Дуучин Lady Gaga-гийн шуугиан тарьсан махан даашинзыг Вашингтон ДС хотын Урлагийн үндэсний музейд тавихаар болжээ. 2010 онд МТВ хөгжмийн наадамд дуучин Lady Gaga өмсч очсон түүхий махаар хийсэн даашинзыг Америкийн түүхийн хамгийн алдар, цуутай хүүхнүүдийн эдэлж хэрэглэж байсан 250 эд өлгийн зүйлд тооцож, муж, хотуудын музейд ээлжлэн үзүүлж сонирхуулах юм байна. Онцгой бүсгүйчүүд нэртэй уг үзэсгэлэнгийн тайлбарлагч “Үзэл бодол, дур сонирхол, илэрхийлэл бол улс төр. Энэ үзэсгэлэн эмэгтэйчүүдийн эрх, ижил хүйстнүүдийн тэгш эрх, урлаг, хөгжим гээд олон талбарт бусдыг дагуулж чадсан “Тэргүүн хатагтай” нарыг илэрхийлж байгаа юм. Эмэгтэйчүүд улс төрд хавчигдаж байна гэсэн яриа гарах үед бид тийм биш гэдгийг үүгээр нотлон харуулна” хэмээн ярьжээ. Lady Gaga-гийн алдартай махан даашинзыг музейн үзмэрт тавихын тулд хатааж, тусгайлан хөргөж, хадгалж байжээ. Энэхүү үзэсгэлэнд Америкийн анхны жазз дуучин Билли Холидэй, блюз дуучин Бесси Смит, Ма Рэйни болон кантри хөгжимчин Мэйбелл Картер, 1975 онд жирэмслэлтээс хамгаалах эмэнд зориулж, “Эм” нэртэй дуу дуулж, шуугиан тарьж байсан дуучин Лоретта Линн нарын хэрэглэж байсан зүйлс багтаж байгаа гэнэ.
Lady Gaga-гийн махан даашинз үзэсгэлэнд
Н.ЭНХ