ОУХМ Б.Жавзмаа хамгийн өндөр амжилтыг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.09-нд нийтлэгдсэн

ОУХМ Б.Жавзмаа хамгийн өндөр амжилтыг үзүүллээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн XIV наадам наймдугаар сарын 29-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөх гэж байна. Энэ удаагийн наадамд Олон улсын паралимпийн хорооны 165 гишүүн орны 4296 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагаас манай улсаас жудо бөх (-60 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Д.Ганбат), байт харваа (Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ), пара буудлага (Ц.Лхамсүрэн), хөнгөн атлетик (Ч.Мөнх-Эрдэнэ) гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцов. Баг тамирчдыг паражүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Базарсүрэн, пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Н.Дариймаа, буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат нар удирдан оролцлоо.

Манай баг тамирчдаас хамгийн өндөр амжилтыг байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа үзүүллээ.  Тэрбээр тэмцээний эхний өдөр (08.30) хувийн урьдчилсан харваанд 524 оноогоор 19 тамирчнаас VIII байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Тайландын тамирчинг 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20), Хятадын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө "Бээжин-2008" паралимпийн аварга, дэлхийн хошой аварга БНСУ-ын тамирчин Ли Хва Сүктэй оноолт таарч 3:7(23:27, 26:26, 24:17, 20:24, 23:25)-аар ялагдсан боловч хүрэл медалийн төлөө Польшийн тамирчинтай учраа тааран 2:6 (23:20, 23:25, 22:24, 26:28)-аар ялагдал хүлээж шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Энэ төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.Оюун-Эрдэнийн хувьд урьдчилсан харваанд  516 оноогоор XI байраар шилдэг 16-д багтаж хасагдах шатны харваанд VI байраар шалгарсан Их Британы тамирчинтай оноолт таарч, 2:6 (23:27, 23:25, 24:20, 23:24)-ийн харьцаагаар ялагдсан.

Жудо бөхийн төрөлд -60кг-д А.Мөнхбат IX байр, -90 кг-д Д.Ганбат VII байр, эмэгтэйчүүдийн P2 ангиллын 10 метрийн хийн гар бууны дасгалд Ц.Лхамсүрэн  XIV байрт, хөнгөн атлетикийн жад шидэлтийн F57/58 ангилалд Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

 Монголын паралимпийн баг тамирчид 2000 онд Австралийн Сидней хотноо зохиогдсон XI наадмаас гараагаа эхэлсэн түүхтэй. 2004 онд Афин хотноо болсон XII наадамд хөнгөн атлетикч Ж.Лхагважав холын зайн уралдаанд шагналт байр эзэлсэн бол “Бээжин-2008” XIII наадмаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваанд аваргалж, анхны медалийг авчирсан байна.

"Лондон-2012" паралимпийн XIV наадмын сүүлийн тэмцээнүүд өнөөдөр болж, хаалтын үйл ажиллагаа болно. 

11 өдрийн дараах байдлаар 74 улс ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Хятад, ОХУ, Их Британи улсууд медалийнхаа тоогоор тэргүүлж байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж