”Охины үхэлд гуравдагч компани буруутай”

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

”Охины үхэлд гуравдагч компани буруутай”

Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Тус барилгын компани нь барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төслөө хянуулж батлуулаагүй, охины дээрээс унасан гэх машин нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй машин механизм байсан нь илрээд байгаа. Тухайн газарт эмнэлэг, орон сууцны зориулалт бүхий барилга барих зөвшөөрлийг иргэн н.Батболд 2012 оны нэгдүгээр сард авчээ. Барилгын зураг төслийг “Тоёохиро студио” компаниар хийлгүүлсэн боловч барилгын зураг төслийг нийслэлийн Барилга хот байгуулалтын албанд албан ёсоор хянуулж зөвшөөрөл аваагүй байсан гэнэ.

Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд буруутай этгүүдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Ослын хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Мөн барилга бариулж буй байгууллага, гүйцэтгэгч компани, цемент нийлүүлж байсан компаниудыг шалгаж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ослын шалтгааныг шалгаж тогтоон манайд мэдэгдэх ёстой. Хэрэгтэй гэж үзвэл дээрхи байгууллагын холбогдох хүмүүсийг нэмж сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэсэн юм.

Эрүүгийн хуулийн 183.1-дэх заалтад “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Уг зөвшөөрөлгүй барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан  “Төгс гүрэн” компанийн захирал Д.Болдоос цөөн асуултад хариулт авлаа.

-Бетон шахагч машиныг хөдөлмөрийн аюул­­гүй байдлыг хангаж ажиллаагүй байна гэсэн. Танайх шалгаагүй юм уу, ямар нэг байдлаар буруутай юу?

-Гуравдагч этгээд компани ажил үүргээ гүйцэтгэж байсан. Бүрэн бүтэн аюулгүй байдлыг нь бид мэдэхгүй. Хийсэн гэрээ нь захиалагч компанитай болохоос манайтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь.  

-Танайх энэ ослын бурууг өөрсдөөсөө холдуу­лаад байна уу? 

-Бид ямар нэгэн хариуц­лагаас мултрах гэсэнгүй. Нийгэмд үүсээд байгаа буруу ойлголтыг залруулах гэсэн юм. Түүнээс хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ямартай ч бид хохирогчийн ар гэрийнхэнд тусалж, мөнгөн тэтгэмж өгөх хүсэлтэй байгаа. Мөрдөн байцаагчаар дамжуулан туслах хүсэлтэй байгаагаа илэр­хийл­сэн. Гэхдээ одоогоор уулзаагүй байна.

-Бетон шахагчийг ажиллуулсан хүн нь мэргэж­лийн жолооч байсан уу?

-Мэргэжлийн хяналтын байгуул­­лагын урьдчилсан дүг­нэлт гарсан. “Премиум конкрете” компанийн оператор нь шалгалтад ороогүй мэргэж­лийн үнэмлэхгүй хүн байсан нь тогтоогдсон. Мөн тухайн үедээ аюулгүй ажиллагааг хангаж ажлаагүй байсан гэсэн. Тухайн үед би хөдөө ажлаар явсан байсан. Тиймээс өөрийн болон  ажлынхаа хамт олны өмнөөс талийгаач охины ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж