Гадаадын томоохон болон бүс нутгийн компаниуд Монголд хөрөнгө оруулахаас эмээдэг болсныг зарим судлаачид хэлж байна. Энэ нь Монголд бичиг цаасны ажил болон лиценз зөвшөөрөл хөөцөлдөхөд их хугацаа зарцуулдагтай холбоотой аж. “Энэ олон бичиг цаасны ажил танай улсад орж болохуйц их хэмжээний мөнгөн орлогыг цааш нь түлхэж байгаатай ялгаагүй. Бид хэдэн жилийн өмнө яг л танайх шиг байдалтай байсан. Харин бид үүнийг бизнесд оролцох төрийн оролцоог багасгах, иргэддээ илүү хүрч ажиллуулдаг болсоноор засч чадсан” гэж Гүрж улсын Сангийн сайд асан Алексей Алексишвили хэлж байлаа.
Жил болгон дэлхийн банкнаас явуулдаг “Бизнес эрхлэх нь” судалгаагаар Монгол Улс 80-аас хойгуур байрт орсон бөгөөд уул уурхайн баялагтай манайх шиг улсууд 50-иас өмнөх байрт оржээ. Харин бид жил болгон энэхүү үзүүлэлтээр буурсаар байгаа бөгөөд гадны хөрөнгө оруулалт ч тодорхой хэмжээгээр буурсан байна. Үүний гол бурууг хууль, эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчин, эдийн засгийн өсөлт, ажлын байрны хоорондын уялдаа холбоо маш сул байгаатай холбон үзэж байгаа юм. “Уул уурхайгаас орж байгаа энэ их ашгийг бид зөв зарцуулах ёстой. Үүний тулд бизнесийн орчныг эрх чөлөөтэй болгох ёстой” гэж Бона Лекс хуулийн фирмийн өмгөөлөгч Н.Цогт ярьсан юм.
Төрд шургалсан олон бизнесменүүд эдийн засгийн орчинг эрх чөлөөтэй биш, иргэдэд үйлчилдэг биш, гагцхүү өөрсдийнхөө бизнесийг хөгжүүлэхэд ашигладаг зүй тогтолтой ажээ. Үүнийг бидэнд гэрчлэх олон улс орон бий. Энэтхэг улс одоогоос хэдэн жилийн өмнө Засгийн газарт нь шургалсан олон бизнесменийхээ ачаар нийгмийн ангийг баян, ядуу гэсэн хоёр хэсэгт хувааж, төрийн оролцоо бизнест хамгийн их байдаг улс гүрнүүдийн тэргүүн эгнээнд жагсах болжээ.
Монголд ч гэсэн улс төр, бизнес хоёр нэг хөнжилд орсны анхны шинж тэмдэг юу вэ? Эдийн засаг өсч эхэлнэ. Гэхдээ энэ нь түр зуурын л үзэгдэл байх болно. Баялаг хэдхэн хүнийг гарт хуваарилагдана. Халамжийн төрөл бүрийн систем цэцэглэн хөгжинө. Баялаг цөөхөн хэдэн хүний талд төвлөрч байгааг мартуулахын тулд халамжийг баруун, солгойгүй цацдаг ажээ. Бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өснө. Үгсэн тохиролцож үнээ нэмэх үзэгдэл газар авна. Шинж тэмдэг нь илэрсэн, илрэхээр барахгүй хүндэрсэн эсэхийг дүгнэх боломжийг танд үлдээе.
“Халамжийг ингэж тараагаад байх нь үнэхээр буруу. Бид баялгаа эргэлтэд оруулах ёстой. Хэдэн жилийн дараа төсвийг тодорхой хэмжээгээр түнтийлгэх хөшүүрэг болгох хэрэгтэй. Түүнээс биш баруун, солгойгүй цацаад байвал юу болох нь ойлгомжтой биз дээ” гэж Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу ярьж байв.
Өнгөрсөн онд гадаад худалдаа алдагдалтай гарч, инфляцийн хэлбэлзэл таван хувьтай байж, оны төгсгөлд 12,3 хувьтай гарсан, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл гээд бусад төрөлд ажиллагсдын тоо огцом буурч уул уурхайгаас хамаарах болсон зэрэг нь Голланд өвчний шинж тэмдэг нүүрлэсний тод илрэл. Үүнийг гадны болоод Монголын эдийн засагчид баталж байна. Голланд өвчин нь ажлын байр шинээр бий болох явдлыг бууруулж, эдийн засгийн олон талт хөгжлийн сааруулж, улмаар ядуурлыг хурдасгадаг ажээ. “Шинэчлэлийн Засгийн газар үүнийг анхааралдаа авна гэж найдаж байгаа. Эдийн засгийг олон салаа болгож, бизнесийн орчинг шинэчлэх хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлдэг байх хэрэгтэй” гэж Ч.Отгочулуу ярив. Хэдийгээр одоогоос хоёр жилийн өмнө гаднын эрдэмтэд хоёр жилийн хугацаанд бууруулах, сэргийлэх боломж байгааг сануулж байсан ч бидэнд одоо болтол сэргийлэхийн тулд хийх бодлого, хийсэн ажил алга. “Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг сан байгуулж төвлөрүүлэх, томоохон хэмжээний стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөл бүрийн салбарын үйлдвэрийг төрөөс дэмжиж чадвал сэргийлэх том бодлого тэр байх болно. Мөн бизнесийн орчинг сайжруулахын тулд төрийн оролцоог аль болох бууруулах хэрэгтэй” гэж Алексей Алексишвили ярив.
Эрх зүйн зохицуулалтын эрс шинэчлэл нь бизнесийг дэмжих орчинг хэрхэн сайжруулж болдогийн нэгэн тод жишээ бол Гүрж улс юм. Гүрж улс Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг Бизнес хийх таатай боломж тайланд 2006 онд 112 дугаар байр эзэлж байсан бол 2012 онд 16 дугаар байр руу огцом урагшилсан байна. Ингэхийн тулд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, төрийн хүнд сурталыг бууруулахын тулд үүнийг баримтлан ажиллах тусгай холбоог байгуулсан төдийгүй лиценз, зөвшөөрөл олгох асуудлыг иргэдэд ойртуулж, дээд тал нь хоёр хоногт багтаан олгодог болжээ. Одоо тэд дотоодын хөрөнгө оруулалтаараа зүүн Европын орнууд дундаа дээгүүр байрт бичигдэж байна.
Өнгөрөгч баасан гаригт болсон хэлэлцүүлгээр бизнесийн орчинг өөрчлөх уулзалт өндөрлөхгүй аж. Ирэх 13-ны дөөр Монголын бизнесийн зөвлөл, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын олон улсын худалдааны агентлагын бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр дугуй ширээний ярилцлага зохион байгуулах бөгөөд гарсан зөвлөмжүүдийг шинэчлэлийн Засгийн газарт өргөн барих ажээ. Дараа нь мэдээж тэр зөвлөмжүүд төрийн бодлогод хэрхэн тусахыг бид хүлээх хэрэгтэй болох нь.