Төсвийн тодотголын төслийг маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголын төслийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилно

УИХ-ын ээлжит бус чуулганы хурал­­даанаар Монгол Улсын Ерөнхий­лөгчөөс Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсантай холбоотойгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн батлав. Ингэснээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилох, Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүү­дийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилж байхаар боллоо.

С.Дэмбэрэл, С.Ганбаатар нарын хуулийн төсөл дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлэг дээр С.Дэмбэрэл, С.Ганбаатар нар Нийгмийн даатгалын газрын даргыг томилохдоо тухайн шатны Засаг даргатай зөвшилцаж байх зэрэг зарчмын санал гаргасан боловч чуулганы хуралдаанаар дэмжигдсэнгүй. Уг хуулийн төслийг анхны хувилбараар нь дараагийн хэлэлцүүлэгт шил­жүүлэхээр болсон юм.

Холбогдох хуулийн төслүүдтэй холбоотой Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсоноос төсөвт тодотгол хийж байгаа ч одоо төсвийн алдагдал 4,9 хувьд хүрсэн. Төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүйн тулд зам барилгын зарим ажлыг ирэх жилийн төсөвт тусгахаар хойшлуулсан гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг гишүүдэд санууллаа.

Төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй барих хэрэгтэйг Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга нар тайлбарласан ч зайлшгүй хийх шаардлагатай ажлууд байгааг гишүүд сануулж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулахаар 2012 оны төсөвт 1,6 тэрбум төгрөг тусгасан байсныг хасч, тодотгол” хийснийг шүүмжилсэн боловч ирэх оны төсөвт суулгах болсон юм.

Чуулганы хуралдаанаар “Хүний хөгжил сангаас олгох 21 мянган төгрөгийг зөвхөн хүүхдэд гэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, амьжиргаажих түвшинээс доогуур орлоготой иргэдэд өгөхөөр тодотгох саналыг МАН-ын гишүүд санал оруулсан. Хүний хөгжил сангаас хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, амьжиргааны түвшинээс доогуур орлоготой иргэдэд 21 мянган төгрөг өгөх асуудал байнгын хорооны хурал дээр яригдсан ч дэмжигдээгүй гэдгийг байнгын хорооны дарга онцолсон.

Орон нутгийн сонгуульд 9,2 тэрбумыг зарцуулна

Чуулганы хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэх байсан ч байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа учраас чуулганаар хэлэлцэх боломжгүй гэсэн. Гэвч Төсвийн байнгын хороогоор Төсвийн тодотголд орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд 6,1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байгааг танилцуулсан. СЕХ-оос гаргасан судалгаагаар 3,1 тэрбум төгрөг нэмж тодотгох шаардлагатай байгаа гэсэн байна.  Хэдийгээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуу­лийн тухай хуулийн төсөл эцэслэг­дээгүй байгаа ч шаардлагатай хөрөн­гийг урьдчилан төсвийн тодот­го­лоор нэмж батлуулах хэрэгтэй гэж зарим гишүүн үзэж байна.  Тиймээс СЕХ-нд орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион явуулахад  нийт 9,2 тэрбум төгрөг шаардлагатай гэснийг чуулганы хуралдаанд оролцогч нийт гишүүдийн 56 хувь нь дэмжиж төсөвт суулгахаар боллоо

Төсвийн тодотголын төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон, дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалт явуулж дуусан гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийгн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Онцгой албан татварыг хоёр нэмэх төслийг дэмжлээ

Уг хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Төсвийн байнгын хороо ны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа төсөл санаачлагч нь тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж цаашид тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоон, татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож, хуулийн төсөлд тусгажээ. Мөн Автобензин, дизель түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохооор тусгасан нь дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцлийг бий болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна. Чуулганы хурал­даа­наар байнгын хорооны саналыг олонхиор дэмжлээ.

Үүний дараа Төсвийн байнгын хороо хуралдан төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг  хийж, чуулганаар хэлэлцүүлэх байсан ч УИХ-ын дарга Төсвийн тодотголын төслийг ирэх мягмар гаригийн чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж