Мьянмар хөрөнгө оруулалтын хууль батлав

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

Мьянмар хөрөнгө оруулалтын хууль батлав

Азийн хамгийн ядуу буурай орны нэг Мьянмарын парламент өнгөрсөн баасан гаригт гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан байна. Уг хууль нь тус улсын Засгийн газарт эдийн засгаа хөл дээр нь босгоно гэсэн амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд амин чухал билээ. Мьянмарын хууль тогтоогчид гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээхээс эмээж, хөрөнгө оруулалтын эхний төслөөс хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг хасчээ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь тус улсын парламентын яаралтай хэлэлцэх асуудлын нэг байсан юм. Уг хуулийн эхний төсөлд эхний хөрөнгө оруулалтын хэмжээ дор хаяж таван сая ам.доллар байхаар заасныг хассан байна. Эцсийн хувилбараар Мьянмарын хууль тогтоогчид гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших хувийг 50 байхаар хуулинд заажээ. Сүүлийн бараг 50 жил цэргийн хатуу дэглэм тогтоосон Мьянмар улсад хатуу хууль болон гадаадын орнуудаас тавьсан эдийн засгийн хориг эдийн засгийг нь доройтуулсан юм. Өнгөрсөн онд сонгогдсон Ерөнхийлөгч Тейн Сейн улс төр, эдийн засгийн шинэчлэл явуулснаар өрнөдийн орнууд эдийн засгийн хоригоо цуцалж, байгалийн баялаг ихтэй Мьянмарт хөрөнгө оруулах боломж нээгдсэн юм.

Мьянмарын эдийн засгийн гол салбар хөдөө аж ахуй, жижиг үйлдвэрлэл сайн хөгжөөгүй, олборлох үйлдвэр болон байгалийн хийн экспортоос бага хэмжээний ашиг олдог байв. Гэвч өнгөрсөн хавраас Мьянмарын улс төр, эдийн засагт өөрчлөлт шинэчлэл гарсан нь хөрөнгө оруулагчдыг татаж эхэлсэн билээ. Мьянмарын гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулинд гарсан өөр нэг өөрчлөлт нь газрыг эхний ээлжинд 50 жил хүртэл хугацаагаар түрээслэх заалт аж. Харин өмнөх хуулинд газрыг цаад тал нь 35 жилээр түрээслүүлнэ гэж тогтоосон байжээ. Мьянмарт хөрөнгө оруулагчид шинэ хууль дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд давуу эрх олгох вий гэхээс эмээж байсан ч 50 хувь эзэмших эрх олгосонд сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж