П.Цагаан “Чингис хаан 2012″ жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээний нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

П.Цагаан “Чингис хаан 2012″ жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээний нээлтэд оролцов

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “ЧИНГИС ХААН 2012″ жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээний нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “ЧИНГИС ХААН” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ.

Дэлхийн цомын тэмцээнийг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ. Тэрээр “Хүн төрөлхтөн даяаршлын эрин зуунд шилжиж байна. Даяаршилд хамгийн эрт шилжиж, мөн дэлхийчлэлийг хөтлөн магнайлж буй салбар нь спорт юм. Дэлхийн улс орнууд эв нэгдлээр нөхөрлөх, энх тайвныг улам бэхжүүлэх, бие биедээ ойртон дотносох шударга өрсөлдөөний талбар бол биеийн тамир, спортын ертөнц юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч их спортыг төрийн дэмжлэг туслалцаатайгаар хөгжүүлэхийн төлөө зорьж явдаг. Манай улсын тамирчид олимп, дэлхийн дэвжээнд өөрийн хүч хөдөлмөр, зүтгэл авъяасаараа амжилт гаргах бүрд бид бахархаж байдаг.

Харин өдгөө Монгол Улсад амжилттай зохиогдож буй Эзэн Чингис хаанаар маань овоглосон энэхүү тэмцээн жил ирэх бүр өргөжин тэлж, олон орны тамирчдын шударга өрсөлдөөний нэр хүндтэй талбар болж буйд бид чин сэтгэлээсээ баяртай байна.

Энэ жил Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жилийн түүхэн ой тохиож байна. Чингис хааны дэлхийн дэг журам тогтоосон алсын хараа нь улс түмнүүдийн эв нэгдэл, шударга өрсөлдөөнд суурилсан байдаг.

Тийнхүү дэлхийн түүхийн нэгэн их хүмүүн, монгол туургатны сод удирдагч Чингис хааны нэрэмжит Дэлхийн цомын наадмыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгож Монголын спорт сонирхогчдод жүдо бөхийн гайхамшгийг эх орондоо үзэх онцгой завшаан олгосон Олон Улсын Жүдо Бөхийн Холбоонд болон тус тэмцээнийг дэлхийн жишигт хүргэн зохион байгуулах нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн Зохион байгуулах хороо, Монголын Жүдо Бөхийн Холбооны нийт хамт олонд талархал илэрхийлье.

Энэхүү тэмцээнд оролцогч нийт тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, тэмцээний зохион байгуулалтанд амжилт хүсье” хэмээсэн юм.

Чингис хааны дэлхийн цомын наадам нь баг тамирчдын хувьд олимпийн наадмын эрхийн 100, 60, 40 оноо авахаас гадна, амжилтаа бататгах, өрсөлдөгчөө судлах, дэлхийн чансааны шилдэг тамирчдын барилдааныг эх орондоо үзэх зэрэг ач холбогдолтой.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ, Чех, Итали, Словян, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонгконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур зэрэг  20 орны баг тамирчид, албаны хүмүүс оролцож байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж