
Дэлхийг тойрон дөрвөн жил, зургаан сар, арван хоёр хоног аялаад ирсэн
Амай өнөөдөр 13.00 цагт Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд хос морь
хөлөглөн, монгол хувцсаараа гоён, төрийн далбаагаа намируулсаар орж
ирлээ. Монголын нэрийг дэлхийн 69 оронд гаргаад ирсэн тэрбээр өнөөдөр дэлхийд монгол залуу ямар зоригтой, тэсвэр хатуужилтайг үзүүлж чадлаа.
Дэлхийг тойрон аялагч Амайг гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон нь болон элэг нэгт монголчууд нь төв талбай дээр угтан авсан юм. Талбай дээр түүнд зориулан зассан уулзалтын индэр дээр “Эх орон” телевизийн захирал, улсын их хурлын гишүүн Кёкүшюзан Б.Батбаяр алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтан авч, Монголын нэрийг дэлхийд гаргаад ирсэн Амайгаар бахархсан сэтгэгдлээ хуваалцлаа.
Жамбалсүрэнгийн Золбаяр буюу орчин үеийн хөгжмийн урсгалд Амай нэрээрээ гарч ирсэн тэрээр 2005 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатараас дэлхийг тойрох төлөвлөгөө боловсруулж зориглон гарсан юм. Энэ төлөвлөгөө нь түүний арван таван жил хүсч мөрөөдөж байсан зүйлийн эцсийн шийдвэр байжээ. 26 настай залууг дэлхийг тойрон аялахаар зорьж гарахад “Манай орны хөгжил хаана явна?”, “Юунаас шалтгаалаад хөгжил муу байна вэ?”, “Хөгжлийн түлхүүр юу юм бэ?”, “Яаж энэ хөгжилтэй орнууд хөгжсөн юм бэ?” гэсэн олон, олон асуулт нөлөөлжээ. Тэрбээр энэ бүх асуултынхаа хариултыг олох гэж зорьсон байна. Амай анхандаа 25 орноор хоёр жил аялаад эх орондоо ирнэ гэж бодож байсан ч төлөвлөгөө “давуулан биелүүлж”, бүр дөрвөн жил, зургаан сар, арван хоёр өдөр бадарчлаад ирлээ. Хүний амьдралд олон сайхан баярт мөч тохиодог. Тэгвэл энэ өдрийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч Амайг өсөж өндийлгөсөн эмээтэйгээ уулзан нулимс дуслуулан байж үнсүүлсэн тэр агшин байв.
Амай Африкийн шугуй, өлсгөлөн болсон газар, дайн тулаан дунд аялан Монгол гэдэг жижигхэн нэрийг дэлхийн улс орнуудад танилцуулан явахдаа монгол хүн гэдгээрээ бахархаж байсан ажээ. Талбай дээрх уулзалтын дараа түүнийг ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзана гэсэн тул тэрбээр төрийн ордныг зорив. Харин маргааш Амайг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзахаар болжээ.
Г.Даша