“Хоёр ертөнцийн буудал” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

“Хоёр ертөнцийн буудал” өнөөдөр нээлтээ хийнэ

“ТВ Коктейль” хамтлагийнхан өнөөдөр анхны драмын жүжгээ өлгийдөн авах гэж байна. Тэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 19.00 цагт “Хоёр ертөнцийн буудал” жүжгийнхээ нээлтийг хийх юм. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг жүжигт тэдний хамт хошин урлагийн акулуудын нэг жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, дэлгэцийн бүтээлээрээ олны танил болсон жүжигчин Б.Навчаа нар тоглож байгаа юм. “ТВ Коктейль” хамтлагийн анхны жүжгээс үзэгчид “Нээрээ би яаж амьдарч байна. Яаж амьдрах ёстой вэ. Би хэн билээ” гээд олон олон ухаарлыг олох нь ээ.

“Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан авьяаслаг уран бүтээлч Б.Сэнгэдоржийн найруулсан уг жүжигт тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр нар тоглож байгаа юм.

“ТВ коктейль” хамтлаг өөрсдийн уран бүтээлийн стиль имижийг эрс өөрчилж энэхүү жүжгийг тоглох болсон нь нийгмийн сэтгэлзүйд өөрсдийн оролцоог нэмэрлэж буй хэрэг аж. Тэр ч утгаараа сонгодог жүжиг анх тавьж байгаа “ТВ коктейль”-чид классик орчныг бүрдүүлэхээр УДЭТ-ын алтан тайзыг сонгосон гэнэ. “Хоёр ертөнцийн буудал” сонгодог жүжиг энэ сарын 18 хүртэл үзэгчдийн хүртээл болох тул та яараарай.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж