ОУХМ О.Янжинлхам хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

ОУХМ О.Янжинлхам хүрэл медаль хүртлээ

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлага спортын IV дэх удаагийн тэмцээн ОХУ-ын Казань хотноо есдүгээр сарын 4-9-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд 30 гаруй орны 500 орчим буудлагын оюутан тамирчид ганцаарчилсан болон багийн төрөлд нийт 102 багц медалийн төлөө онч сорин өрсөлдөж байна.  Манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Энхсайхан ажиллаж байна. Тэмцээний эхний гурван өдөр хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байсан бол өчигдөр ОУХМ О.Янжинлхам хүрэл медаль хүртэж, медалийн тоог нэгээр нэмлээ.

Тэмцээний эхний өдөр (09.05) эмэгтэйчүүдийн 10 метрийн 40 сум буудах хийн урт бууны төрөлд ХУИС-н оюутан, “Грейт Парагон” группийн тамирчин ОУХМ Г.Нандинзаяа түрүүлж, алтан медаль хүртсэн бол багийн төрөлд (ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Я.Заяа) мөн оюутны дэлхийн аварга болсон.

Тэмцээний хоёр дахь өдөр (09.06) эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын (rapid) ганцаарчилсан төрөлд ОУХМ Т.Баярцэцэг хүрэл, багийн төрөлд (ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Т.Гантуул, спортын мастер Д.Энхзул) дахин хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний гурав дахь өдөр (09.07) эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн 3 байрлалаас буудах (3*40=120 сум) дасгалд манай эрэгтэй баг анхны хүрэл медалиа авлаа. Багийн төрөлд ОХУ (3470) түрүүлж, БНСУ (3449) удаалж, Монгол (3419) хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдрийн (09.08) тэмцээнд эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн дасгалд ОУХМ О.Янжинлхам шигшээ наймд шалгарч, улмаар хүрэл медалийн болзол хангалаа. Энэ төрөлд Голландын тамирчин түрүүлж оюутны дэлхийн аварга болсон бол (681.4), Швейцарийн тамирчин мөнгөн медаль хүртэж (678.2), ОУХМ О.Янжинлхам (675.5) удаалсан байна. ОУХМ О.Янжинлхамын хувьд шигшээ наймд 578 оноогоор наймдугаар байраар шалгарсан ч, амжилттай буудсанааар Солонгос, Иран, Австрали зэрэг тамирчдыг ардаа орхин хүрэл медаль хүртжээ.

Дөрвөн өдрийн дараах байдлаар медалийн тоогоор ОХУ (9 алт, 3 мөнгө, 1 хүрэл), БНСУ (4+5+1), Францын (2+5+1) багууд тэргүүлж байна. Манай улсын хувьд хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.

Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж