Английн дуучин, Сэр Пол МакКартни хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Францын дээд шагнал, Легионы одонгоор шагнуулжээ. “Битлз” хамтлагийн гишүүн асан Сэр Пол МакКартнид Легионы одонг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Элисейн ордонд гардуулж өгсөн байна. Өчигдөр буюу бямба гаригт болсон энэ үйл явдалд Холливудын жүжигчин Клинт Ийствүүд, Барбара Страйзанд, Лиза Миннелли нар уригджээ. Пол МакКартни Легионы одонгоор шагнуулснаа нэр төрийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна. Хөгжмийн ертөнц дэх нэр хүндтэй хөгжмийн зохиолчдын нэг Пол МакКартнид 1997 онд Их Британийн хатан хаан II Элизавета Сэр хэмээх цол олгосон билээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Пол МакКартнид Легионы ордонг гардуулахдаа “Би “Битлз”-ээс “Роллинг Стоунс”-ыг илүүд үздэг” хэмээн хошигножээ. Францын хамгийн нэр хүндтэй шагнал Легионы одонг 1802 онд Наполеон Бонапарт санаачилсан юм байна. Легионы одонг ямар ч мөнгөн шагнал дагалддаггүйгээр барахгүй шагналын эзэн медалиа Францын үнэт эдлэлийн албан ёсны дилерээс худалдан авдаг гэдэг. Өдгөө 70 настай золгож буй Сэр Пол МакКартни Твиттерээр Францын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Ливерпулийн домогт “Битлз” хамтлагийн “Yesterday”, “Hey Jude”, “A Hard Day"s Night” зэрэг дуунууд одоо ч хит дуу хэвээр байгаа бөгөөд 1970 онд хамтлаг тарахад Пол МакКартни соло карьер хөөсөн билээ.
Пол МакКартнийг Легионы одонгоор шагнав
Н.ЭНХ