Төслийн хэрэгжилтийн хүрээнд багш бэлтгэх сургууль МУБИС дээр зохих тоног төхөөрөмж бүхий мэргэжлийн студи байгуулснаар хөдөөгийн багш нар өөрсдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн дижитал сургалтын материалаар хангагдах боломж бүрдэх юм байна. Мэдээлэл харилцааны технологийг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр хөдөөгийн багш нар дэвшилтэд технологийг сургалтдаа ашиглах боломжоор хангагдах, мөн МХТ-ийг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад нэвтрүүлснээр цаг хугацаа, зардал хөрөнгө хэмнэсэн чанартай тогтвортой сургалтын боломжоор хангагдах юм.
Хөдөөгийн бага ангийн багш нарын мэдлэг боловсруулах зорилгоор мэдээллийн харилцааны технологийг ашиглах, улмаар орон нутгийн дижитал сургалтын материал боловсруулан сургалтандаа ашиглах ур чадварыг эзэмшүүлэх зорилготой уг төслийн нээлт 2012 оны есдүгээр сарын 9-ний өдөр боллоо.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэхүү төсөл нь бүхэлдээ багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бага боловсролын сургалтыг сурагчдад сонирхолтой, чанартай, үр дүнтэй болгоход чиглэгдэж байна. Шинэчлэлийн Засгийн газраас “Зөв монгол хүн” боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Бид хүүхэд бүрээ хүндэтгэн хайрладаг, хүүхэд бүрийн төлөө санаа тавьдаг, хүүхэд бүртэй ажилладаг, хүүхэд бүрийг нээж, тэдний авьяас, сонирхлыг нь хөгжүүлдэг, хүүхэд бүрийг хүн болгодог, хүүхэд бүрийг ажил амьдралд нь хөтөлдөг “Хүүхдэд ээлтэй иргэний, чанартай боловсрол”-ыг бий болгохыг зорьж байна гэлээ.