спортын IV дэх удаагийн тэмцээн ОХУ-ын Казань хотноо есдүгээр сарын
4-9-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим
буудлагын оюутан тамирчид ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 102
багц медалийн төлөө онч сорин өрсөлдлөө.
Манай улсын хувьд
эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Энхсайхан ажиллалаа.
Эмэгтэй баг тамирчид хоёр алт, гурван хүрэл медаль (ганцаарчилсан төрөлд нэг алт, хоёр хүрэл) хүртсэн бол эрэгтэй баг нэг хүрэл медаль нийт манай баг тамирчид зургаан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
Манай тамирчдын медаль хүртсэн амжилтыг танилцуулья.
Тэмцээний эхний өдөр (09.05)
эмэгтэйчүүдийн 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны төрөлд ХУИС-н
оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж,
алтан медаль хүртсэн бол багийн төрөлд (ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ
О.Янжинлхам, ОУХМ Я.Заяа) мөн оюутны дэлхийн аварга болсон.
Тэмцээний хоёр дахь өдөр
(09.06) эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын (rapid)
ганцаарчилсан төрөлд ОУХМ Т.Баярцэцэг хүрэл, багийн төрөлд (ОУХМ
Т.Баярцэцэг, ОУХМ Т.Гантуул, спортын мастер Д.Энхзул) дахин хүрэл медаль
хүртсэн.
Тэмцээний гурав дахь өдөр (09.07) эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн 3 байрлалаас буудах (3*40=120 сум) дасгалд манай эрэгтэй баг 3419 оноогоор хүрэл медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд Н.Баяраа-1152, Х.Бямбабаатар-1137, Б.Бишрэл-1130 оноогоор медалийн тавцанд зогслоо. Энэ төрөлд ОХУ (3470) түрүүлж, БНСУ (3449) удаалсан байна.
Тэмцээний дөрөв дэх өдөр
буюу (09.08) тэмцээнд эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн
дасгалд ОУХМ О.Янжинлхам шигшээ наймд шалгарч, улмаар хүрэл медалийн
болзол хангалаа. Энэ төрөлд Голландын тамирчин түрүүлж оюутны дэлхийн
аварга болсон бол (681.4), Швейцарийн тамирчин мөнгөн медаль хүртэж
(678.2), ОУХМ О.Янжинлхам (675.5) удаалсан байна. ОУХМ О.Янжинлхамын
хувьд шигшээ наймд 578 оноогоор наймдугаар байраар шалгарсан ч,
амжилттай буудсанааар Солонгос, Иран, Австрали зэрэг тамирчдыг ардаа
орхин хүрэл медаль хүртжээ.
Буудлагын тэмцээнүүдээс ОХУ-ын баг 17 медаль (алт 11, мөнгө 4, хүрэл 2), Франц 12 (4+5+2), БНСУ-ын тамирчид 11 (4+6+1) медаль хүртэн багийн дүнгээр эхний байруудыг эзэллээ. Казань хотын Мирный тосгон дах “Свияага” таваг буудлагын талбайд энэ төрлийн тэмцээнүүд болж Итали, ОХУ-ийн баг тамирчид тэргүүлсэн байна.
Казань хотноо 2013 оны долдугаар сарын 6-17-ны өдрүүдэд Дэлхийн оюутны спортын 27 дугаар Зуны Универсиад их наадам спортын 22 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд тус хотын захиргаа энэ тэмцээнийг амжилттай бэлтгэн явуулж ирэх жилийн наадмын сорил тэмцээнээ явуулж өөрсдийнхөө хүч чадлыг сорин үзэв. Буудлагын талбай барилга байгууламж олон улсын түвшинд баригдан, шүүлтийн болон зохион байгуулалтын үйл ажиллагаа амжилттай боллоо.
Дашрамд дуулгахад, Монголын буудлагын оюутан тамирчдаас 2003 онд Чехийн Пельзинь хотноо болсон тэмцээнд О.Гүндэгмаа гар бууны 10 м, 25 метрийн хоёр зайд алтан медаль хүртэж байсан бол 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон тэмцээнд Ц.Мөнхзул хувийн төрөлд мөнгө, багийн төрөлд Ц.Хонгорзул нарын гурван тамирчин мөнгөн медаль хүртэж байсан байна.