. “Энэ бүгд нь харьцангуй удаан хугацаанд үргэлжлэх магадлал өндөр байна. Харамсалтай нь ийм хугацаанд олон мянган хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн төрөлх нутгаа орхин гарах байх” хэмээн Ассельборн онцлов.

Германы гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) үргэлжлэн буй цус урсгалтаас үүдэн дүрвэгсдийн асар том давалгаа үүсээд байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна. Үүнд Германы Засгийн газар түгшиж байна гэж ярьжээ. “Дүрвэгсдийн ихэнх урсгалыг хүлээн авч байгаа Иордан, Туркээс гадна хүчирхийлэл хурцдаж магадгүй байгаа Ливанд ч асуудал үүснэ” гэж хэлсэн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын  үгийг DAPD  агентлаг дамжуулжээ.

Герман ба Европын холбооны бусад орнууд Сирийн дүрвэгсдэд туслах болно. Берлин энэ зорилгоор хоёр сая еврог гаргаж байна хэмээн Гидо Вестервелле амлав. Сайд нар Ассадын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан ба уг шийдвэрийг ирэх сард гаргах гэнэ. Мөн тэд Орос ба Хятадад хандан Аюулгүйн зөвлөлд хориг тавьдаг арга хэмжээнээсээ татгалзахыг уриалсан байна.

Есдүгээр сарын 10, даваа. Афин хотноо Еврокомисс (EK), Европын төв банк (ЕТБ) ба Олон улсын валютын сан (ОУВС) “гурвалын” шалгагчдын удирдлага Грекийн ерөнхий сайд Антонис Самарастай уулзан түүний төсвийн хэмнэлтийн шинэ хөтөлбөртэй танилцаж байна. Сарын сүүлч ба дараа сарын эхээр байцаагчид Грек улс авсан амлалтаа хэрхэн биелүүлж байгаа талаар тайлан тавин санхүүгийн тусламжийн ээлжит хэсгийг өгөх эсэх талаар зөвлөмжөө гаргах ёстой.

Есдүгээр сарын 12, лхагва. Германы Үндсэн хуулийн шүүх  Европын тогтворжуулах механизм нь тус орны Үндсэн хуульд харшилж буй эсэх талаар өөрийн шийдвэрээ Кралсуэ хотод зарлах юм. Шинэ байнгын үйл ажиллагаатай тогтворжуулалтын сангийн эсрэг гомдол буцаагдана гэж ажиглагчид үзэж байгаа. Эс тэгвээс евро бүс өөрийн өрийн хямралаа шийдэх чухал хөшүүргээ алдана. 

Есдүгээр сарын 12, лхагва. Еврокомисс бүх холбооны банкны шалгалтын  байгууллага бий болгох асуудлаа Брюссельд шинээр ярилцаж эхэлнэ. Ийм зохицуулагч байгууллага нь Европын холбооны ирээдүйн санхүүгийн барилгын гол элементүүдтйн нэг болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Есдүгээр сарын 14-15,  баасан-бямба. Европын холбооны Сангийн сайд нарын албан бус уулзалт Кипрт болно. Энэ арал санхүүгийн тусламж зургадугаар сард хүссэнийг аравдугаар сард шийдэх бололтой.

Аравдугаар сарын 4, пүрэв. Словенийн нийслэл Любляна хотод ЕТБ-ны Удирдлагын зөвлөлийн явуулын уулзалт болж зээлийн хүүг буулгах талаар ярилцах болно. Словени нь Европын тогтворжуулалтын сангаас санхүүгийн тусламж авч магадгүй байгаа орнуудын нэг.

Аравдугаар сарын 8-9, даваа-мягмар. Люксембургт эхлээд Евро бүсийн Сангийн сайд нар уулзах ба дараа нь Европын холбоо цугларна. Энэ үеэр Грек ба Кипрт ажиллаж байгаа хяналт шалгалтын “гурвалууд” өөрсдийн  тайланг танилцуулах ёстой. Тайлангийн дагуу сайд нар ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад дүгнэлтээ гаргах юм. 

Аравдугаар сарын 18-19, пүрэв-баасан. Брюссель хотноо болох ЕХ-ны саммитаар Грект шинэчлэл явуулахад нь нэмэлт хугацаа мөн санхүүгийн тусламжаа үргэлжлүүлэх үү гэсэн гол асуудлыг шийдэх болно. Тусламжийг зогсоовол Грекийг дампууралд оруулан түүнийг евро бүсээс гарахад хүргэнэ. Энэ дээд хэмжээний уулзалтын дэгэнд Испанийг дэмжих арга хэмжээ, Кипрт зээл олгох асуудлууд байгаа.

Ийм маягаар, евро бүсийн хувь заяатай холбогдсон чухал өдрүүд нь есдүгээр сарын 12 ба аравдугаар 18-19 болж байна. Энэ хугацаанд яаралтай зөвлөгөөн ба Сангийн сайд нарын, Европын лидерүүдийн хоёр талын ба олон талт уулзалтууд болох магадлал ихтэй.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж