Владивостокийн саммит: Мөнгө их ч нөлөө бага

Хуучирсан мэдээ: 2012.09.10-нд нийтлэгдсэн

Владивостокийн саммит: Мөнгө их ч нөлөө бага

Алс Дорнодын Владивосток хотноо өнгөрсөн баасан гаригт Ази,Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АНДОЭЗХАБ) саммит эхэллээ. Түүнийг зохион байгуулахад Орос хэдэн тэрбум доллар зарцуулжээ. Тийм их зарлага нь ирээдүйн түншүүддээ сэтгэгдэл төрүүлэх гэсэн оролдлого гэж шинжээчид дүгнэж байна. Гэтэл тус улсын энэ бүс нутагт эзлэх байр суурь ихэнх талаар харамсал төрүүлэм өчүүхэн байна.

Москва үнэ хайрласангүй

ОХУ-ын Тооллогын танхимын мэдээгээр, энэ саммитийн барилга байгууламжийг босгоход Москва 2008-2012 онуудад нийтдээ 679,3 тэрбум рубль (20 гаруй тэрбум ам.доллар) зарцуулжээ. Европын хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг нутагтаа зохион байгуулахдаа Украин үүнээс гурав дахин бага мөнгө зарцуулжээ. Оросын тэр хөрөнгө оруулалтыг нэгдүгээр ээлжинд зам, гүүр, боомт, буудал, хуралдааны танхим зэрэг дэд бүтцэд зориулсан байна. Хамгийн том хөтөлбөр нь нэг тэрбум ам.доллараар боссон “Русский” нэртэй гүүр болж байна.

Владивостокийн усан боомт

“Улс орон бүс нутагт байр суурь султай учраас анхаарал татах гол зүйл нь тансаглал боллоо” гэж Москвагийн үйлдвэржилтийн дараах үеийн нийгэмлэгийн судалгааны төвийн тэргүүн Владислав Иноземцев хэлж байна.

Оросын сул тал

Түүний санааг Герман ажиглагчид ч дэмжив. Владивостокийн тэд бүтцийн шинэчлэл чухал ч гэсэн энд нэр төрийн төлөө ажилласныг германчууд тэмдэглэв. “Хотын дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт нь Япон, Хятад, Сингапурын бизнесийн элитэд Орос бол бүс нутгийн улс төр, эдийн засгийн чухал тоглогч гэдгийг харуулах зорилготой” хэмээн Берлины “Шинжлэх ухаан, улс төр” (SWP) сангийн шинжээч Маргарете Кляйн (Margarete Klein) өгүүлэв. Кляйны дүгнэснээр Орос нь эдийн засгаараа АНДОЭЗХАБ-ын хамгийн сулхан гишүүн болж байна.

Орос нь нефть, байгалийн хийн нийлүүлэлтээр сонирхолтой харин дэд бүтэц, шинэлэг технологиор бүсийн орнуудтай өрсөлдөж чадахгүй хэмээн Германы Гадаад бодлогын нийгэмлэгийн шинжээч Штефан Майстер (Stefan Meister) онцолжээ. Москвагийн шинжээч Иноземцев тэмдэглэснээр, хүн ам тархай Алс Дорнодын бүсийн нэг хүнд ноогдох бүтээгдэхүүн тухайлбал Өмнөд Солонгосынхоос хоёр дахин бага байгаа ажээ.

Сибирь ба Алс Дорнодыг аврах нь

Оросын хувьд саммитийн гол зорилго нь тус улс ирээдүйтэй түнш гэдгээ харуулах явдал. Бидэнд одоохондоо АНУ, Хятад хоёрт эсрэгээр тавих зүйл маруухан. Тэдэнд хоёр гүүр, дутуу баригдсан буудлууд ба Сингапур зэрэг орнуудынхаас зорчигч тээврийн эргэлтээр 30 дахин бага нисэх буудал зэрэг нь тэдэнд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлэх нь юу л бол хэмээн “Инвесткафе” гэх бие даасан хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал Иван Кабулаев өгүүлэв. Тэрээр энэ саммитийг Орос Хятад хоёр буюу Орос Дорнын эв нэгдлийг барууны орнуудад харуулахыг чухалчилсан гэж үнэлэв.

Өөр нэг шинжээч  Дмитрий Сусловынхаар бол уг арга хэмжээнд оролцогсодыг Оросын зүүн бүсэд анхаарлыг нь хандуулах явдал гэж үзлээ. “Алс Дорнод, Зүүн Сибирийг хөгжүүлэх, өнөөгийн эдийн засгийн өрөвдөлтэй байдлыг засан залруулах ажлыг өөрийн хүчээр хийх боломжгүй. Ази номхон далайн бүсийн интеграцчилалгүйгээр эдгээр бүсүүдийн хөгжил явахгүй” гэж тэр ярив.

Обамагүй саммит Владимир Путин

Владимир Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгч болсоны дараа зарим тоймчид түүнийг Азийн орнуудтай хамтран ажиллах талаар анхаарлаа хандуулна гэж байсан юм. Үүнийг Путины Бээжинд хийсэн айлчлал харууллаа. Байнга шүүмжилж байдаг барууныхантай биш, Азийн орнуудтай хамтын ажиллагаа явуулах нь Орост амар. “Хятадад улс төрийн системээ оролдолгүйгээр эдийн засгийн шинэчлэл хийж чадсаныг Москва энэ загварын амжилт гэж үздэг гэж Маргарете Кляйн хэлэв.

Владивостокт Оросын ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахгүй. Барак Обама эдгээр хоногуудад Ардчилсан намын их хуралд оролцон албан ёсоор уг намаас ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхээ авч байгаа. “Обама саммитад ирээгүй нь Москвагийн гайхашралыг төрүүлсэн. Үүгээр АНУ нь Оросыг энэ бүсийн чухал түншээр тооцохгүй байгааг харууллаа” гэж Кляйн дүгнэжээ.

“Гар тормозтойгоор Ази руу”

Владивостокийн саммитаас тодорхой үр дүн гарна гэдэгт шинжээчид итгэхгүй байгаа. Орос  орон Ази, Номхон далайн бүсийн орнуудтай няг хамтран ажиллах хүсэлтэй байна гэхэд асуудал байгаа гэж DGAP төвийн шинжээч Штефан Майстер дүгнэв. Түүний үзэж буйгаар Орос нэг талаасаа тийм хүсэлтэй ч нөгөө талаас Азийн орнуудын хөрөнгө оруулалтын их урсгал Оросын Алс  Дорнодыг тусгаарлах эсвэл Азийн орнуудын эдийн засгийн ноёрхолд хүргэнэ гэсэн болгоомжлол байгаа ажээ. Тийм ч учраас энэ удаагийн Оросын хөдөлгөөнийг тэр шинжээч “Гар тормозтойгоор Ази руу” гэж нэрлэжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж