Подвал руу алхаад марш!

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Подвал руу алхаад марш!

Нийслэлд ирсэн шинэхэн оюутанд олон бэрхшээл тулгардаг. Үүний нэг нь толгой хоргодох байрны асуудал гэхэд хилсдэхгүй. Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод жил бүрийн намар хөдөө орон нутгаас 90 мянга орчим оюутан ирдэг ажээ.  Гэтэл нийслэлийн хэмжээнд тус бүр нь 300 орчим оюутан хүлээн авах чадалтай 43 байр байдгаас нийт оюутнуудын 13 мянга гаруй нь  байранд орох боломжтой гэнэ.  
Их дээд сургуулиудын удирдлагууд дотуур байрандаа шинээр элсэн орж байгаа  нэг, хоёрдугаар курсын оюутнуудыг түлхүү оруулдаг гэдэг боловч харамсалтай нь амьдрал дээрээ хэлсэн хийсэн хоёр нь байнга зөрдөг хууль тогтчихсон. Үнэн хэрэгтээ бэл бэнчинтэй, гайгүй боломжийн айлын хүүхдүүд хавар амрахдаа байрныхаа даргад “Таныг намар гомдоохгүй шүү. Дүү нь өвлийн идшийг даана” гээд л дээд курсын ах эгч нар хичээлийн жилийн турш толгой хоргодох байртай болчихно.

За тэгээд үлдсэн цөөн хэдэн өрөөг шинэхэн оюутан залуусын аль овсгоотой, сэргэлэн, самбаатай нь авна. Зарим оюутнууд нь танил тал, хамаатныхаа айлд ая тавыг нь харж амьдардаг. Харин үлдсэн нь ээж аавынхаа өгсөн хэдэн төгрөгийг өвөртлөөд  подваль болон гэр хороол­лын алслагдсан газруудад айл айлын хаалга тогшиж царай алдаж явна.

Үүнээс гадна эзэмшсэн мэргэжлээр ажиллах гээд хөдөө орон нутгаас  хотод орж ирсэн залууст орон байрны асуудал толгойны өвчин л гэсэн үг. Мөн нийслэлийн залуус өрх тусгаарлахдаа ихэвчлэн халаасны өрөө түрээслэж амьдардаг гээд бодохоор манайд энэ төрлийн бизнес эрэлт их байна. Эрэлтийг дагаад байрны үнэ ханш “гэрлийн хурдаар” нэмэгдэх боллоо. Гэхдээ мөнгөндөө тааруулж хажуу өрөө, подваль хөлсөлнө гэдэг амаргүй. Өнөө үед  хямдхан битгий хэл, өндөр үнэтэй өрөө ч олдохгүй болдог болохоор оюутнууд түрээслүүлэгчийн хэлсэн мөнгийг төлж, шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг.

Өнөө жилийн хажуу өрөө болон нийтийн байрны үнэ байршлаас хамаарч өөр бөгөөд дунджаар хотын төвд хажуу өрөө 200-280 мянга төгрөг, нийтийн байр хотын төвд 120-160 мянган төгрөгний үнэтэй байна. Харин хотын төвөөс зайдуу болоод ирэхээр  25- 50 мянган төгрөгөөр буурдаг. Гэхдээ л орлогогүй аав ээжийнхээ санхүүгийн хараанд байдаг оюутнуудын хувьд бол энэ өндөр ханш.

За тэгээд ихэнх түрээслүүлэгчид байрны мөнгийг бүтэн жилээр нь болон хагас жилээр нь авах болзол тавьдаг. Гэтэл оюутнууд тэр бүр  их хэмжээний мөнгийг ар гэрийхэн нь өгөх боломж бололцоо муу байдаг.  Боломж алга даа гээд гудамжинд нь гаралтай биш дээ.  Оюутны байр хүрэлцээгүй, түрээсийн хажуу өрөөний үнийг дийлэхгүй гэх шалтгаанаар подвальд амьдарч байна. Подваль өрөөнийхөө талбайн хэмжээнээс хамаарч сарын 50-150 мянгын  хооронд хэлбэлзэнэ. Подваль хөлсөлдөг оюутнууд 120 мянгат, хүүхдийн 100, Үйлдвэр коминат, Урт цагаан, Шар хад, 100 айл, Их дэлгүүрээр ихэвчлэн амьдардаг юм байна.  Олон оюутныг байраар хангаагүйн улмаас ийм орчинд амьдарч байгаа ч МУБИС-ыг онцлон сурвалжилсан юм.

Тус сургуульд хөдөө орон нутгаас ирж буй нийт 5900 орчим  оюутан байдаг ажээ. Үүнээс 1400 нь дотуур байранд амьдардаг. Харин 4500 нь зайлшгүй дотуур байранд орох шаардлагатай оюутны тоо юм. Тус сургуулийн подвальд амьдардаг оюутны гэрийг нь зорилоо. Тэднийх Хүүхдийн 100-гийн 10–р байрны гуравдугаар орцонд байдаг аж. Оронгуут гурван том цоожоор цоожилсон хаалганууд.   Гэрт нь ороход харанхуй байсан болохоор гэрлээ асаав. Өрөө нь хааш хаашаа таван том алхам, өрөөнөөс маш их чийгний үнэр үнэртэж байв. Подвалын жижигхэн энэ өрөөнд гурвуулаа амьдардаг. Тэд өөр өөрсдийнхөө авчирсан юмаар гэрээ хөөрхөн тохицуулжээ. Цементен шалан дээр хулдаас дэвсэж, ор багтахгүй учир гудас хөнжлөө нэг буландаа хураажээ. Оюутны дотуур байр шиг аяга, таваг, тогоо, хичээлийн тавиур, хувцасны жижиг шүүгээ гээд байдаг л зүйлийг тавиад тэдний өрөө нь бөгс эргэх зайгүй болжээ. Хичээл хийх ширээ сандал, оргүй болохоор цаанаа л нэг тав тухгүй муутай харагдана. Нэг орцны подвальд өрөөний хэмжээнээс шалтгаалаад 2-5 айл, нэг өрөөнд 2-5 оюутан байдаг юм байна. Мөн хажуу талын өрөөнүүдэд оёдол, үсчин, гутал засвар үйл ажиллагаа явуулдаг болохоор олон хүн холхиж дуу чимээ ихтэй учир хичээл хийх урамгүй гэнэ.

Оюутан Ундрал “Одоо ч яахав дулаан болохоор гайгүй байна. Хүйтэнд ч хэцүү дээ. Чийг улам их болон угаасан хувцас мөд хатахгүй. Цонхоор өвлийн улиралд байгалийн гэрэл харна гэдэг өдрийн од шиг ховор. Гэрэл асаасан ч юм сүмийж харагдана. За тэгээд энэ халуун усны шугамнаас чинь хамаарч өрөө хүйтэн халуун болно доо. Бид гурав ч азтай хотын төвд подваль олоод авсан. Цаана чинь подваль олдохгүй хаданд гараад байгаа. Уг нь сар бүр оюутнуудад өгдөг 70 мянган төгрөгөөр оюутны байраа нэмэгдүүлвэл дээрсэн” гэцгээж байв. Байрны мөнгө гэж сарын 120 мянган төгрөг сар сардаа авдаг болохоор подваль амьдрах амар гэж ярьцгаалаа. Энэ их чийгнээс болж цаагуураа бие эрхтэнээрээ яаж хохирч байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Энэ мэтчилэн оюутнууд эрдэм ном сурахаас илүү, бие эрхтэнээ өвчлүүлж байгаа нь харамсалтай.

Их дээд сургуулийн удирдлагууд “Сургуулийн төлбөрөө нэммээр байна” гэж орилохоос биш “Оюутны дотуур байрны тоог нэмэгдүүлье” гэх нь үгүй. Дотуур байрандаа багтаж чадаагүй оюутнууд харанхуй татсан, чийг үнэртсэн подваль, гэр хороолол, айлын хажуу өрөө, нийтийн байр гээд хаана л амьдарч болох газруудад толгой хоргодож байна.

Б.НАМУУНХУР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж