Архи, тамхинаас гарцгаая!

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Архи, тамхинаас гарцгаая!

“Дэлгүүрт ороод тамхи авах гэсэн үнэд орсон байна, тамхинаас гарахаас” гэж хөрш маань ярив. Үнэ нэмэгдсэн шалтгаан нь архи, тамхины татварыг нэмэх гэж байгаатай холбоотой гэж худалдагч тайлбарлаж. Одоохондоо татварыг нь нэмэх талаар ярьж байгаа ч албан ёсоор баталчихаагүй байхад яагаад ингэж үнэ нь нэмэгдэв гэж гайхаж байсан ч архи, тамхины хэрэглээ өндөртэй манайхны хувьд зөв л арга байна гэж бодов.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзсэнээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх олон гарц хайж байгаа . Үүний нэг нь архи, тамхины Онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл. Сангийн сайд Ч.Улаан Засгийн газраас санаачлан, боловсруулсан уг төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. УИХ-ын гишүүд өөрийн бизнест халгаатай бизнесийг  сайшаагаад байдаггүй болохоор онцгой татвар нэмэх хуулийг хамгийн их эсэргүүцэх ёстой хүн нь мэдээж Ц.Дашдорж гишүүн. Өмнө нь тамхины Онцгой татварыг нэмэгдүүлэхдээ “зөвхөн импортын тамхи”-ны татварыг нэмэгдүүлнэ гэснээр Монголдоо л ганц тамхины үйлдвэртэйгээрээ тэр л хожсон. Импортын тамхи үнэд орохын хэрээр хүмүүс хямд тамхи руу хошуурч, “Монгол тамхи Со” компанийн эзэн Ц.Дашдорж гишүүний халаас улам зузаарсан. Иймэрхүү хуулийн төсөл ороод ирвэл халгаадаггүй хэдэн хүн улс төрд олон бий. Хэрэв архи, тамхины албан татварыг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл, дотоодын ч импортын ч аль алиных нь татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй байх. Үүнийг ч анзаарсан уу хуулийн төсөл санаачлагчид аавын хүүхдүүдийг алагчлахгүй гэж үзсэн бололтой. Ингэхдээ “дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай болгож, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр” тусгасан байна.

Хэрэв энэ төслөөрөө батлагдвал ч архи, тамхины бизнестэй олон түшээдийн орлого буурч, харин ард түмний халааснаас архи, тамхинд явах мөнгө нэмэгдэнэ. Тэр хэрээр төсөвт орох орлого ч нэмэгдэнэ. Харин цөөнх нь тамхинаас гарч, олон хүний архины хэрэглээ буурах байх. Одоогийн байдлаар гэхэд архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуй нэгж байдаг бөгөөд Онцгой албан татварын орлогын дийлэнхи буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллагууд бүрдүүлдэг юм байна. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал 2012 оны төсвийн орлого 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоог албаныхан гаргаад байгаа аж. Ингээд төрд ч хэрэгтэй, түмэнд ээлтэй энэ хуулийн төслийг батлаад өгвөл хэн хэндээ ашигтай байх болно. Төрд орлого бүрдэж, архины хэрэглэгчид багасна. Архины хэрэглээ багасаад ирэхээр ашигтай тал олон бий. Дэлгүүрүүд ч татвар нэмэх сургаар архи, тамхины үнийг нэмчихсэн. Татвар нэмээд ирэхээр хэрэглээ нь хэр багасах болдоо сонирхолтой судалгаа гарна байх шүү.

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж