Амжилт дагуулсан “Толгой эргэлт”

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Амжилт дагуулсан “Толгой эргэлт”

Британийн Sight & Sound гэх кино урлагийн сэтгүүл бүх он цагийн бүх улс түмний агуу кинонуудын чансааг шинэчлэн гаргасныг Альфред Хичкокын «Толгой эргэлт» кино тэргүүлжээ.

Хичкокын кино энэ удаа 191 санал аваад тавин жилийн турш бүх онц цаг, улс түмнийг эзэмдсэн агуу кино гэж тооцогдож байсан найруулагч Орсон Уэллсийн «Иргэн Кейн» киног хоёрт шахаж чадлаа.

Хичкок «Толгой эргэлт» киногоо 1958 онд бүтээн түүндээ өндрөөс айдаг айдастай мөрдөн байцаагчийн тухай өгүүлсэн байв. Жүжигчин Жеймс Стюарт найруулагчийн кинонуудад дөрөв дэх  дүрээ бүтээн сүүлчийн удаа тогложээ.

Киног үзэгчид, шүүмжлэгч нар эхлээд тааруухан хүлээн авсан байв. Харин 10 жилийн дараа уг кино Sight & Sound сэтгүүлийн чансааны 10-т бичигдэх шахав. Ганцхан санал л дутсан байлаа.

Цааш нь «Толгой эргэлт» тууштайгаар оргил өөд мацсан байна. Дахиад 10 жилийн дараа тэр 7-9 байруудыг хуваалцсан юм. Өмнөх 2002 оны асуулгаар уг кино «Иргэн Кейн»-ээс таван саналын дутуутай байлаа.  Хичкокын киноны өнөөгийн ялалт нь нэлээд үнэмшилтэй болсон ба Уэллсийн киног ардаа 44 саналаар орхижээ. Хичкокын бас нэг кино «Психо» 34 санал цуглуулж 35 дугаар байрт бичигдлээ.

Өнгөрсөн зууны эхний 1930-аад онуудад үүсгэн байгуулагдсан Sight & Sound сэтгүүл анхлан кино шүүмжлэгчид ба кино шинжээчдийн санал асуулгаар чансааг гаргажээ. Сэтгүүлийн анхны чансаанд Витторио де Сикагийн найруулсан «Дугуй хулгайлагчид» гэдэг 1952 оны кино тэргүүлсэн байлаа. Кино үйлдвэрлэгч мэргэжлийн хүмүүсийн үнэлгээг уг сэтгүүл 10 жилд нэг удаа шинэчилдэг бөгөөд түүнийг дуурайсан олон тооны дэлхийн хэмжээний болон улс орнуудын мөн түүнчлэн төрлөөр  хийдэг чансаа ихээр гарч ирсэн юм. Гэлээ ч уг сэтгүүлийн чансаа нь хамгийн нөлөө бүхий нэр хүндтэйд тооцогддог. Америкийн нэртэй шүүмжлэгч Рожер Эберт уг чансааг “Кино ертөнцийн хамгийн буурь суурьтай хүмүүс жинхэнээрээ ханддаг учраас цорын ганц нь” хэмээн үнэлсэн байдаг. Энэ удаагийн 2012 оны санал асуулгад 846 кино шүүмжлэгчид ба кино судлаачид оролцсон байна.

Жан Ренуарын «Тоглоомын дүрэм» гэх 1939 оны кино энэ удаа дөрөвдүгээрт бичигдсэн ба сэтгүүлийн 60 жилийн хугацаанд гаргасан долоон чансаанд багтаж байгаа цорын ганц кино ажээ.

Оросын кинонуудаас топ-10-ын наймд  Зиги Вертовын «Кино аппараттай хүн» гэдэг баримтат кино 68 саналаар оржээ. Сергей Эйзенштейны «Хуягт онгоц «Потемкин» өмнөх зургаан чансааны эхний 10-т орж байсан ба хамгийн анхны чансааны дөрөвдүгээрт байгаад 1972 онд  Федерико Феллинийн «Найм хагас» киноноос нэг саналын дутуугаар гуравдугаарт нэрлэгдсэн байжээ.

Нийт 50 киног жагсаасан чансаанд Андрей Тарковскийн гурван кино: «Толь» (19-р байр, 47 санал), «Андрей Рублев» (26-д, 41 санал), «Сталкер» (29-д, 39 санал) багтсан байна. Найруулагч нарын саналаар «Толь» есдүгээрт нэрлэгдсэн байлаа.
Энэ жил Sight & Sound сэтгүүлийн редакци журмандаа өөрчлөлт оруулсан байна. Олон ангит кинонуудыг тус тусад нь авч үзэх болжээ. Жишээлбэл, өмнөх арван жилд нийлээд 23 саналаар хүндтэй дөрөвдүгээр байранд орж байсан бол энэ удаа 21-д (эхний кино нь, 43 санал) ба 31-д (хоёрдугаар хэсэг, 39 санал) тус тусдаа бичигдлээ.

Топ-10: кино шүүмжлэгчдийн чансаа, 2012 он
  1. «Толгой эргэлт», найр. Альфред Хичкок, 1958 (191 санал)
  2. «Иргэн Кейн», найр. Орсон Уэллс, 1941 (157)
  3. «Токиогийн тууж», найр. Яшү­зиро Озу, 1953 (107)
  4. «Тоглоомын журам», найр. Жан Ренуар, 1939 (100)
  5. «Нар мандалт», найр. Фридрих Вильгельм Мурнау, 1927 (93)
  6. «2001 он: Сансрын их аян», найр. Стэнли Кубрик, 1968 (90)
  7. «Хайгчид», найр. Жон Форд, 1956 (78)
  8. «Кино аппараттай хүн», найр. Зига Вертов, 1929 (68)
  9. «Жанна д’Аркийн тарчлаан», найр. Карл Теодор Дрейер, 1928 (65)
  10. «Найм хагас», найр. Федерико Феллини, 1963 (64)
Топ-10: Найруулагчдын чансаа, 2012 он
  1. «Токиогийн тууж», найруулагч Яшүзиро Озу, 1953
  2. «2001 он: Сансарын их аян», найр. Стэнли Кубрик, 1968
  3. «Иргэн Кейн», найр. Орсон Уэллс, 1941
  4. «Найм хагас», найр. Федерико Феллини, 1963
  5. «Хөлсний машины жолооч», найр. Мартин Скорсезе, 1976
  6. «Өнөөдөр галав юүлнэ», найр. Френсис Форд Коппола, 1979
  7. «Загалмайлсан эцэг», найр. Френсис Форд Коппола, 1972
  8. «Толгой эргэлт», найр. Альфред Хичкок, 1958
  9. «Толь», найр. Андрей Тарковский, 1974
  10. «Дугуй хулгайлагчид», найр. Витторио де Сика, 1948

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж